sonin.mn
УИХ-ын НББСШУБХ-ны дарга, гишүүд, БШУЯ, МИДСК-ийн Удирдах зөвлөлийн гишүүдэд
 
Мөхөс би энэ жилийн оюутан элсүүлэх ажлыг хараад та бүхэнд улсынхаа дээд боловсролын ээдрээтэй олон асуудлуудын заримаас нь санал бодлоо хүргэхээр шийдсэн бөлгөө. Эрхэм та нарыг авах гээхийн ухаанаар хандах буйза хэмээн өчив. 
 
Нэгэн зүйл. Нэгэн зар дээр “дээд боловсролтой цэвэрлэгч ажилд авна” гэсэн бол нөгөө нэг зар дээр “их сургууль төгссөн худалдагч ажилд авна” хэмээжээ.  Энэ нь манай их, дээд  сургуулийн тоо, суралцагч, төгсөгчдийн тоо хэрээс хэтэрснийг харуулж байна уу? эсвэл худалдагч хийж чадахгүй хэмжээний дунд сургууль төгсөгчид олон байна уу?
 
Мэргэжлийн сургуульд үнэ төлбөргүй сургаж, дээр нь 40 гаруй мянган төгрөгийн тэтгэлэг олгож овоо олон мэргэжилтэй ажилтан бэлтгэж эхэлтэл оюутанд 70,000 төгрөг олгох болсон тул бүгд их, дээд сургууль руу хошуурч эхэллээ. Энэ нь сурах зорилгыг төрүүлэхийн зэрэгцээ зарим хүнд тэтгэлэгээрээ төлбөрөө төлөх, гэр бүлээ тэжээх боломж гэж харагдаж байна. 
 
Нэгэн зүйл. “Эх нь булингартай бол адаг нь булингартай” гэсэн сүрхий үг байх. Дээд боловсролын чанарт дунд (ерөнхий) боловсрол нь их нөлөөлж байна. Энд олон зүйл үл нуршаад ганц жишээ хэлье. Та бүхэн 11-р анги төгссөн хүүхдүүдийн Бүрэн дунд боловсролын үнэмлэхийг аваад үзээрэй.
 
Бараг бүх хичээл нь “А” дүнтэй байх вий. Энэ бол дунд сургуулиуд өөрсдөө сурагчиддаа дүн тавьдаг болсон эрх чөлөөний сүүдэр. Үүнд ямар ч хяналт, хариуцлага алга.
Нэгэн зүйл. Жил бүр 2 удаа наадмаас өмнө улсын хэмжээнд “морьд” уралдана. 11-р анги төгсөгчид Ерөнхий шалгалт өгч нэг уралдана, дараа  нь их, дээд сургуулийн хуваарь сонгох гэж бас уралдана. Дээд тал нь 800 оноо авсан сурагч хүссэн мэргэжлээ сонгоно.
 
Энэ “их сунгаа” баяр хөөр, бас гомдол харууслын нулимстай өндөрлөнө. БШУЯ-ны Боловсролын үнэлгээний төв (БҮТ) Ерөнхий шалгалт авах, дүгнэх ажлыг хариуцдаг бөгөөд ажлын голыг нийслэл, дүүрэг, аймгуудын Боловсролын газрын мэргэжилтэн, дунд сургуулийн багш нар нугалдаг. Нэгэн их сургуулийн багш “Ерөнхий шалгалтанд өндөр оноо авч манай сургуульд элссэн оюутнуудаас яг тэр хичээлээр нь хөнгөхөөн шалгалт авахад 50% гүйцэтгэж чадахгүй хүүхэд байх юм.
 
Тэр лав тийм өндөр оноо авах мэдлэг, чадваргүй гэдэг нь илт” гээд гайхаж байх. Энэ бол гадуур түгсэн БҮТ-ийнхөн Ерөнхий шалгалтын дүнг засдаг (программыг өөрчилдөг) гэсэн яриаг нотлох мэт.     
 
Нэгэн зүйл. Оюутан элсүүлэх, хуваарь хийх ажил их сонин болох юм. Бичиг цаас авч өгөлцсөн, бүртгэл, хураамж болсон, дуу шуугиан ихтэй томоохон “бараан зах” л гэсэн үг. Хөдөө орон нутагт хуваарь сонгуулах ажлыг “МИДСК” ТББ-аас томилогдсон ихэнхдээ хувийн их, дээд сургуулийн багш нар удирдан гүйцэтгэдэг. Төрийн өмчийн их сургуулиуд “том зан гаргаад” хөдөө аймагт төлөөлөгчөө явуулж элсэлтээ авахгүй, харин УБ хотод гол анхаарлаа тавих юм. Орон нутагт хувийн сургуулиудын багш, оюутнууд нийлж байгаад хөдөөний муу сайн сурагчид, эцэг, эхчүүдийг хоргоож өгөх юм.
 
Манай сургууль магадлан итгэмжлэгдсэн л гэнэ, оюутны 70000 төгрөгийн тэтгэлэг олгодог л гэнэ, зээл тусламжинд хамруулна л гэнэ,  2 давхар хичээлийн байртай л гэнэ, хотын төвд байдаг л гэнэ, замын зардал олгодог л гэнэ, 3-4 жил англи хэл үздэг л гэнэ, автобусанд үнэгүй суулгана л гэнэ, гадаадад явуулж өгнө л гэнэ, төлбөрөөс нь хөнгөлнө л гэнэ, оюутны байр олж өгнө л гэнэ...  
 
Хараад байхад уран сайхан ярьж байгаа, том хэмжээтэй хулдаасан материал өлгөсөн нь олон оюутан элсүүлэх янзтай. Ингээд нөгөө том их сургуулийн зарим хуваарь эзэнгүй хоцорч байх юм. Энэ мэргэжил ямар учиртай? ямар хичээлүүд үздэг? ажлын байрны эрэлт ямар? төгсөөд юу хийх? оюутны байранд оруулах болов уу? намар очоод хэнтэй, хэзээ уулзах? сургууль нь яг хаана байдаг? сургалтын төлбөр хэд?
 
Энэ олон чухал асуулт хариултгүй байна төрийн өмчийн их сургуулиудын хувьд. Зарим их, дээд сургуулийн вэб сайт нь ажиллахгүй, эсвэл олон жилийн өмнөх мэдээлэл нь хэвээрээ, англи хэл дээр мэдээлэл байхгүй юм. Ийм дээд боловсролын сургалтын байгууллага байж болох уу.
 
Нэгэн зүйл. Монголчуудын “хамгийн, хамгийн” гэдэг хийрхэл, реклам энд бас давтагдана. Хамгийн шилдэг сургууль, хамгийн олон оюутантай сургууль, хамгийн олон мэргэжилтэй сургууль, хамгийн анхны хувийн сургууль, хамгийн менежменттэй сургууль, хамгийн шилдэг оюутантай сургууль, хамгийн олон гадаад багштай сургууль, хамгийн шилдэг төгсөгчидтэй сургууль.... аль нь үнэн хэлээд байгаа бүү мэд.
 
Уг нь нэг нь л “хамгийн” баймаар. Дэлхийд их сургуулиудын рейтинг тогтоодог аргачлал, олон улсын байгууллага олон бий. Хамгийн зохистой арга, аргачлалыг нь сонгож аваад Монголын их, дээд сургууль, коллежийг 2 жил тутам үнэлж рейтингийг нь тогтоож, олон нийтэд ил тод зарладаг байх ажлыг яагаад хийж болдоггүй юм бол? Чадахгүй, хүсэхгүй, нөлөөнд автах магадлалтай бол гадны экспертүүдээр хийлгэж байя л даа.    
 
Нэгэн зүйл. Оюутан элсүүлэх, хуваарь хийж байгаа байдал, зохион байгуулалт нь аймаг бүрт адилгүй. Нэг аймагт хуваарь дуудах ажил өдөр шөнөгүй үргэлжилж байхад зэргэлдээ аймагт 23.00 цагт дуусгаад өглөө 8 цагт дахин эхлэх жишээтэй.
 
МИДСК-аас аймгуудад очсон дарга нарын зарим нь сургууль бүрийн хуваарийг жигд сайхан танилцуулан зарлаж байхад, нөгөө аймагт очсон дарга, нарийн бичиг нь микрофоноо тас атгачихаад өөрийнхөө ажилладаг хувийн сургуулийг улиг болтол зарлаад бусад сургуулийн тухай зарлахгүй, танилцуулах ёсгүй гээд гүрийгээд суучих юм.  
 
Нэг аймагт бүлэг бүрийг дуустал дуудаж байхад нөгөө аймагт бүлгүүдийг зэрэг дуудна, заримдаа хуваарь сонгох хүүхэд өөр “бүлэг” харж байж мэргэжлээ сонгоно гээд нөгөө ажлыг нь “гацаачих” юм. Ингээд холоос ирсэн, хэд хоног халуун наранд удаан зогсож хөл нь хөшсөн, үүр цайтал нойргүй байсан хүүхэд, эцэг, эхчүүд тэвчээр алдаад дэгсдүүлж хэлэхэд аль тааралдсан сургуульдаа бүртгүүлээд гэрийн зүг талийх. 
 
Нэгэн зүйл. Хуваарь хийхэд “Бүлэг” гэж янз бүрийн хичээлийн нэр, шалгалтын хувь холилдсон толгой эргэм, залхмаар 30-аад тооны жагсаалт байх юм. Түүнд сургуулиуд ижил мэргэжлээр элсэлт авч байгаа атлаа босго оноо нь өөр өөр, шалгалт өгсөн байх шаардлагатай хичээлүүд нь бас өөр байх юм.  
 
Жишээлбэл Цахилгааны инженер мэргэжлээр элсэлт авч байгаа 4 сургууль байлаа гэхэд нэг нь 400 дээш оноотой хүүхэд элсүүлнэ, нөгөө сургууль нь 550 оноо, бас нэг нь 660 оноо авсан байх шаардлага тавьсан байх. Энэ нь манай сургууль “тааруухан” хүүхэд авна, тэр сургууль “гайгүй” хүүхэд элсүүлнэ гэсэн үг үү? 
 
Нэгэн зүйл. Шалгалт өгсөн байх шаардлагатай хичээлийн хувьд гэхэд нэг сургууль Математикаар 100% шалгалт өгсөн байхыг шаардаж байхад, нөгөө нь Математик 50%, Физик 50%, бас нэг сургууль нь Математик 70%, Физик 30%,  дөрөв дэх нь Физик 70%, Математик 30% гэх жишээтэй. Үүнийг юу гэж ойлгох вэ? Сургууль бүрийн онцлог гэх үү, хүүхдүүдийг эв найртай хуваан элсүүлэх арга мэх гэх үү?
 
Нэг шинжлэх ухаанаар мэргэшүүлэх гэж байж ийм олон янзын босго оноо, шалгалтын өөр өөр төрөл зохиож толгой эргүүлж таарах уу? Нэг адил босго тавьж, шалгалтын ижил хувь хэмжээ тавих нь хэн хэндээ амар, шударга, ойлгомжтой бус уу? Харин авсан онооны эрэмбээрээ хүүхдүүд сургуулиа сонгоно биз. Ирэх жил аль нэг сургууль нь Монгол хэл 50%, Биеийн тамир 50% шалгалт өгсөн бол инженер мэргэжлээр элсүүлнэ гээд зогсож байхад хориглох, зохицуулах зүйл бараг алга. Энэ замбараагүй байдлыг цэгцлэх цаг нь болжээ. 
 
Нэгэн зүйл. Элсэлтийн хамгийн инээдтэй бөгөөд эмгэнэлтэй нь зарим аймагт дунд сургууль төгссөн сурагчдын тооноос нь олон хуваарь очсон байх юм. Бараг бүх хүүхэд их, дээд сургуульд ороод цаана нь хуваариуд үлдчихээд ийм хуваарь байна, тийм сургуульд элсээрэй гээд царай алдаад, зарлана. Босго оноо 400 гэсэн мөртлөө 320 оноотой хүүхдийг дээд сургуульд элсүүлэхийг харлаа.
 
Энэ жилээс МИДСК-ийн гишүүн сургуулиудын хуваарь  программд орсон тул босго оноо хүрээгүй л бол элсэх боломжгүй байв. Энэ бол том дэвшлийн эхлэл, харин МИДСК-ийн гишүүн бус сургуулиуд босго оноо хүрээгүй үлдсэн хүүхдүүдийг “хамаад” авчих юм. Энд төрийн бодлого, төлөвлөлт, зохицуулалт, хяналт гэж байна уу? Зарим хувийн сургуулиуд оюутан элсүүлж өгсөн буюу сурагчаа зуучилсан дунд сургуулийн багшид боломжийн мөнгө төгрөг өгдөг тухай чих дэлслээ. Худлаа байгаасай.         
Нэгэн зүйл. Ажил олгогчид одоо үеийн их, дээд сургууль төгсөгчдийг голох нь аргагүй ажээ. Ярьж хэлж өөрийгөө илэрхийлж чадахгүй, монгол хэлээрээ зөв бичиж чадахгүй, нэг албан тоот төлөвлөж мэдэхгүй дээд боловсролтой хүмүүс манай малчин ахаас бараг ялгаа алга. Ямар сайндаа БШУЯ-аас их, дээд сургуулиудад “Монгол хэлний найруулга зүй” гэдэг хичээл оруулж байхав дээ. Уг нь Монгол хэл гэдэг хичээлийг 10 жилийн турш дунд сургуульд заадаг шүү дээ.
 
