sonin.mn
-Ta “Ган зам” сониноо их уншдаг байх. Ер нь, төмөр зам өөрийн гэсэн сонинтой байхын ач холбогдол нь юу вэ?
 
-Төмөр зам чинь манай улсад ажилчдынхаа тоогоор хамгийн томд нь орох байгууллага шүү дээ. Ар гэр, үр хүүхэд нь гээд яривал 60-70 мянган хүн хамаарна. Дээр нь, төмөр замаар үйлчлүүлдэг, ажил төрлийн өдөр тутмын холбоотой хүн гэвэл тоолоод баршгүй. 
 
Хэрэг дээрээ төмөр замын буяныг хүртээгүй айл Монголд байхгүй гэхэд болно. Ийм л том, буянтай байгууллага. Өөрөөр хэлбэл, төмөр замын үйлчилгээ айл бүрт орсон. Би үүгээр юуг хэлэх гээд байна вэ гэвэл төмөр замын үйл ажиллагаа ямархуу дүр төрхтэй явж байна. Мөн үйлчилгээний байгууллага учраас улсын их л ажил холбогддог. 
 
Үүнтэй уялдаад “Ган зам" сонины уншигчийн хэрэгцээ их байдаг. “Ган зам” сонин төмөр замын ажлын “нүүр толь” болсон. Маш их ач холбогдолтой шүү дээ. Захиалагч олонтой. Зөвхөн төмөр зам гэлтгүй гаднаас ч их уншдаг. Саяхан даа, Баянхонгорын наахна байдаг гэх хоёр уншигчтай би таарсан. Мөн Өвөрхангайн нэг өвгөн хоёр жилийн өмнө “Би “Ган зам” сониныг байнга захиалж уншдаг” гэж хэлсэн. Ажил төрлөөрөө бол манай сонин чинь Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дээд шагналыг хэд хэдэн удаа авсан, салбарын тэргүүний сонин болж дээ. Энэ бол мэргэжлийн дээд байгууллагын дүгнэлт.
 
-Өмнө нь, “Өдтэй бичиг” нэртэй байсныг нь 1993 онд та “Ган зам” болгон өөрчилсөн юм билээ. Яагаад ингэж нэрлэх болов?
 
-Аливаа нэр гэдэг чинь гүнзгий утга агуулгатай байдаг. Хүн овог нэрээрээ л явдаг шүү дээ. Үүнтэй адил. Энэ нэрийг зоос гүйлгэж, шоо орхиж өгөөгүй нь тодорхой. 1958 онд “Ган зам" дуу гарсан. Түүнээс өмнө “Ган зам” гэсэн үг байгаагүй байх. Сонин маань эхлээд “Найрамдлын зам”, сүүлд нь “Өдтэй бичиг” болсон байсан. Тэр үед юм бүрийг өөрчилж л байвал сайхан байсан цаг. Гэхдээ тэр нэр нь төмөр замын ажилд олигтой наалдаагүй. Харин 1993 оны хавар Төмөр замын Хэрэг эрхлэх газрын санаачлагаар “Ган зам” нэрийг өгч, Замын даргын тушаал гарч байсан. Ер нь, хэвлэх үйлдвэртэйгээ хамт байх ёстой гэж үзсэн. Бүр “Ган зам" сонины хэвлэх үйлдвэр гэж нэрлэх нь зүйтэй гэсэн саналаа ч хэлж байснаа санаж байна. Тухайн үеийн удирдлагууд сониндоо их ач холбогдол өгдөг байж дээ. Хэлэх үг, хийж буй ажлаа сониноороо дамжуулж замчиддаа хүргэнэ. 
 
Селектерийн зөвлөгөөн, утсаар ярих, томилолтоор очиж ажиллах, үзлэг шалгалт хийх бол нэг өөр. Харин сониноороо дамжуулж ярина гэдэг нь олонд хүрэх нь илүү. Сонин бол нийтэд уншигдах толь, архивт хадгалагдах материал юм. “Ган зам" нэрийг өгөхөд замчид их талархалтай хүлээж авсан. Үзлэг шалгалтаар явж байхад “Сониндоо жинхэнэ төрөлх, унаган нэрийг одон мэт зүүж өгсөнд баяртай байна” гээд онцолж хэлцгээдэг байсан даа. 
 
