
Машин, техник сонирхдоггүй, төрөл бүрийн машин, галт тэрэг, онгоц зэргээр тоглож өсөөгүй эрэгтэй хүүхэд бараг л байхгүй байх. Гэвч бүстэй хүүхэд бүр том болоод инженер, техникч, механикч болдоггүй. Тэгвэл энэ хөрөг найруулалд өгүүлэх гэж байгаа хүн бага балчир наснаасаа л онгоц сонирхож эхэлсэн аж. Ямар сайндаа л идэж байгаа боорцгоо хүртэл онгоц болгож, нисгэж байна гэж дүрсэлж дуу авиа гаргаж наадаж байх билээ.
Дунд сургуульд ороод анги ахих тусам сонирхол нь улам тодорхой болж, хамгийн дуртай хичээлүүд нь математик, физик, шугам зураг байлаа. Ахлах ангид ороод дунд сургуулиа төгсөх цаг ойртоход тэрээр онгоцтой холбоотой мэргэжилтэй болохоор шийдээд сургуулиа ч сонгосон байлаа.
Тэр үед одооных шиг интернэтэд ороод ямар л бол ямар мэдээлэл авах аргагүй байсан боловч ЗХУ-д нисэхийн инженер бэлтгэдэг дээд зэргийн сургууль байдгийг мэдэж авсан нь профессор Н.Е.Жуковскийн нэрэмжит агаарын цэргийн инженерийн академи байв. Тэр л сургуульд сурна гэж зүтгэсээр 1961 онд элсэж ороод 1967 онд нисдэг болон сансрын аппаратын хөдөлгүүрийн инженер механик гэдэг нэртэй, энэ төрөлд Монголын анхны мэргэжилтэн болсон түүхтэй. Энэ хүнийг Лхагвасүрэнгийн Лхагваа гэдэг. Залуу жанжин Лхагвасүрэн, Төрийн Чойжин лам Лувсанхайдавын өргөмөл охин Дашцэдэн хоёрын ууган хүү.
Дунд сургуульд сурч байхдаа олон янзын сонирхолтой байсны дотор уран зохиол, гэрэл зураг, спортод дуртай болж, дэлхийн сонгодог зохиолуудтай орос орчуулгаар танилцаж, амтанд нь орж шөнө унтахгүй ном уншиж эмээдээ загнуулдаг байжээ.
1950-иад оны дундуур Монголд сагсан бөмбөг эрчимтэй хөгжиж хүүхэд залуучуудын дуртай спортын нэг төрөл болж байсан үед Л.Лхагваа сургуулийнхаа шигшээ багт багтаж улмаар есдүгээр ангид байхдаа харьяалагдаж байсан “Алдар” нийгэмлэгийн багийн бүрэлдэхүүнд социалист орнуудын армиудын сагсан бөмбөгийн тэмцээнд оролцож байсан тамирчин.
Идэр сагсан бөмбөгчид. Баруун гараас хоёрдахь нь Л.Лхагваа. 1950-иад он
“Ахаасаа элдвийн юм мэдэж авдаг байлаа. Уншсан номоо уншуулах дуртай. Ахыгаа дагаж дугуй унаж, сэлж, тэшүүр, цанаар гулгаж, сагсан бөмбөг, шатар тоглож сурсаан би” гэж дүү нь дурсана. “Аав, ээж хоёр ахад янз бүрийн тоглоом авч өгдөг, нэг нь угсардаг утас байсныг санаж байна. Ах тэрнийг угсраад бид хэд гэр дотроо өрөө өрөөнөөсөө утсаар ярьж тоглодог байлаа. Аав, ээж хоёр ахад гэрэл зургийн аппаратыг хальс угаах, буулгах бүх хэрэгслийн хамт бэлэглэж ах хальсаа өөрөө угаагаад, хэвлээд альбомдоо наана. Дүү бид хоёрт зааж өгнө, туслуулна.
Манай сургуульд хөдөлмөрийн хичээл гэж ордог байсан, тэр хичээл дээрээ ах мод сийлж зургийн жааз хийгээд, гэрэл зургуудаа жаазлаад бид нарт бэлэглэдэг байсан. Техникт дуртай болохоороо бараг 13 настайдаа аавын жолооч байсан Улсын арслан Цоодол гуайгаар машин барих, арчлахыг заалгаж сурсан.
