sonin.mn

Монголын Засгийн газар уул уурхайн салбар дахь Хятадын хөрөнгө оруулалтаас татгалзаж буй талаар “Wall Street’’-ийн тоймч Гэйб Коллинс, Эндрю Эриксон нар стратегийн буруу алхам хэмээн бичжээ. Тэд өнгөрсөн дөрөвдүгээр сард Хятадын хөнгөн цагаан үйлдвэрлэгч Чалько Монголд нүүрсний хэд хэдэн төсөл хэрэгжүүлж буй “Саутгоби ресорс” компанийн 58 хувьцааны 58 хувийг худалдан авахаар гэрээ байгуулснаас нэг сарын дараа УИХ-аас стратегийн чухал ач холбогдол бүхий аж ахуйн нэгж дэх гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль баталсныг бичжээ.

 

Дээрх хууль батлагдсанаас үүссэн эрх зүйн орчны тодорхойгүй байдал нь “Чалько’’-г гэрээнээс татгалзахад хүргэсэн. Монголчууд уул уурхайн салбар дахь Хятадын ноёрхлоос эмээж буйг ойлгож байгаа ч энэ салбарт Хятадын шууд хөрөнгө оруулалтаас татгалзах нь маш буруу. Энэ алхам нь Хятадын хөрөнгө оруулагчдыг ялгаварлан гадуурхахаас гадна далайд гарцгүй Монгол Улс Хятадын ноёрхлыг арилгаж, дан ганц ОХУ-аар түүхий эдээ экспортлох боломжгүй гэдэг нь үнэн. Хятадын шууд хөрөнгө оруулалтаас татгалзсанаар Монгол Улс экспортын нэг хараат орноос нөгөөд шилжинэ.

 

Учир юу вэ гэвэл Америк, Австрали, Канад болон Монголын дотоодын компаниуд нүүрс, зэс олборлолоо ч гэсэн тэр бүх эрдэс түүхий эд ганцхан Хятад руу “Винсвэй” зэрэг төрийн өмчит компанийн тээвэрлэлтээр урсч байдаг. Одоо “Чалько” ч бас Винсвейн зарим хувьцааг эзэмших болсон гэж нийтлэлд бичжээ. Хэрэв Монгол Улс өрсөлдөх чадвар муутай түүхий эдээ олон улсын зах зээлд гаргахдаа Хятадаас өөр зам сонговол тээврийн маш өндөр зардал төлөх болно. ОХУ-ын Номхон далайн боомтууд Өмнөговийн нүүрс, зэсийн орд газруудаас 4,000 км-ийн алсад оршдог.

 

Харин Монголын нүүрсний асар том ордууд Хятадын хилээс ердөө 300 км-ийн зайтай. Бүр Монголын хойд хилийн орчмоос нүүрс тээвэрлэж, ОХУ-аар дамжуулан Номхон далайн боомт руу хүргэхэд тээврийн болон боомтын төлбөрт нэг тонн бүрт 100 ам.доллар нэмж төлөх болно. Ингэлээ ч Монголын түүхий эдийн экспорт зүүн Азийн зах зээлийн том нийлүүлэгч Австрали болон далайн орнуудад цохигдох аж. Өөр нэг зүйл нь Монголын хямд нүүрс Хятадын түүхий эдээр цангасан үйлдвэрлэгчдийн хэрэгцээнд хамгийн их нийцдэг.

 

Монгол Улс 2011 онд л гэхэд нийт нүүрснийхээ 99 хувийг Хятад руу экспортолсон. Монголд нүүрснээс гадна алт, зэс, хайлуур жоншны нөөц нь илэрсэн ордууд олон. Ирээдүйд уран, кали, газрын тос ч олборлох боломжтой. Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ унаж байгаа нь Монголын түүхий эдийн Хятадын зах зээл дэх өрсөлдөх чадварыг сайжруулна. Монголын түүхий эд хямд байдгийн учир нь олборлосон түүхий эдээ Хятадын зах зээлд хүргэлгүй наана нь хямд үнээр худалдчихдагтай холбоотой.

