sonin.mn
Мэдээж энэ асуулт ч логикийн хувьд бас л буруу. Учир нь АТГ-ыг одоо Х.Энхжаргал гэдэг хүн тэргүүлж байгаа. Түүний бүрэн эрхийн хугацаа зургаан жил бөгөөд энэ хугацаанд өөрөө өргөдлөө өгөхгүй бол, эсвэл түүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь нотлох баримттайгаар баривчлахгүй бол, эсвэл бүр шүүх түүний гэм бурууг нотолж, хуулийн хариуцлага хүлээлгээгүй цагт Х.Энхжаргал гэдэг хүнийг хэн ч энэ сууринаас нь хөдөлгөж чадахгүй. Хуулийн хувьд тийм. Тиймээс Ерөнхийлөгч энэ нөхрийг албан тушаалаас нь зайлуулахын тулд ядаж л өөрөөр нь өргөдлийг нь өгүүлэх ёстой болж байна.
(Өмнөх Ерөнхийлөгчийн үед АТГ-ын даргаар Н.Ганболд гэдэг хүнийг томилоод дөрвөн жил зургаан сарын дараа “өөрийн хүсэлтээр" өргөдлийг нь өгүүлж, оронд нь Б.Хурц гэдэг хүнийг томилж байлаа) Ингэсний дараа харин АТГ-ыг хэн удирдах вэ гэж ярьж болох юм.
Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулга энэ бүх процедурыг алгасаад АТГ-ын даргад хэнийг нэр дэвшүүлэх тухай гэдэг санал асуулгыг албан ёсны вэб хуудсаараа дамжуулан явуулж эхэлсэн билээ. Санал асуулгын хугацаа өчигдөр дууссан. Өөрөөр хэлбэл. АТГ-ын даргад нэр дэвшүүлэх этгээдийн нэр өнөөдөр олон нийтэд ил болох ёстой Харин энэ хооронд (Ерөнхийлөгчийн санал асуулга эхэлсний дараа) АТГ-ын сайтад нэгэн “ноцтой” гэхээр мэдэгдэл тавигдсан.
АТГ-ын даргыг огцруулахыг завдсан Ерөнхийлөгчийн алхам улс орон даяар авлигын эсрэг явуулж буй хүчин чармайлтыг нурааж, тус улсын хамгийн дээд түвшний хяналтын эсрэг заналхийлж буй бодит аюул юм гээд энэ үйлдлээ зогсоохыг олон улсын “Транспэрэнси Интернэшнл’’ байгууллага Монгол Улсын Ерөнхийлөгчөөс шаардсан байв.
Мөн “Монгол Улс авлигын индекст бага оноо авсан нь үндэсний хэмжээнд авлигын эсрэг хүчин чармайлтыг сулруулах биш нэмэгдүүлэх шаардлагатай байгаагийн илрэл юм. Авлигын төсөөллийн индекс нь Ерөнхийлөгчийн зүгээс авлигын эсрэг үндэсний, бие даасан байгууллагуудын эрх мэдлийг хасахад ашиглах хэрэгсэл болох учиргүй” гэж гээд АТГ-ын дарга нь зургаан жилийн хугацаатай томилогддог. 2007 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш АТГ-ын удирдлагыг гурван удаа сольсон, нэг ч дарга бүрэн эрхийн хугацаагаа гүйцээгээгүй гэдгийг сануулсан байна.
Өөрөөр хэлбэл, АТГ-ын даргыг томилгоо, халаа сэлгээ ч гэсэн хуулийн дагуу явагдаж, улс төрийн аливаа шахалт дарамтаас ангид байх ёстой гэсэн үг. Одоогийн АТГ-ын даргын талаар улс төрийн хүрээнд янз бүрийн үзэл хандлага байдаг,  анх томилсон явдал ч гэсэн М.Энхболд, Ц.Элбэгдорж нарын дундын тохироо гэж яригддаг боловч энэ нь түүнийг хугацаанаас нь өмнө чөлөөлөх үндэслэл болж чадахгүй юм. Тэр тусмаа АТГ-ын даргыг чөлөөлөх асуудал УИХ-ын түвшинд тавигдаагүй байхад Ерөнхийлөгч өөрийн санаачилгаар шинэ нэр дэвшигчийн талаар санал асуулга явуулж эхэлсэн нь ч гэсэн хууль зөрчсөн явдал, нэг төрлийн олон нийтийн хүсэл зориг” гэх нэрээр далайлган шахалт, дарамт үзүүлж буй хэлбэр мөн.
Харин үүний оронд Х.Энхжаргалыг албан тушаалаас нь чөлөөлөх үндэслэл бүхий хүсэлтээ УИХ-д оруулж хэлэлцүүлэх нь хууль ёсонд нийцнэ. Тэгээд ч AТГ-ын даргыг томилох, чөлөөлөх асуудлыг УИХ-д оруулж хэлэлцүүлэх, нэр дэвшүүлэх үүрэг нь Ерөнхийлөгчийн хуулиар олгогдсон бүрэн эрх. Энэ эрхээ бусдад шилжүүлэх замаар үүрэг, хариуцлагаа бусдад халдаах ч бас л хууль зөрчсөн явдал болно.
Хэрвээ үнэхээр авлигатай тэмцэх байгууллагын удирдлага иргэдийн хүсэл сонирхол, шударга ёсны шалгуурт нийцсэн байх ёстой гэж үзэж байгаа нь үнэн бол Ерөнхийлөгч өөрөө хуульд заасан шалгуурыг хангасан нэр дэвшигчдийг УИХ дээр оруулж ирээд нээлттэй сонсгол хийх ёстой. Энэ бол хуулиар зөвшөөрөгдсөн зүйл. Энэ мэтчилэн хуулийн дагуу хийх өчнөөн боломж байхад заавал хуулиас гадуур зөрж зүтгэх нь хэнд, ямар ашигтай байх вэ?
Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин саяхан сонинд өгсөн ярилцлагадаа “Хэн нь хаан болох тухай өрсөлдөөн улстөрчдийг зэвсэглэлээр хөөцөлдөхөд хүргэж байна. Улстөрчид шүүх, хуулийн байгууллага руу дайрах нь тэрийг засахаас илүүтэй эзэмших гэсэн оролдлого” гэж хэлсэн. Х.Баттулга Ерөнхийлөгч ч гэсэн АТГ-ын үйл ажиллагааг хуулийн хүрээнд засаж залруулахын оронд өөрийн “эзэмшил" болгох гэж зөрж зүтгэвэл өмнөх Ерөнхийлөгч нараас юугаараа ялгаатай юм. Муур хар, эсвэл цагаан байх нь асуудал биш, хулгана барьдаг байх нь чухал гэж үг бий. Энэ л АТГ-ын даргад тавигдах ёстой ганц шалгуур.
 
Б.Сэмүүн
Эх сурвалж: "Өглөөний сонин"