Цоодол ах маань маш нямбай, цэвэрч хүн байсан, машин нь дотроо ч, гаднаа ч гялалзаад л. Хожим ах өөрийн машинтай болоод мөн л байнга цэвэрлэж, зарим засварыг ч өөрөө хийдэг болсон. Аливаа юмыг ном, заавраар нь хийж заншсан болохоороо замын хөдөлгөөний дүрмийг ч чанд сахидаг. Дээхнэ үед явган хүнийг зам хөндлөн гарахад жолооч нар тэр болгон зогсож гаргадаггүй байхад ах зогсдог байсан нь миний хувьд аюултай санагддаг байлаа, араас нь явж байгаа машин зогсохгүй, хажуугаар нь гарч яваад хүн дайрчих вий гэж айдаг байсан шүү ...
Москва хотын Гэрлэлтийн ордон. 1964 оны 4-р сарын 30.
Дунд сургуулийн наймдугаар ангид байхдаа Балжиннямын Туул гэдэг охинтой танилцсан нь энэ насныхаа ханьтай учирсан билээ. Дунд сургуулиа төгсөөд хоёулаа Москва хотод оюутан боллоо. Туул нь гадаад хэлний дээд сургуульд франц хэлний орчуулагч мэргэжилд суралцаж хотын төв хэсэгт байдаг оюутны байранд, Лхагваа нь академийнхаа байранд метрогоор арван хэдэн буудал явах зайнд гурван жил амьдарчээ. Найз охиноо франц хэл сурч эхлэхэд Лхагваа өөрийнхөө дуу хураагчид баахан франц дуу бичээд Туулдаа сонсгодог байв. Туулын найзууд бараг бүгдээрээ франц шансоны фэнүүд болсон гэдэг. Залуу хос Москвад хуримаа хийгээд эдүгээ нэгэн жарнаас илүүг хамтдаа даван туулахдаа жаргал, зовлон, баяр, гуниг гээд хүмүүний амьдралд тохиолддог бүхнийг л хуваалцаж нэг нь нөгөөгөө өөрөөсөө илүү таньж мэддэг болсон аж. Л.Лхагвааг академиа төгсөөд нутагтаа ирэхэд нь тэр үеийн хатуу шаардлагын дагуу байлдааны сөнөөгч болон иргэний нисэхийн төрөл бүрийн онгоцны моторчин- техникчээс эхлэн шугамын инженер, шалгах инженер, байцаагч инженер, ерөнхий инженер хүртэл шат дараалан ахиж ажиллаж байхдаа БХЯ-ны мэдлийн боловсон хүчин байлаа. 1979 он хүртэл иргэний агаарын тээвэр БХЯ-ны бүтцэд багтдаг байж.
Нисдэг болон сансрын аппаратын хөдөлгүүрийн шинэхэн инженер механик Л.Лхагваа БНМАУ-ын цэргийн нисэх хүчний сөнөөгч онгоцны эскадрильд ажлын гараагаа эхэлсэн билээ. Л.Лхагваа энэ салбарыг бие даасан болгохын чухлыг онцолж санаачилга гарган БНМАУ-ын Сайд нарын зөвлөлд асуудал оруулан зөвшөөрүүлж чадсан нь ажлаа ч, асуудлаа ч сайн мэддэг, нотолгоог маш нарийн гаргаж чадсаны үр дүн байсан нь эргэлзээгүй. Ингээд иргэний агаарын тээвэр гэдэг улс ардын аж ахуйн нэгэн чухал, бие даасан салбар бий болж Л.Лхагваа БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх ИАТУЕГ-ын (Иргэний агаарын тээвэр удирдах ерөнхий газар) ерөнхий инженер, нэгдүгээр орлогч дарга, дарга болж зүй ёсоор шат дараалан албан тушаал ахиж ажиллахад санаанд нь олон шинэ зорилт, төлөвлөгөө багтаж байлаа. Нисэхийн салбар гэдэг бол нүсэр аж ахуй.
Тэдгээрийн дотор нислэгийнхээ сүлжээг өргөтгөх, үүнийг дагалдан онгоцны тоог нэмэх, боловсон хүчин бэлтгэх, орон нутгийн онгоцны буудал, онгоц хөөрөх буух зурвасыг шинэчлэх, эсвэл шинээр бий болгох... Аливаа ажлыг урьдаас төлөвлөж нямбай ханддаг аавынхаа занг өвөлсөн Л.Лхагваа зорилт, төлөвлөгөөгөө дэс дараатай хэрэгжүүлсэн билээ.
