сонин mn

Манайхан Украиныг яриад сүйд. Мэддэг цөөхөн нь дув дуугүй болохоор мэдэхгүй тэнэгүүд нь солиорч өгөх. Монголын геополитикчдийн толгой пивоны ширээний ард л ажилладаг болохоос өөр газар огт хэрэггүй л дээ. Ингээд Украины тухай ч гэх үү дээ, дэлхийн зөрчлийг жаахан ярих гэсэн юм….


Хар далайн ач холбогдол


Дэлхийн геополитикод Хар далай амин чухал ач холбогдолтой юм. Үүнийг газрын зураг хальт харсан ямар ч боловсролтой хүн шууд ойлгоно. Хар далай Газрын Дундад тэнгис рүү гарах орох гарц юм. Бүх дэлхийг холбодог гэсэн үг. Хар далайгаас Гантигийн тэнгис, Эгийн тэнгисээр дамжин тэгээд л Газрын Дундад тэнгис болно. Энд хооронд Ази, Европ, Африкийн бараг бүх улсыг холбож болно. Дэлхийн хамгийн эрчимтэй усан болон хуурай зам.


Би ямар газар зүйн хичээл орж байгаа биш, бусдыг нь өөрснөө харна биз. Хар далайн хойт талд агуу том Орос орон буй. Бас Украин буй. Хуучин нэг улс байсан. Энд Крымын хойг гэж буй. Үгийн утгыг янз бүрээр тайлбарладаг ч би дотроо “хэрэм” гэсэн монгол үг гэж итгэж явдаг. Яагаад гэвэл Крымийг НТ 375 онд манай Хүн улс эзэлж байсан юм.


Крымийн төлөө хүчирхэг болсон улс бүр үхэн хатан дайтдаг байсныг түүх шашдираас амархан мэдэж болно. Яагаад ? Яагаад гэвэл энэхүү Крымийн хойгийг эзэлбэл бүх Европ, Азийн болон хуурай болон далайн худалдааг хянах боломжтой болно. Крымийн хойг нь Хар далайн хойт эргээс урагш сунан тогтсон зүүн талдаа Азовын тэнгис болон Оросын эх газартай холбогдоно. Энд Керчийн хүзүүвч гэх нэгэн чухал газар буй. Оросын амин сүнс юм.


Энэ чухал газрын төлөө Оросын эзэнт гүрэн бараг 300 жилийн турш тасралтгүй дайн хийсэн юм. Оросын гадагш хийсэн болон Орос руу дайрсан бараг бүх дайн энэ чиглэлд болдог байсан. Орос гүрэн Хар далайн өмнөдөд орших Османы эзэнт гүрэн-Турктэй “тоо томшгүй” дайтсан юм. Би тоог нь хэлж мэдэхгүй учраас ингэж байна. Орос ядуу байхдаа ч байлддаг, баян байхдаа ч байлддаг байсныг л харин хэлж чадна. Турк ч гэсэн мөн адил үхэн хатан үзэж тардаг байлаа. Энэ хэрээр Хар далайн хойт эргийн хамгаалалтын хотуудын тоо болон хэмжээ нэмэгдэв. Ухаандаа Одесса, Севастополь, Кронштат, Симфераполь, Новороссийск гэх мэт. Оросууд хамгийн хүчирхэг Хар далайн флотоо энд байгуулсан юм.


Гаднын түрэмгийлэл болгон чухам эндээс эхэлдэг байсан. Ухаандаа 1854-1955 Англи, Франц, Турк, Сардини 4 улс Севастополь руу дайрч бүслэхэд оросууд 300 гаруй хоног хамгаалалт хийж хүмүүн бусын тэвчээр гаргаж байсан юм. Энэ талаар С.Н. Сергеев-Ценскийн “Севастополийн нүргээн” олон боть роман монгол хэлээр хэвлэгдсэн байдаг. Цаашаагаа 1 дүгээр дайн, Иргэний дайн, тэгээд Их орны дайн зэргийг бол ярих юм биш, энд ёстой алалцаж өгсөн юм. Энд би дайн яриагүй Хар далайн Хойт эрэг ямар их ач холбогдолтой тухай ярьж байгааг ойлгосон гэж санаж байна.


Гадаадынхан ч гэсэн хэрэв Оросуудыг нэг мөсөн алъя гэвэл Крымын хойгийн эзэлж тэдний Европ, Ази, Африкт хүрэх замыг таслах ёстой гэдгийг дэндүү сайн ойлгодог юм.


Хохолуудын тухай


Хохол бол яах аргагүй монгол нэр гэж би ойлгодог. Украинууд толгойд дээрээ хөхөл үстэй тэрийгээ хохол гэдэг. Уг нь Орос л байхгүй юу. Яагаад гэвэл энэ хоёр шашин нэг, хэл нэг, соёл нэг.


