Булган аймгийн боловсрол соёлын газраас багшийн сургуулиудыг энэ жил төгссөн болон мэргэжлийн бусаар ажиллаж байсан хүмүүст зарим аймгийн жишгээр батламж олгох шалгалт авлаа.
Энэ шалгалтад гадаад болон монгол хэл, математик, мэдээлэл зүй, хими-биологи, түүх, нийгэм-судлал, биеийн тамир, технологич, сургуулийн өмнөх боловсролын нийт 80 орчим багш орж сурган хүмүүжүүлэх ухаан, боловсрол судлал, хууль, эрх зүй, компьютер, өөрийн мэргэжлийнхээ чиглэлээр шалгуулсан байна. Нийт 100 оноос авахаас хамгийн дээд тал нь монгол хэлний Ө.Нарантуяа, М.Даваадорж, сургуулийн өмнөх боловсролын Ц. Байгальмаа нар 68,9-72 оноогоор тэргүүлсэн бол хамгийн доод тал нь 21-30 оноо авчээ. Тэдгээрийн дүнг үндэслэн шалгалтад оролцогчдын дөнгөж 21 буюу дөрөвний нэгд нь батламж олгохоор шийдвэрлэсэн байна. Шинээр төгсч ирсэн багш нарын заримыг нь ч гэсэн бусдыг “царайчлуулалгүй” ажлын байртай болгохоор зохион байгуулсан энэ шалгалтаа амжилттай өгч батламж авсан багш нарыг нөөцөд бүртгэн мэргэжлийн багш дутуу сургуулиудад ажиллуулах санал хүргүүлнэ.
Бусад нь диплом өвөрлөөд орон нутагта баярлан ирцээсэн боловч ажлын байр олдохгүй, санхүүгийн бэрхшээлийг арай ядан аргалж орон гэрээсээ хол хэдэн жил суралцаж мэргэжил эзэмшсэний хэрэг гарахгүй, аав ээжийнхээ цалин тэтгэврийг хуваалцан “лааз” өшиглөж өдөр хоног өнгөрөөх боллоо хэмээн сэтгэл гундуу буцжээ. Аз таарвал дутуу орон тоонд ажиллах болно. Тэр нь өдрийн “од” адил ховор, байлаа ч ар өврын хаалга гээд зовлон их. Энэ бол манай хүүхэд залуучууд ирээдүйн мэргэжил, ажил амьдралынхаа замыг сонгохдоо алс хэтийг төсөөлөлгүй, эцэг эхчүүд нь ч оновчтой зөвлөөгүй, ер нь манай улсын боловсролын тогтолцоо залуу мэргэлжилтнүүдийг эх орныхоо хэрэгцээ, шаардлагад түшиглэн бэлтгэдэггүйг харуулж байна.
Ж.Мөнх-Очир
Эх сурвалж: Монцамэ
Сэтгэгдэл0
отгонбаяр сайд сургуулиудиа сайн би их юм хийсэн гээд байсан ийм л боловсон хүчнүүд бна даа.....
ганц багш нар ч биш, оюутнууд ийм л мэдлэгтэй байна шүү дээ ганц өгүүлбэр бичихэд л бөөн алдаа бадаг шүү дээ