sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны салбарт ойрын өдрүүдэд өрнөсөн үйл явдлын талаар Гадаад харилцааны яамны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирал Х.Мандахцэцэг өнөөдөр мэдээлэл хийлээ. 
Тэрбээр мэдээллийн эхэнд, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблей дахь “Торгоны замыг дэмжих бүлэг”-ийн бага хуралд оролцсон талаар тодотгов. Бүгд Найрамдах Азербайжан Улсын Баку хотноо болсон энэхүү бага хурал нь анх удаа зохион байгуулагдсанаараа онцлог бөгөөд нийт 22 гишүүн улсын 80 гаруй төлөөлөгч оролцсон байна. Гол зорилго нь Торгоны замын бүс дэх хамтын ажиллагаа, соёлын харилцааг бэхжүүлэхэд парламентын гишүүдийн гүйцэтгэх үүрэг, Торгоны замын бүлэг дэх оролцоогоо тодорхойлоход чиглэгджээ. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар уг бага хурлын үеэр зохион байгуулагдсан Их хуралдаанд үг хэлэхдээ Торгоны замыг сэргээн хөгжүүлэхэд чиглэсэн орчин үеийн санаачилгууд, ялангуяа БНХАУ-ын Бүс ба зам санаачилгыг Монгол Улсын Засгийн газар дэмжиж байгааг илэрхийлсэн юм. 
 
Монгол, Туркийн бизнесийг дэмжих уулзалт, арга хэмжээг энэ онд зохион байгуулна
 
Монгол, Туркийн Засгийн газар хоорондын эдийн засаг, худалдааны хамтарсан хорооны наймдугаар хуралдааныг 2018 оны гуравдугаар сарын 20-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулсан талаар Х.Мандахцэцэг захирал тодотгов. Хамтарсан хорооны хуралдааныг Монголын талаас Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Туркийн талаас Шадар сайд Хакан Чавушолу нар тус тус тэргүүлэн оролцсон юм. Талууд таван жилийн дараа зохион байгуулж байгаа Хамтарсан хорооны энэ удаагийн хуралдаанаар хоёр талын харилцааны асуудлууд, цаашдын хамтын ажиллагааны төлөв байдал, чиглэлийн талаар санал солилцов. Тухайлбал, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим Туркийн Гадаад эдийн засгийн харилцааны зөвлөл, Туркийн экспортлогчдын нийгэмлэг, Туркийн худалдааны танхимуудын холбоотой хөгжүүлж буй хамтын ажиллагааг идэвхжүүлж, бизнесийг дэмжих уулзалт, арга хэмжээг энэ онд зохион байгуулж, цаашид тогтмолжуулахаар тохиров.
 
Монгол, Казахстаны ЗГХК-ын хуралдааны дүнгээр Протокол байгуулжээ
 
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх, хоёр орны худалдаа, эдийн засаг болон бусад салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжих зорилгоор Худалдаа, эдийн засаг, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Казахстаны ЗГХК-ын 7 дугаар хуралдааныг 2018 оны 3 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Казахстан Улсын нийслэл Астана хотноо зохион байгуулав. Монгол, Казахстаны ЗГХК-ын Монголын хэсгийн дарга, ХНХ-ын сайд С.Чинзориг тэргүүтэй төлөөлөгчид хуралдаанд оролцож, худалдаа, эдийн засаг, зам тээвэр, боловсрол, хөдөө аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэж, хуралдааны дүнгээр Протокол байгуулав. Хуралдаанд оролцох үеэрээ ХНХ-ын сайд С.Чинзориг Казахстаны Хөдөлмөр, хүн ам, нийгмийн хамгааллын сайд М.Е.Абылкасымова, Үндэсний эдийн засгийн дэд сайд С.М.Жумангаринтай хоёр талын уулзалт хийсэн ба Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Хөрөнгө Оруулалт, Хөгжлийн сайд Ж.М.Касымбеков болон Самрук казына сан, “Таукен Алтын” алт цэвэршүүлэх үйлдвэрийн удирдлагатай уулзаж, үйл ажиллагаатай нь танилцав.
 
Монгол, БНСУ-ын “Иж бүрэн түншлэлийн харилцаа”–г гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв
 
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны 3 дугаар хуралдаан Улаанбаатар хотноо 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр мөн болсон. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Засгийн газар хоорондын хамтарсан хорооны Монголын хэсгийн дарга Н.Цэрэнбат, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд, хамтарсан хорооны Солонгосын хэсгийн дарга Жо Хен нар хуралдааныг тэргүүлэн оролцов. Хамтарсан хорооны хуралдаанаар хоёр улсын “Иж бүрэн түншлэлийн харилцаа”–г гүнзгийрүүлэн бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, зээл, тусламжийн төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэх асуудлыг хэлэлцсэн. Ялангуяа, БНСУ-ын Засгийн газрын 500 сая ам.долларын зээлээр хэрэгжүүлэх Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах төслүүдийг тодорхойлох ажлын явц, хоёр орны иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөхтэй холбоотой асуудлуудаар санал солилцсон. 
 
Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бараалхана
 
БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяний урилгаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 4 дүгээр сарын 8-12-ны өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийх юм. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны хэлэлцээ хийж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нарт бараалхана. Айлчлалын хүрээнд “Дэлхийн хөгжлийн төлөөх нээлттэй, шинэлэг Ази” сэдвийн дор зохион байгуулах Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтад оролцохоор төлөвлөөд байна. Айлчлалын зорилгыг Монгол, БНХАУ-ын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд түлхэц болон хэмээн харж буйг Х.Мандахцэцэг захирал онцолж байв.  
 
Мэдээллийн дараа Гадаад сурталчилгаа, хамтын ажиллагааны газрын захирал Х.Мандахцэцэг сэтгүүлчдийн асуултад хариулав. 
 
-БНСУ руу визгүй зорчих асуудлаарх яриа хэлэлцээ ямар түвшинд явж байгаа вэ?
 
-Иргэд хоорондын зорчих нөхцлийг хөнгөвчлөх асуудлаар хоёр тал байнга өндөр дээд түвшний айлчлал, арга хэмжээ, бусад хэлбэрээр байнга санал солилцож байгаа. Монголын талаас иргэдийн зорчих нөхцлийг хөнгөвчлөх саналаа бүхий түвшинд тавьж ирсэн. Урт хугацааны, олон удаагийн визийг олгох үйл явцыг хөнгөвчлөх талаар БНСУ-ын тал нэлээд нааштай ярьсан. 
 
-БНСУ-аас олгох 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн зарцуулалтын асуудлаар хоёр орны хамтарсан хорооны хуралдаанаар хэрхэн ярилцсан бэ?
 
-Хамтарсан комиссын хуралдаанаар энэхүү зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг тодорхойлох талаар санал солилцож, мэдээллээ харилцан солилцсон. БНСУ энэхүү төслүүдийг яаравчлах талаар хамтран ажиллахаа илэрхийлсэн. Эксим банкны ажлын хэсэг мөн манай улсад ажилласан. Цаашид уг асуудлаар хоёр орны Сангийн яам ярилцаж, хамтран ажиллана. 
 
-Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн оролцох Бао-гийн чуулга уулзалтын онцлог, ач холбогдлын талаар танилцуулаач?
 
-Бао-гийн чуулган уулзалт нь нэлээд урт хугацааны турш тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа юм. 2001 онд 29 орны санаачилгаар Азийн төлөөх Бао-гийн чуулга уулзалтыг зохион байгуулж байхаар тогтсон. Энэхүү чуулга уулзалт нь Ази болон эрчимтэй хөгжиж буй орнуудын яриа хэлэлцээний гол индэр гэж ойлгож болно. Жил бүрийн хавар зохион байгуулдаг уулзалтын гол зорилго нь Ази болон дэлхийн бусад улс орнуудтай хэрхэн хамтарч ажиллах, эдийн засгийн хамтын ажиллагааг хэрхэн үр дүнтэй, ашигтайгаар хөгжүүлэх талаар онцолж ярилцдаг юм. Энэхүү уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцоно.   
 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: Монцамэ агентлаг