Би ч бас тэгж л бодон өгсөн хэрэг. “Ган зам” дуу төрөөд, бүр сонин маань ийм нэртэй болсноос хойш төмөр замын олон байгууллага, ялангуяа шинээр бий болж буй газрууд “Ган зам” нэрийг нэр усаа болгож авсан шүү дээ. Тухайлбал, шинээр бий болсон цэцэрлэг, зочид буудал, тэр бүү хэл төмөр замын тосгоны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг банк, сургууль хүртэл энэ нэрийг авсан. Түүгээр ч зогсохгүй вагонд төрсөн хүүхдэд Ганзам нэр өгсөн байх нь бий. 
 
Одоогийн хэллэгээр “Ган зам” бол төмөр замын "брэнд” нэр юм даа. Үүнийг өөр улс амьтан зээлдэх, үгүйсгэх эрх байхгүй гэж би төмөр замчин хүний хувьд бодож явдаг. Тухайн үед сонины эрхлэгчээр С.Бадрах гэж хүн байсан. Харин “Ган зам” нэртэй болгож, редакцыг нь шинэчлэсний дараахан нь Ц.Балдоржтой ярьж байгаад төвийн хэвлэлүүдэд нэлээд хэдэн жил ажилласан Ж.Нямдашийг авчирч эрхлэгчээр нь тавьсан. Дараа нь, Л.Сэнгээ эрхпэгч нь болж зэгсэн сайн авч явсан. Ер нь, сонины “Ган зам” нэр нь 1958 оны дуу, бас “Найрамдалын зам” гэсэн өмнөх нэрнээсээ л улбаатай юм шүү дээ. Одоо бол төмөр замчдын чихэнд хоногшсон. Өөр нэрээр бол хүлээж авахааргүй дотноссон, онож хэлсэн нэр болж дээ. Дашрамд хэлэхэд одоогийн биш, салбарын яамны түрүү үеийн удирдлагын үед “Ган зам" сонины нэрийг өөрчлөх тухай чих дэлсэж л байсан.
 
Өмнө нь, “Өдтэй бичиг” нэрийг аваад сонины захиалагчийн тоо буурахаас авахуулаад олон сөрөг үр дагавартай бид тулгарсан л даа. Тийм ч учраас тэр нэрийг халж, “Ган зам” гэсэн төрөлх нэрийг авсан юм. Уг нь, “Өдтэй бичиг" гэдэг нь дээр үеийн өртөө шуудангийн тухай л нэр. Харин 1990-ээд оны үед бүх юм эмх замбараагүй болоход энэ нэрийг авсандаа ч тэрүү манай сонин “шургачиж ойчих” шахсан үе бий. Гэтэл Оросын төмөр замын “Гудок” сонин 1917 онд анх гарсан байдаг. “Гудок” гэдэг нь галт тэрэгний дуут дохио гэсэн үг. Өнөөг хүртэл энэ нэр 100 гаруй мянган уншигчтай Оросын төмөр замчдын чихэнд хоногшин, үйл ажиллагаагаа явуулсаар байна. Манай сонин ч ялгаагүй, үеийн үед “Ган зам”-аа дуурсгасаар явах хэрэгтэй.
 
-Та төмөр замчин хүний, бас сонины уншигчийн хувьд манай сонины нийтлэлүүдийн тухайд юу гэж хэлж, зөвлөмөөр байна даа?
 
-Сонин маань замчдын амьдрал ахуй руу чиглэсэн, бодит байдлыг харуулвал бүр сайн. Сонинд нэр, зураг нь гарсан байвал маш их дуртай байдаг. Төмөр замчин залуусын хувьд “Ган зам” сонин дээрээ гарна гэдэг бол нэр төрийн асуудал. Ер нь, хувь хүн, албан байгууллагач сонин дээр бичүүлэхэд аятайхан л байдаг шүү дээ. Тийм учраас төмөр замчдынхаа бодит амьдралыг харуулсан, алдаа дутагдал байвал хэлсэн, зааж сургасан, Замын захиргаа, төр засгаас явуулж буй бодлого, үйл ажиллагааны учир утгыг нь сайн тайлбарлаж өгч байх хэрэгтэй. 
 
