sonin.mn
Туркэд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж Истанбул хот дахь Ерөнхий консул Э.Мөнх-Очир Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлэл өгч байна.
 
Ерөнхий консул Э.Мөнх-Очир "Цэргийнхний үйл ажиллагаа эхлэнгүүт монгол иргэдийнхээ бүртгэлтэй гар утас руу холбогдож, анхааруулга мэдээ өгсөн. Мөн олон нийтийн сүлжээг ашиглаж мэдээлэл хүргээд байна. Амьдарч байгаа барилгуудад нь дэлбэрэлтийн улмаас чичирхийлэлт мэдрэгдсэн, улмаар айж цочсон хүмүүс цөөнгүй байна. Одоогоор нөхцөл байдал намжуу болж байна. Манай иргэдийн зүгээс Консулын газар руу холбогдож байна. Байлдааны үйл ажиллагаа болсон учраас багагүй айж сандарсан байгаа тул гэрээсээ битгий гараарай гэсэн зөвлөмж өгч байгаа. Гэрээсээ гараагүй тохиолдолд нөхцөл байдал харьцангуй намжмал байна" хэмээн мэдээлэв.
 
Туркийн Истанбул хот бол тус улсын хамгийн том хот. Олон монгол иргэд ажиллаж амьдардаг. Хамгийн сүүлийн мэдээгээр тус хотод 1800 орчим монгол иргэн оршин суудаг. Албан бус тоогоор бол 3000 орчим иргэн амьдардаг байж магадгүй юм байна. 
 
Тус хот дахь Ерөнхий консулд монгол иргэд халдлагад өртсөн тухай мэдээлэл ирээгүй байна.
 
Б.Туул
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг