sonin.mn
Монголчууд уг нь төмс хүнсний ногоогоо тарьж, дотоодоо хангах бүрэн боломжтой. Гэвч хятадаас өдөрт 6-7 вагон төмс, хүнсний ногоо орж ирдэг баримт байдаг байна. Гэтэл манай тариаланчид ногоогоо зах зээлд гаргаж чадахгүй байсаар хаях тохиолдол хүртэл гардаг аж.
 
Энэ байдлаас хэрхэн гарах ёстой вэ. Бид төмс, хүнсний ногоогоо импортлохоо болиод дотоодоосоо хангаад байвал гадагшаа гарч байгаа их мөнгө дотооддоо үлдэж, эргэлтэнд орж чадах юм биш үү. Үүнийг хэрхэн зохицуулах ёстой вэ.
 
Монголын хүнс, хөдөө аж ахуйн үндэсний ассоциацын ерөнхийлөгч Р.Мөнхбат МУ төмс, хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ хангах боломжийн талаар ийнхүү ярьжээ. Тэрээр “Өдөрт 6-7 вагон төмс хүнсний ногоо урд хөршөөс орж ирдэг гэсэн баримт бий.
 
Харин монгол төмс илүүдээд зоориндоо соёолоод л байж байна. Саяхан би Дархан Уул аймагт очиж ажилласан. Тэгэхэд нэг ногоочны зооринд орж үзлээ. Тэнд 30 тонн төмс соёолоод гахай ч идэхийн аргагүй болчихсон байх жишээтэй.
 
Гэтэл тэндхийн тариаланчид 100 тонн төмс хаях бол энүүхэнд байна гэж ярьж байсан. Ийм эмгэнэлтэй дүр зураг амьдрал дээр байна. Үүний шалтгаан нь тээвэрлэлтийн зардал, хадгалах зоорь. Хүн бүр хот руу ороод ногоогоо зараад байх боломжгүй.
 
Хэрэв өвлийн хүлэмжтэй байсан бол өвөлжин ногоогоо зориулалтын зооринд хадгална. Мөн тэндээс нь худалдаачид бөөндөж авах боломж бүрдэнэ. Иймээс өвлийн зоорь нэн тэргүүнд барих хэрэгтэй байна. Төрөөс мөнгө гаргаад хяналт сайн тавиад ажиллавал бүх аймагт өвлийн хүлэмж барих боломж бий” хэмээжээ.
 
Тэгэхээр бид урд хөршөөсөө вагон вагоноор төмс зөөхийнхөө оронд зооринд муудаж байгаа төмсөө зах зээлдээ гаргаж ирвэл зүгээрсэн дээ.
 
Н.Батаа
 
Эх сурвалж: "new.mn"