Ийнхүү аймгуудад хатуу хучлагатай зурвасуудыг барьж, аймгийн аэродромуудын талбай дээр мал бэлчихээс сэргийлж хашлагатай болгох, аймаг бүрийн нисэх онгоцны буудлуудыг цаг уурын алба, бага эмчийн салбартай болгох, энэ бүхэнд боловсон хүчин, тоног төхөөрөмжөөр хангах гээд том бага олон асуудлыг шийдвэрлэж чадсан билээ. Бага эмчийн салбар гэснээс, боловсон хүчнийхээ эрүүл мэндийн талаар нэг нэг шинэ дүрэм гаргасан аж. “Нисэгч нарыг нисэхээс нь өмнө эмчийн үзлэг хийхээс гадна жолооны ард суухаасаа өмнө архи уусан эсэхийг шалгадаг болгосон юм” гэж Лхагваа өөрөө ярьж байв.
Л.Лхагваа аав Ж.Лхагвасүрэн, хадам аав Д.Балжинням нарынхаа хамт. Гурвуулаа МАХН-ын Их хуралд төлөөлөгчөөр оролцсон аж. 1981 он.
“Архи хэрэглэсэн нь илэрсэн бол гурав хоног нислэгээс хасах үүрэг өгсөн минь сайн үр дүнтэй болсон. Нисэгч хүн газар дээр байж сууж чаддаггүй юм билээ” гэж байсан нь бас яггүй сэтгэл зүйч ажээ гэмээр. Тэр үед Л.Лхагваа газрын даргын үүрэгт ажлаас гадна давхар МИАТ-ыг удирдах даалгавартай байсан аж.
Агаарын тээврийн компани удирдах гэдэгт маршрут төлөвлөхдөө байгаа онгоцуудаа үр дүнтэй ашиглах, шинээр онгоц худалдаж авах, засвар үйлчилгээ хийх, аюулгүй байдлыг хангах, газрын албыг зохицуулах, сургалт зохион байгуулах, онгоцуудаа стандарт шаардлаганд нийцэж байгаа эсэхийг тогтмол шалгаж, засварлах зэрэг үй олон асуудал багтана.
Л.Лхагваа эдгээрийн дагуу юу хийж, ямар үр дүнд хүрснийг ИНЕГ-ын дарга Г.Даваа ийнхүү дүгнэсэн байдаг: “...нислэгийн цагийн хуваарилалтыг хамгийн үр ашигтайгаар зохион байгуулах, нислэгийн аюулгүй ажиллагааг хангах зорилгоор орон нутгийн бүх нисэх буудлыг чиглүүлэх станцаар тоноглох, Ан-2 онгоцны засварын газрыг өргөтгөх, ...Ховд, Хөвсгөл, Баянхонгор, Өмнөговь аймгийн Нисэх буудлуудыг онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвастай болгох..., тогтмол нислэг үйлддэг сумдын нисэх буудлуудыг хашаа хамгаалалттай болгон нислэгийн аюулгүй байдлыг хангах, нисэх бүрэлдэхүүний эрүүл мэндийг хамгаалах, нислэгийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн нисэх буудлуудыг бага эмчтэй болгох, Увс, Говь-Алтай, Дорнод, Өмнөговь, Баянхонгорын нисэх буудлыг гэрэл дохиоллын системтэй болгосноор шөнийн нислэг хийх боломжтой болгох, өдөрт 16 цаг нислэг үйлддэг болгох зэргээр ажиллаж байсны үр дүнд иргэний нисэхийн салбар 1980-аад он, 1990-ээд оны дундуур хурдацтай хөгжиж, түүний удирдаж байх үе одоо ч Монгол Улсын иргэний агаарын тээврийн хамгийн эрчимжилт өндөртэй он жилүүдэд тооцогддог билээ...” Л.Лхагваагийн нэг онцлог чанар нь юмыг хийсэн шиг хийх, хийхдээ дүрэм зааврын дагуу хийх, үүний тулд байнга мэдлэгээ дээшлүүлэхийг эрмэлздэг хүн аж.
“Аав бид нарт ажлаа ярих дуртай. Би багаасаа л онгоц гэдгийг зөвхөн суугаад ийшээ тийшээ нисээд очих боломж олгодог тээврийн хэрэгсэл биш гэдгийг мэддэг байсан. Онгоц ямар зарчмаар ажилладаг, яагаад заавал хоёр нисэгч жолооддог, нислэгийн инженер яах гэж онгоцонд явдаг гэх мэтчилэнг тайлбарлаж өгнө. Аав ном маш их уншдаг хүн.
Мэргэжлийнхээс гадна уран зохиолын ном уншихдаа ч онгоцтой холбоотой сэдвийн номонд дуртай, өөрөө уншаад зогсохгүй бидэнд, найз нөхөддөө уншуулна. Машин техниктэй ноцолдох хорхойтой. Өвөөд тэтгэвэрт нь гарахад улсаас өгсөн суудлын тэргийг нэлээн хэдэн жил барьсан. Машинаа байнга үзэж шалгана, засвараа өөрөө хийнэ. Өөр өөр улсад үйлдвэрлэсэн техник машин механизмийн техникийн шийдлийг их сонирхоно, харьцуулна. Би бага байхаасаа л аавд түлхүүр багаж дөхүүлж өгөхөөс эхлэн туслаж жолоо, засвар, дүрэм ааваараа заалгаж байсан. Чухалчилж захидаг юм нь машинаа нямбай хэрэглэхээс гадна дүрэм журмыг сахихыг анхааруулдаг, хөдөлгөөнд оролцохдоо гол нь бусдад саад болохгүйг хичээнэ, хүн цочино сандрана гээд дуут дохио дуугаргахгүй, би л лав тэгж байхыг нь ганц ч удаа хараагүй” гэж хүү Сэргэлэн нь өгүүлэв.
Иргэний агаарын тээврийг удирдах газрын дарга Л.Лхагваа ОУИНБ (ICAO)-ын 50 жилийн ойгоор ОУИНБ-ын дарга асан Ассад Котаитед (Assad Kotaite) дурсгалын хивс гардуулж байгаа нь. 1994 он. Л.Лхагваа Монголынхоо агаарын тээврийг тэлж, олон улсын олон чиглэлд нислэг хийхийг мөрөөдөж, нөхөдтэйгээ зөвлөлдөж хэрэгжүүлэх арга замаа тодорхойлоод эхний ээлжинд алсын зайн олон улсын нислэг хийх Ту-154 онгоц ЗХУ-аас түрээслэх бэлтгэл ажлыг эхлүүлж 1987 онд энэ ажил нь биелэлээ олж, улмаар 1993 онд МИАТ компани гурван “Boeing 727” онгоц авч ашигласнаар дараа дараагийн шинэ загварын онгоц, бусад техник ашиглаж сурах, олон улсын бусад нислэгүүд үйлдэх суурь болжээ. Ингээд техникийн бааз, мэргэжлийн боловсон хүчнээ бүрэн бэлтгэлтэй болгож 1994 оноос Алма-Ата, Берлин, Осакагийн чиглэлд тогтмол, Сөүл, Сингапур, Фукуока, Ханой руу захиалгат нислэгүүд хийж эхэлсэн түүхтэй.
Л.Лхагваагийн хийхийг эрмэлзэж байсан бас нэг юм гэвэл Монголынхоо агаарын замыг үр ашигтай болгох байлаа. Улс орон өөрийн агаарын замаа ашиглуулж, навигацийн үйлчилгээ үзүүлсний төлөө нисэн өнгөрч буй агаарын хөлгүүдээс хураамж авдаг журамтай.
Үүний тулд агаарын навигацын албыг өргөжүүлэн тоног төхөөрөмжийг олон улсад хүлээн зөвшөөрөгдөх найдвартай ажиллагаатай, хэлний бэлтгэл сайтай боловсон хүчин бэлдснээр 1993 онд 5 сая АНУ-ын ам.доллар байсан хураамж нь 1997 он гэхэд 35 сая хүртэл өсчээ. Энэ мөнгөөр өмнө нь Буянт-Ухаад шинэ нисэх онгоцны буудал бариулах, том оврын онгоц хөөрч буух зурвасыг шинээр тавих, онгоц засварын ангаар бариулах гэж АХБ-наас авсан зээлээ бүрэн төлсөн билээ. Одоо тэр ангаартаа олон улс орны Boeing онгоцны засварыг хийж байгаа. Нисэхийн боловсон хүчнийг бэлдэх, тэр тусмаа гадаадад өндөр өртгөөр биш дотооддоо сургах ажил зохион байгуулах явдалд ихээхэн анхаарч 1970, 1980 онуудад ажиллаж байсан байнгын курсыг өргөжүүлж, сургалтын төвийг анхны тренажёртой болгох ажлыг санаачлан гүйцэлдүүлж үүгээр зогсолгүй иргэний нисэхийн инженер, техникийн ажилтнуудыг өөрийн улсад бэлтгэх эх суурийг тавьж, Монгол улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Механик инженерийн сургуульд “Агаарын хөлгийн хөдөлгүүр ашиглалтын инженер”-ийн ангийг 2001 онд нээх үйлсэд идэвхтэй гар бие оролцож, өөрөө 2001 оноос 2024 он хүртэл багшилж байлаа. Хамтран зүтгэж инженерийн анги нээлцэж байсан доктор профессор И.Базаррагчаа “2001 оноос Лхагваа багштай хамт ажиллаж байна.
