sonin.mn

Монгол Улсын эдийн засгийн гол түлхүүр бол ашигт малтмал.

Нийт экспортын 92 хувийг ашигт малтмалын бүтээгдэхүүн эзэлдэг. Үүнээс зэс, нүүрсний экспорт 80 гаруй хувийг эзэлдэг гэсэн статистикийн судалгаанаас харахад Хятадад болж байгаа хямрал Монголд тодорхой хэмжээгээр нөлөөлж эхэлсэн нь тодорхой. Учир нь Монголын хамгийн том түнш, хамгийн том гадаад зах зээл гэдэг утгаараа эдийн засагт нь болж буй асуудал манайд их бага хэмжээгээр доргилт өгч эхлээд буй юм. Хятадын эдийн засгийн хямрал Европын өрийн хямралтай холбоотойг экспертүүд онцлон тэмдэглэж байна.

 

Дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч БНХАУ-ын индекс сүүлийн гурван cap дараалан 50-иас доош гарсан нь үйлдвэрлэл буурч байгааг гэрчилнэ. Хятадын аж үйлдвэрлэлийн индекс өнгөрсөн наймдугаар сард 47.6 болж буурсан нь 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын дараах үеийг санагдуулж байгаа юм. Хятадын статистикийн газраас эдийн засгийн өсөлт 9.1 хувь, инфляци 6.2 хувь гэж мэдээлсэн ч үнэн хэрэгтээ өсөлт байхгүй, инфляци нь 16 хувьтай байгаа аж. Өнөөдрийн хувьд тус улсын Засгийн газрын бүх бодлого ямар ч аргаар хамаагүй өвчтэй эдийн засгаа халаалтаас хамгаалахад чиглэгджээ.

 

БНХАУ-ын цахилгаан станцууд, уул, уурхай зэрэг салбарууд ихээхэн өртэй бөгөөд энэ нь үйлдвэрлэлийн хямралаас үүдэлтэй. Аж үйлдвэр, уул уурхай, хөдөө аж ахуйн газруудынх нь орлого бараг тэр чигтээ татварт хураагдаж байгаа тул хамгийн ядуу улс болж магадгүйг эдийн засагчид хэлж байна. Хятадын түүхий эдийн зах зээлийн энэ хямрал ирэх хоёр гурван жилд үргэлжпэх төлөвтэй гэнэ. Хэрэв урд хөршийн эдийн засаг энэ байдлаараа уналтад орвол манай зэс, нүүрсийг худалдан авалт багасна. Манай эдийн засагчид үүнийг удаан үргэлжлэх магадлалтай хэмээн онцолж байна.

 

Иймд урд хөршийн эдийн засгийн байдлаас хамаарч манай орны уул уурхайн салбар зогсонги байдалд орж, татварын орлогогүй болох аюул тулгараад буй юм. Хэрэв ийм байдал цааш үргэлжилвэл компаниуд орлогогүй болж ажилтнуудаа халж, ажилгүй иргэдийн тоо нэмэгдэх зэргээр жижиг дунд бизнесийн салбарт гинжин урвалаар нөлөөлөх магадлалтай. Иймд эдийн засгийн индикаторууд засгийн газраас ажлын хэсэг байгуулж, хувийн сектор, эдийн засагчдын төлөөллийн оролцоотой төлөвлөгөө гаргаж ажиллах шаардлагатай, урд хөршийн эдийн засгаас хамаарч унавал дагаад унадаг, сайжирвал сайжирдаг байж болохгүй гэдгийг сануулсаар байгаа юм. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унаж байгаа нь манай улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж эхлээд байна. Учир нь манай улсын нийт экспортын 45 орчим хувийг нүүрс дангаар бүрдүүлж байгаа юм. Нүүрсний үнэ унаснаас хамаарч экспортын орлого сүүлийн 2-3 сарын хугацаанд огцом буурчээ. Тодруулбал, Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр өнгөрсөн оны долдугаар сард экспортын орлого 348.9 сая ам.доллар байсан бол энэ оны мөн үед 285 сая ам.доллар болтол буурсан үзүүлэлттэй.


Энэ оны наймдугаар сарын 15-ны байдлаар 167.9 сая ам.доллар болсон нь өмнөх оны мөн үеэс 80 орчим сая доллараар буурсан үзүүлэлт юм. Өөрөөрхэлбэл, экспортын орлого сүүлийн хоёр cap хүрэхгүйн хугацаанд 140 гаруй сая ам.доллараар огцом буурчээ. Энэ нь нүүрсний ханш суларч, экспортын хэмжээ багассантай холбоотой. Манай улс энэ оны хагас жилийн байдлаар ердөө 6 сая гаруй тонн нүүрс экспортолжээ. Хэрэв энэ байдал хэвээр үргэлжилбэл манай улсын нүүрсний экспорт жилийн эцэст 20 сая тоннд ч хүрэхгүй хэмээн эдийн засагчид тайлбарлаж байна. Өнөөдөр зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зарчим ёсоор манай улсын нүүрс олборлолт, экспорт хүлээлтийн байдалд байна.

 

Дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал үүнд тодорхой хэмжээгээр нөлөөлж буйн илрэл энэ. Монголоос бүтээгдэхүүн импортлогч Хятад улс хямарч, эрэлт багасч байгаа учир ийнхүү хүлээлтийн байдалд байгаа юм. Дашрамд дурьдахад, Уул уурхайн яамнаас нүүрсний экспорт буурч байгаатай холбоотойгоор Монгол нүүрс ассоциацитай хамтран хүндрэлийг хэрхэн даван туулах төлөвлөгөө боловсруулж байгааг албаны эх сурвалж мэдээллээ.

Эх сурвалж: ”Геологи уул уурхайн мэдээ”