Одоо шалгалт гэдэг нь тест гэж сонсогддог болсон, мэдсэн сурснаа ам хэлээрээ эсвэл бичиж шалгуулах хэлбэр бараг үгүй болжээ. Ийм байхад буудаад, хуулаад бөглөөд байхаас яахав. Үнэн мэдсэн эсэхийг нь шалгахдаа яриулж, бичүүлж, бодуулж, хийлгэж үздэг байсан уламжлалт аргыг зөв хэрэглэе? Ямар хичээлийг амаар, ямарыг нь тестээр авдаг байх нь зохистойг тогтоож БШУ-ны сайдын тушаалаар журамлая.  
 
Нэгэн зүйл. Дээд боловсрол эзэмшиж байгаа бол доод тал нь 2 гадаад хэл мэддэг буюу ашиглах чадвартай төгсөх тухай төрийн шийдвэр нь байна. Гэтэл одоо үед төгсөж буй оюутнуудын нэлээд хэсэг нь англи хэл мэдэхгүй төгсөж байна. Ийм оюутантай, ийм сургуультай улс орон яаж дэлхийд өрсөлдөх вэ? Их, дээд сургууль төгссөн л бол заавал англи гэхгүй хэрэглээ өндөртэй аль нэг (орос, хятад, япон, солонгос гэх мэт) гадаад хэлийг дундаас дээш (энгийнээр хэлбэл ядаж 1000-2000 үг мэддэг) төвшинд эзэмшсэн байх шаардлага тавьж их, дээд сургуулиудыг ягштал мөрдүүлэх хэрэгтэй.
 
Үүний тулд гадаад хэлний шалгалтыг хөндөнгөөс, БШУЯ-аас ч юм уу авдаг, эзэмшээгүй бол диплом олгохгүй байх талаар журам гаргая. Ингэхгүй бол англи хэлгүй бакалавр төдийгүй магистр эрхэмүүд “талаар нэг” байна. Энэ бол магадгүй манай дээд боловсролын сургалтын чанарт эргэлт авч ирэх эхлэл болж чадна.               
 
Нэгэн зүйл. Төрийн өмчийн их, дээд сургуулиудын санхүүжилт холион бантан. Оюутнаас сургалтын төлбөр авна, тэгснээ оюутанд тэтгэлэг өгнө, тэтгэлэгээ оюутан төлбөртөө өгнө, төрөөс тогтмол зардлыг санхүүжүүлнэ, гэхдээ цалинг төр мэдэхгүй, төлбөрийн хэмжээг сургууль өөрөө тогтооно, гэхдээ төр заавал оролцох гэнэ, төрийн албан хаагчдын цалин нэмэгдэхэд их, дээд сургуулиудын багш, ажилтны цалинг төрөөс нэмэхгүй буюу олгохгүй.
 
...Би Хүрлээ мөн ч юм шиг, биш юм шиг гэдэг хошин шог адил сургууль нь төрийн ч юм шиг, үгүй ч юм шиг, багш нь төрийн албан хаагч мөн ч юм шиг, биш юм шиг байгаад л байна. Аль ч сургууль зардлаа санхүүжүүлэх шаардлагын эрхээр чанараар биш оюутны тоогоор уралдаж байна, одоохондоо үүнээс өөр зам үгүй. Гэтэл нийгмийн зүгээс дипломтой ажилгүйчүүдийг их, дээд сургуулиуд ихээр ”үйлдвэрлэж” байна гээд шүүмжлээд байдаг. Иймд асуудлыг хурдан, оновчтой, зоригтой өөрчлөх хэрэгтэй. Үүний цаана хүсч хүлээж буй чанарын асуудал нуугдаж байгаа. 
 