Манай Бат хаан 1237-1240 онуудад Киевийг эзлээд шатаагаад хов хоосон болгочихсон юм. Ингээд ямар ч ач холбогдолгүй шахам нэг хэсэг байжээ. Тэгээд яваандаа Украинууд нь “цаашаагаа” Литов, Польш, Молдов, Унгарыг дагаж баруун тал руугаа, харин Оросууд нь “наашаагаа” Монгол тал руугаа болж хөгжсөн гэж бүдүүн тоймоор ойлгож болно.


Одоо л “жижигхэн” байгаа болохоос тэр үедээ бол Литов, Польш, Молдов, Унгар чинь “лаг том”, Оросуудыг амар заяаг үзүүлдэггүй дайнч золигнууд байсан юм. Ямар сайндаа Монголын эзэнт гүрний армийн хүчээр тэднийг зогсоож хөөж явуулж байхав. Энэ Европынхон чинь тийм ч “энх тайванч” хүмүүс ерөөсөө биш л дээ…
Түүхийн олон нугачаан дунд 1648-1654 онд Богдан Хмельницкий гэгч нэг атаман Польшийн эсрэг бослого гаргаж, Оросын хаант улсын харъяат болжээ. Үүнээс болж Орос Польш хоёр байлдав. Ингэж байж Орос Украин хоёр дахин нэгджээ. Гэхдээ энэ хооронд манай Алтан Ордны улс задрахад үүссэн Крымийн хант улс, Казанийн хант улсууд түүхэнд ихээхэн үүрэг гүйцэтгэж одоо Крымд нэлээд нөлөө бүхий диаспор үүсгээд байгаа юм. Тэдний хүний тоо ч цөөн биш.


Ингээд баруун талдаа Европын Холбоо, зүүн талдаа Орос, өмнөө Турк, Иран гэсэн олон сонголт, тулгалтын өмнө Украин тулж ирэв. Ардчилал зах зээл гэдгийг мөнгө олох гэж ойлгоод тал тал тийшээ их далжигнаад байхаар ийм болдог байна. Гэхдээ Украинд тал талаас нь нөлөөлөх гэсэн хүчирхэг хүчин зүйлүүд гол үүрэг гүйцэтгэсэн нь ямар ч эргэлзээгүй. Украины ардчилал украиныг алав.


Дэлхийн эдийн засгийн зовлон


Энд дэлхийн эдийн засгийн тухай ярих хэрэг гарч байна. 2008-2009 оны хямралаас дэлхийн эдийн засаг гарсан гэж албан ёсоор мэдээлсэн ч яг гарсан уу гэхээр яг таг хэлэх хүн энэ дэлхийд байхгүй байгаа юм. Монголоор хэлэх юм бол дэлхийн эдийн засаг үхсэн ч биш, сэхсэн ч биш үлгэн салган байна. Манайхан л юм мэддэггүйгээрээ “хаана зээл өгч байна” гээд тэнэгтээд давхиад байгаа болохоос энэ дэлхий дээр чинь байдал нэн түгшүүртэй байна ш дээ.


Нэг л өчүүхэн юм болбол валютын дайн эхлэх юм уу, хаа нэгтээ дефольт болж тэр нь өргөжин халдварлаж сүйд болох гээд байгаа бололтой. Үүнд Монголоос бусад бүх улсууд бэлтгэж байна. Эдийн засгийн хайр найргүй сөргөлдөөн дэлхийн өнцөг булан бүрт болж байна. Түүнийг нэг нь Украин. Мөн Монгол ч байж болох юм…
Эдийн засгийн талаасаа бол Украин тийм ч сул дорой улс биш юм. ЗХУ-ын үед Украины байнгын төлөөлөгч НҮБ-д суудаг байсан нь түүний “томын” нотолгоо юм. Эдийн засгийн газар зүй талаасаа Украины ихэнхи “төмрийн завод” болон уурхай, үйлдвэрүүд зүүн буюу орос талдаа байдаг. Дээрээс нь оросын нефть болон хийгээр бүрэн амьдардаг улс юм. Сүүлийн жилүүдэд нутаг дээгүүрээ Европ руу гарсан хийн хоолойг “сааж” амьдарсаар байгаад луйвар хийгээд бүр сурчихаж. Харин одоо ардчилал гэж орилоод байгаа баруун талд “юу ч байхгүй”. Тэгээд Европын холбоо үйлдвэр барьж өгөх болж байна уу ?!