 

Монгол нүүрс, зэсээ ердөө 40 км-ийн цаадах Хятадын хил хүртэл тээвэрлэдэг бол Австрали, Чилийн зэс үйлдвэрлэгчид түүхий эдээ энэ зах зээлд хүргэхийн тулд хэдэн мянган км зам туулах ёстой болдог. Харин ОХУ- д Монголын түүхий эдийн экспортын транзит болох эдийн засгийн сонирхол байхгүй. Хятадаас ялгаатай нь ОХУ- д зах зээлд гаргахыг хүсч буй Монголын зэс, нүүрсний хэрэгцээ байхгүй. Гэвч ОХУ Монголын түүхий эдийн бас нэг том экспортлогч бөгөөд цаашид ч тийм байх болно.

 

ОХУ, Европт нүүрсний хэрэглээ улам багассанаас Оросын нүүрс олборлогчид Сибирийн төмөр зам, алс дорнодын нүүрс боомтуудаар бүх хүчин чадлаараа Азийн зах зээл рүү хошуурч байгаа. Улс төрийн холбоо сүлбээ сайтай ОХУ-ын нүүрс экспортлогч “SUEK”, "Mechel” зэрэг компаниуд Монголын нүүрсийг ОХУ-ын төмөр замаар тээвэрлүүлэхгүйн тулд бүх аргаар тэмцэнэ. Сибирь болон алс дорнодод Оросын нүүрсний долоон том төсөл хэрэгжиж байна. Тесөл хэрэгжүүлэгчид 2020 он гэхэд нүүрсний олборлолтыг жилд 80 сая тоннд хүргэхээр төлөвлөж буй учраас Номхон далайн боомтуудад нүүрсний тээврийн ачаалал жилд 30 сая тонноор нэмэгдэнэ.

 

Тиймээс Монголын түүхий эдийн транзит тээврийг ОХУ нэг бол огт хүлээж авахгүй, үгүй бол Хятадын үйлдвэрлэгчдээс ч хямд үнээр авна. Монголын дотоодын олборлогч компаниудын хувьд нүүрсээ Хятад руу биш, ОХУ-аар дамжуулан бусад зах зээл рүү гаргах боломж бий. Монголын хойд нутагт олборлолт явуулдаг Австралийн нүүрсний компаниуд төмөр замаар тээвэрлэн зах зээлд гаргахаар төлөвлөж байгаа билээ. Гэвч Монголын төрийн өмчит компаниудыг ОХУ-ын төмөр зам болон боомтууд таатай хүлээн авахгүй.

 

Монголын улс төрчид болон сонгогчид Хятадын үйлдвэрлэгчид түүхий эдийн үнийг тогтоож, зах зээлийн ханшаас доогуур үнээр худалдан авч, уул уурхайн салбар, эдийн засаг нь Хятадаас улам хараат болж эсэргүүцэж эхэлсэн. Гэвч Монгол Улс байгалийн баялгаа дангаараа ашиглаж чадахгүй. Хятадаас нүүр буруулах нь нөхцөл байдлыг зөвхөн дордуулна. Баялагтай Монголчуудын үндсэрхэг үзэл эцэстээ барууны хөрөнгө оруулагчдын зоригийг мохоож, Хятадын хөрөнгө оруулалтыг сүүлчийн найдвар болгоход хүргэнэ.

 

Нөгөө талаар Монгол нүүрсээ харьцангуй хямд үнээр Хятад руу гаргаснаар түүхий эдийн зах зээлд нүүрсний үнэ тогтвортой байхад тустай. Тиймээс Монголын эрх баригчид улс төр, эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлж чадвал Монголын эдийн засаг улам хүчирхэгжиж буй Хятадын нөлөөгөөр хөгжих боломжтой гэжээ.

 

Эх сурвалж:"Геологи уул уурхайн мэдээ"