Нэгэн зүйл. Төрийн өмчийн их, дээд сургуулиудын захирал, эрдэмтэн багш нар хэлэхдээ сургалтын төлбөрийг чөлөөлөх хэрэгтэй, төлбөр бага учраас зардлын 70-аас дээш хувь нь багш, ажилтны цалинд явж, сургалтын орчинг сайжруулах, материаллаг баазаа бэхжүүлэх санхүүгийн нөөц байдаггүй, оюутны сургалтын төлбөрийг доод тал нь 3-5 мянган ам.доллар болгох шаардлагатай, манайтай ижил түвшний боловсрол олгож буй гадаадын их, дээд сургуулиудын төлбөр дундажаар 6-12 мянган ам.доллар байдаг, энэ асуудал сургалтын чанарт хамгийн их нөлөөлж байна гэх. Үнэхээр санхүүжилт нь чанарт шууд нөлөөлөөд байгаа нь үнэн бол сургалтын төлбөрийг одоогийнхоос 3-4 дахин нэмье. Сургалтын чанар, төгсөгчдийн ажил эрхлэлтийг нь шууд хяналтанд авъя. Шаардлага хангахгүй (сургаж чадаагүй) бол сургуульд хариуцлага тооцдог болох хэрэгтэй.   
 
Нэгэн зүйл. Боловсролын асуудлаар мэргэшсэн, салбарын шийдвэр гаргахад оролцдог хоёр эрхэм маргаж байна аа. Нэг нь “Хүмүүс дээд сургуулийн тоо их, чанар муу гэх юм. Манай иргэд бүгд дээд сургуульд сурсан ч яадаг юм. Одоо 21-р зуун, мэдлэгийн зуун, ажилгүй гудамжинд гарч, магадгүй хэрэгт төвөгт орж байснаас сар бүр 70000 төг авч, 4 жил юм сурч дээд боловсролтой болох нь зөв шүү дээ.
 
Эрэлт их байгаа учраас их, дээд сургуулиуд оршин тогтнож байна, муу хэлээд л сураад байна шүү дээ тэгэхээр дажгүй байгаа биз дээ” гэхэд нөгөө нь “Үгүй шүү хө, боловсролын тогтолцоо яг пирамид шиг байх ёстой. Дээд боловсрол бол пирамидын оройн хэсэг, оройн хэсэг бага хувь эзэлдэг биз дээ? Ямар ч бодлого, төлөвлөлт, зохицуулалтгүй зөнгөөр нь хаяснаас дээд боловсролын чанар, нэр хүнд газарт унаж байна.
 
Одооны төгсөгчдийн мэдлэг, чадвар ямар байна хар л даа” гэх. Түшмэлүүдийн санал зөрж байна. Нэгдсэн ойлголт алга байна. Төр ийм байна гэсэн үг! Хүн амын тоонд харьцуулсан хамгийн зохистой дээд боловсролтой иргэдийн тоо, хувь хэмжээ гэж олон улсын судалгааны дүн шинжилгээ байдгийг ёс болгож судлаасай.  
 
Нэгэн зүйл. Монгол бичгийг албан бичиг хэрэгт ашиглах талаар Ерөнхийлөгчийн гаргасан зарлигийн дагуу их, дээд сургуулийн дипломыг монгол бичгээр үйлдэж байна. Энэ зөв. Гэхдээ нэг диплом авсан биш кирил, монгол, англи хэлээр 3 диплом, хавсралтууд гээд бөөн цаас, зардал. Дээр нь диплом дээр гарын үсэг зурж өөрийгөө “мөнхжүүлэх” дэмийрэл хэрэгжиж байна. Нэг диплом дээр 4-6 албан тушаалтан гарын үсэг зурсан байх юм.
 
Удирдах зөвлөлийн дарга, Их сургуулийн захирал, Бүрэлдэхүүн сургуулийн захирал, Төгсөлтийн комиссын дарга, Сургалтын албаны эрхлэгч гээд. Олон дарга, захирал гарын үсэг зурснаар олон улсад хүлээн зөвшөөрдөг бол нэмээд сайдын, ерөнхийлөгчийн гарын үсгийг нэг мөсөн нэмэе. Ямар их цаг, зав, зардал, чирэгдэл вэ. Урьд нь 2-3 гарын үсэгтэй болоод л байлаа.   
 
Нэгэн зүйл. Монголын ирээдүйг боловсролын үйлчилгээний чанар шууд тодорхойлох буй за. Иймийн учир энэ асуудалд салбар хариуцсан сайд, дарга, түшмэл, захирал, эрдэмтэн багш нар, хүн бүр чин сэтгэлээсээ хандах учиртай. 
 
 
A.Тунамал
 
atunamal@gmail.com