Том үйл явдалд тохиолдол гэж үгүй


Барууны технологичид Оросуудыг Сочид олимп хийгээд завгүй үед нь Украинд хувьсгал хийчихье гэж санасан бололтой. Тэрнээс биш Олимп, хувьсгал хоёр ингэж хачин давхцана гэж байхгүй л дээ. Гэтэл украины “зүрхний хийтэй хогнууд” арай удаачихав. Одоо бол Путингийн гар сулрав…


Украиныг эзэлж ядаад байх юмгүй л дээ. Зүгээр л Хар далайн усан цэргүүд усан онгоцноосоо буугаад хуурай газраар явахад л гүйцэж байгаа юм. Одоо Оросын 150 мянган хуурай замын цэрэг яаралтай маневр хийж байна. Өөдөөс нь Европын Холбоо яахийм ?! Нэг их сүрнээс өөр юм байхгүй НАТО-гоо тавина гэж бодож байна уу ?! Гайгүй байлгүй. Тэдэнд чинь мөнгө байхгүй юм чинь юугаараа байлдах юм ?! Бүх пуужин, бөмбөгөө Хусейн, Каддафи хоёрыг бөмбөгдөөд “дуусгачихсан”…
Үүний дээрээс ёс суртахууны зөвтгөл Оросуудад байгаа юм. Учир нь Крым бол үнэндээ Оросын нутаг юм.

1954 онд ЗХУ гэж байхад Н.С.Хрущев Украинд “бэлэг” болгоод шилжүүлчихсэн юм. Иймээс Украиныг авна гэдэг бол АНУ-аас Техас мужийг, Германаас Бавар мужийг булаан авахтай адил юм. Хятад Оросын талд илт орж Украинаас өрөө нэхэж эхлэв. Турк болгоомжлоод огт хөдлөхгүй байна. Европын холбоо Анжела Меркелийн амыг харахаас цаашгүй болов. АНУ Оросуудыг уурлуулснаа мэдээд цэрэг л битгий оруулаарай гэж сануулах болов.


Оросууд Украин болон Крымийн хойгийг алдсанд орвол өөрсдөө үхэхийг илүүд үзнэ гэдгийг барууныхан мэдэхгүй л байна даа. Энэ бол орос зан юм…
Украин орос хоёр ах дүүс юм. Иймээс Украины арми Оросын армийн эсрэг байлдахгүй. Ардчиллаас болж ах дүү нар алалцдаг юм гэж байхгүй л дээ…


Монголчууд энэ мэт онцлогийг мэдэхгүй хэвтэж эхлээд Сочийн олимпийг муулсан барууны суртал нэвтрүүлгийг дагаж баахан шуурав. Олимпийн өмнө Монгол Улс түүний талаар сайн мэдээлэл бараг цацсангүй. Монголын мэдээллээр дутаад үхчихгүй нь мэдээж боловч хөрш орондоо болж байгаа Олимпийг сайн талаас нь сурталчлах сэтгэлтэй байх хэрэгтэй л дээ.
Ухаандаа Хятадын Си цинпин дарга гэхэд л Олимпийг анхнаас нь дэмжиж Сочид нүүр бардам очих жишээний. Манай Ц.Элбэгдорж ямар нүүрээрээ Сочид очиж байгааг би л лав ойлгоогүй…
Одоо Украины асуудал будлиан болмогц л манай мэдээллийн хэрэгслүүд юу ч мэдэхгүй хэвтэж барууны баахан юмнаас хуулж Украинууд Европын Холбоонд орж ардчилал байгуулах гэсэн чинь оросууд саад болж байна гэж сурталдах жишээний. Гэтэл тэр Европын Холбоо чинь Германаас бусад нь өөрийгөө яая гэж байна…
Яг үнэндээ Украин орныг шинэ хөрөнгөтнүүд нь сүйд хийжээ.
Одоо Украинд хамаг юм холилдоод байна. Их олон хүчин зүйл үйлчилж, их ч олон юм болох нь мэдээж хэрэг, лав л бүтэн жил зовооно байх…


Энд байдал тодорхойгүй олон улсад хүртэл бүрэн дүгнэж чадахгүй байхад Монголд “дүгнэж” давхиад байх юм. Энэ нь юуны шинжийг би харин мэдэхгүй юм.
Хэн нэгэн аль нэг улсад дургүй байж болно, гэхдээ алив асуудалд бодитой (реалист) ханддаг байх ёстой гэж би ойлгодог. Гэтэл монголчууд үгүй юмаа, дандаа хүн дуурайгаад “шаагаад” байж болмооргүй…


Харин миний хувьд Оросууд Украиныг алдана гэж ёстой гонжгор нь гэж баталгаатай хэлж чадна…
Монгол Украин хоёр хол ч гэсэн нийгэм хийгээд хүмүүсийн зан араншин төстэй болохоор ийм явдал Монголд болохыг хэн үгүй гэх юм…


Судлаач Х.Д.Ганхуяг.

 

Эх сурвалж: ganaa.mn блог
 
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn - ээс уншина уу?