Хүмүүс дээр үеэс л сонинд их итгэж ирсэн. Сонинд худал хэлж болохгүй. Ер нь, “Үнэн” сонины Үнэн гэдэг нэр ч тэндээс л гарсан. “Үнэн” сонин бол үнэн үгийг хэлдэг учраас том хэвлэл болсон. Яг түүн шиг “Ган зам" сонин замчдын болон Замын захиргааны үнэн үгийг хүргэж. та бүхэн үүргээ муугүй биелүүлж байгаа гэж би бодож явдаг. Миний сэтгэлд хоногшсон ярилцлага, нийтлэл олон бий. 1987 онд байх аа, Сүхбаатар өртөөний тухайн үеийн нэгэн жижүүрийн талаар вагон уургалаад алджээ” гэсэн гарчигтай гарсан нийтлэл ч юмуу. 
 
Энэ нь, түүнийг шүүмжилж бичсэн хэрэг л дээ. 1977 онд Улаанбаатар-Толгойт хооронд нэг ишиг галт тэргэнд дайруулсан тухай “Ингээд л дайраад байх уу” гэсэн нийтлэлийг ахмад замчин Дамдинжав бичсэн байж билээ. Ишиг ч мал, сэрх ч мал гэсэн утгатай. Энэ мэтчилэн олон содон нийтлэл санаанд бий. Би саяхан Ю.Цэдэнбал даргын 100 жилийн ойг тохиолдуулж зохион байгуулсан эрдэм шинжилгээний бага хуралд “Төмөр замын тээврийн улсад оруулсан хувь нэмэр” сэдэвээр илтгэл бэлтгэж тавьсан. 
 
Үүндээ 1994 онд билүү дээ, улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Моломжамц гуай “Ган зам” сонинд нэг ярилцлага өгсөн байсныг санаад илтгэлийнхээ зарим зүйлийг тэндээс иш татаж авсан. Ийм л мэдээллийн арвин бааз, дурсамжийг хадгалсан сонин юм шүү дээ.
 
-Таны үгийг сонсоод би төмөр замын түүхийг бичилцэж буйгаараа бахархаж байна. Өнөө үед бидний бичсэн нийтлэл, мэдээллүүд дараа үеийнхэнд хэрэг болно гэж бодоход сайхан байна. Ер нь, та залуу насны дурсамжаа, уулзаж учирсан нөхөд, дарга, цэргүүдийнхээ үгийг, төрхийг “Ган зам” сониноосоол хардаг юм аа даа?
-Тэгэлгүй яах вэ. Олон сайхан орос хүнтэй хамтарч ажиллаж байлаа. А.В.Трошкин, В.И.Цвирко, М.Я.Магро нарынхаа хэлж байсан зүйлүүдийг дандаа “Ган зам” сониноосоо л эргэж харж байна.
 
Тэр он жилүүдэд төмөр замын нөхцөл байдал, эдийн засаг хөнгөн байгаагүй. Эргэж харах, судлах зүйл гарвал гол тулгуурлах юм нь манай сонин шүү дээ. “Ган зам” сониныхоо шарласан хуудсуудыг эргүүлж суухад дурсамж сэргээд, тэр үетэйгээ эргээд уулзсан шиг болдог. Манай төмөр зам мэдээллийн том архив юм даа Цаашид төмөр зам сонинос улам их анзаарч, материаллаг бааз талаас нь бэхжүүлж, орчин үеийн техник технологиор хангаж, хэвлэлийн чанарыг нь сайжруулахад анхаарах ёстой л доо.
 
Тэгж байж гэмээнэ хэвлэх үйлдвэр гэх нэрэндээ тохирч Монгол Улсын хэвлэлүүдийн өрсөлдөх зах зээл дээр хөл гар нь улам чангарч бэхэжнэ л гэсэн үг. Дашрамд дурьдахад төмөр зам дээр гардаг хөдөлгөөнтэй холбоотой гологдол зөрчлийн талаар мэргэжлийн хүмүүс байцаагч нар “Ган зам” сонин дээр тайлбар гаргаж, дүгнэл хийх явдал учир дутагдалтай байгаа юм шиг санагддагаа хэлж зөвлөе!
 
М.Наранболд
Эх сурвалж: “Ганзам” сонин