Одоо нисэхийн шинэ инженерүүдийн бараг 90 хувийг манай сургууль бэлдэж байгаа, Лхагваа багшийн шавь нар байгаа юм” гэж ярьж байна. “Би Лхагвасүрэнгийн Лхагваа гэдэг хүнтэй 1972 оноос эхлэн 50 жил ажилласан.
Түүнийг инженер талаас нь сайн мэднэ, харин голдуу удирдах ажил хийж байсан, тэгсэн ч тэр удирдуулж байгаа хүмүүсийнхээ дотор нь орж ажилладаг хүн. Нисэхийг удирдаж байхдаа мөнгө харах биш нисэхийг хөгжүүлэхийн төлөө жинхэнэ ажил явуулдаг ийм л хүн дээ” гэж сургуулийн багш Ү.Жамсран сэтгэл хангалуун дурсана.
Л.Лхагваа гэргий Б.Туул, үр хүүхэд, ач, зээ нартайгаа.
Монгол улс эдийн засгаа зах зээлийн үндсэн дээр хөгжүүлэх бодлого баримталж эхлэхэд Л.Лхагваа хувийн агаарын компани байгуулъя гэж хүүхдүүдээ уриалаад тэр ажилд гэр бүлээрээ ёстой л ханцуйгаа шумлан орсон ажээ. Онгоцоо нисгэх, техник үйлчилгээ хийх зэрэг техникийн ажиллагаа талаас нь зовох юм байгаагүй, харин компаниа бүртгүүлэх, ажлаа явуулах байртай болох, ажиллах хүч бүрдүүлэх гээд бичиг цаас, элдвийн хүнд суртлын асуудал бишгүй гарсан байж, гэвч өнөө үеийнхийг бодвол бас ч алхам тутамдаа түшмэдийн гарыг цайлгах нь арай бага байсан гэлтэй. Компани байгуулахдаа ИАТУЕГ-т нислэгийн албаны даргаар ажиллаж байсан нисэгч мэргэжилтэй Д.Батбаярт хамтран ажиллах санал гаргасныг тэрээр дуртайяа зөвшөөрчээ. “1992 онд “Хангарьд” компани байгуулахдаа Лхагваа даргын хамт ажиллах саналыг би өөрийнхөө мэргэжлийн түвшин, ур чадварыг өндрөөр үнэлж байгаа хэрэг гэж хүлээж авсан. Цоо шинэ ажил эхлүүлнэ гэдэг маш сонирхолтойгоос гадна ёстой л мэдлэг мэргэжлийг минь сорьсон хэрэг байв. Тэгээд надад онгоц сонгож авах ажлыг даалгасан, маш хариуцлагатай ажил. Онгоцоо Тамбов хотоос авч байлаа.
Монголын анхны хувийн агаарын тээврийн “Хангарьд” компанийн “Ан 24” онгоц.
Лхагваа даргатайгаа би 50 шахам жил төрд ч, хувьд ч хамт ажилласан минь том завшаан болсон. Энэ хүнээс үнэнч шударга зан, зарчимч, хүний чанар гэж юу байдгийг, эрхэмлэх бүхнийг сурсан даа” гэж Д.Батбаяр ярьж байлаа. “Хангарьд” нисэх компани 10 жилийн турш дотоод, гадаадын хэд хэдэн чиглэлд тогтмол болон захиалгат нислэг хийж байхдаа үйлчилгээгээ дээд зэргийн чанартай байлгахыг хичээж, зорчигчдын дурсаж байснаар маш эелдэг харьцаатай үйлчилгээтэй, сэтгэл тайван нисэхээр зогсохгүй телевизор үзсэн шигээ аялдаг байжээ.
“... “Хангарьд” нисэх компани Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж, Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд өөрийн жуулчны баазыг байгуулан, нислэгийн шугам нээн гадаад дотоодын зорчигчдод үйлчилж байгаа билээ...” хэмээн 2010 онд Л.Лхагвааг гавьяат цолд дэвшүүлэхдээ ИНЕГ тодорхойлсон нь бий.
Албан ажлаа өгөөд Л.Лхагваа “Хангарьд” компанидаа зөвлөхөөр ажиллаж байхад нь ГХЯ-аас сонирхолтой санал ирсэн нь, Тайландын вант улсаас Монголд улсад суух Өргөмжит консулын албан тушаал байлаа. Тэр үед Монгол улсад тийм ажил үүрэг хэвшээгүй байсан аж. Л.Лхагваа анхны Өргөмжит консул болж сурсан дадсан зангаараа шинэ, дипломат ажилд суралцах, төлөөлж байгаа улсаа судлах, англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх гээд мөн л өөртөө баахан зорилт тавиад ажилдаа орсон билээ. Консулын албыг хаших бас ч хялбар ажил биш аж. Монголд Тайландын иргэд олширч зарим нь бизнес эрхэлж, зарим нь айлын үйлчлэгчээр ажилладаг хүмүүс ирдэг болсон нь түүний ажлын хүрээ ихсэж байв. Л.Лхагваа Тайландын Вант улсыг Монголдоо сурталчлах арга хэмжээнүүд зохион байгуулах, иргэдийнх нь эрх ашгийг төлөөлөх, Тайланд руу зорчиж буй Монголын иргэдэд виз олгож, бусад дэмжлэг туслалцаа үзүүлэн консулынхаа үүргийг нэр төртэй биелүүлснийг Вант улс өндрөөр үнэлж төрийн дээд Тайландын хааны титмийн одонгоор шагнасан аж.
“Нисэхийн”, “хурандаа”, “дарга”, “захирал”, “багш”, “консул” гуншинтай Лхагвасүрэнгийн Лхагваагийн Монгол улсынхаа агаарын тээврийн салбарт хийж бүтээсэн ажлыг маш товчхон өгүүлээд дүгнэхэд, ажлынхаа гарааг цэргийн сөнөөгч онгоцны техникчээр эхлэхдээ л яг мэргэжлээрээ ажиллаж, хожим хариуцлагатай албан тушаалд томилогдохдоо ч үйлдвэрлэлд нь орж, мэргэжилтний хувьд аль ч шатны үйл явцыг нарийн мэддэг байсан нь нийгмийн тогтолцооноос үл хамааран ажлаа дүрэм ёсоор нь шинжлэх ухаанд суурилуулан хийж, удирдаж чаддаг байсан жинхэнэ мэргэжилтэн, профигаас гадна нарийн мэргэжлийн анхны эрдэмтэн цолтой бөгөөд мэдлэг мэргэжлээ бусдад түгээж ирсэн хүн ажгуу. Түүний хөдөлмөрийг “Баатрын” хэмжээнд үнэлэхэд болохгүй юм үгүй санагдана. Нийтлэлээ дүүгийнх нь мэндчилгээгээр өндөрлөе. “Хайрт Ах Л.Лхагваадаа Монголын нисэх хүчний 100 жилийн ойн баяр хүргэе! Ах минь Нисэхийн 100 жилийн түүхийн 60-аад жилийнх нь хөгжлийг бүтээлцсэн гавьяатай хүн. Ахыгаа ганц үгээр тодорхойлъё гэвэл ҮНЭНЧ. Гэр бүл, ажил мэргэжил, анд нөхөд, амьдралынхаа зорилго, хийж бүтээж байгаа бүхэндээ үнэнч байж ирсэн хүн билээ. Ахдаа болон 61 жил ханилж түшиг тулгуур нь болж амьдарсан Ахынхаа хайрт гэргий Туул эгч хоёртоо урт удаан, аз жаргалаар дүүрэн наслахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье!”
Тайландын вант улсын ерөнхий сайд Йинглак Чиннава, Тайландын вант улсын Өргөмжит консул Л.Лхагваа. 2013 оны 4 сар.
Боорцгоо онгоц болгон тоглож байсан Лхагваа хүү.
Ж.ЦЭДЭН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0