Увс аймгийн төв Улаангом суманд Увс нуур-Тэсийн голын Сав газрын II зөвлөгөөн өнөөдөр тус аймгийн Нутгийн удирдлагын ордонд болж байна.
Монгол Улсын “Усны тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь, 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалтын дагуу Хархираа, Түргэн голын усны зөв зохистой хуваарилалт, хэрэглээг орон нутгийн ус хэрэглэгчдийн оролцоотойгоор бий болгох зорилгоор Монгол Улсын холбогдох хууль эрх зүйн орчин, өөрийн орны болоод олон улсын сайн туршлагыг танилцуулах, бусад шаардлагатай мэдлэг, чадварыг олгож, төсөл хэрэгжиж байгаа Увс нуур-Тэс голын Сав газрын захиргаа /УНТГСГЗ/-ны ажилтнууд болон Сав газрын зөвлөлийн гишүүдийг чадавхжуулахад энэхүү зөвлөгөөний ач холбогдол оршиж байгаа юм.
Тус зөвлөгөөнд тус сав газарт харъяалагдах Увс, Хөвсгөл, Завхан аймгийн төрийн болон ТББ-ын ажилтнууд, байгаль хамгаалагчид, аймаг, сумын Ус хэрэглэгчдийн холбоо, нутгийн иргэдийн төлөөлөл ирсэн байна. Мөн “ССТ Таван од” ХХК, “Энержи флоу констракшн” ХХК, “Увс хүнс” ХХК зэрэг компани, аж ахуйн нэгжийн төлөөллөөс бүрдсэн нийт 60 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм. Уг зөвлөгөөнийг УНТГСГЗ, НҮБХХ-ийн “Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” төсөл, Увс аймгийн ЗДТГ-аас хамтран зохион байгуулж байна.
Зөвлөгөөнийг Увс аймгийн БОАЖГ-ын дарга Б.Ганболд нээлээ. Зөвлөгөөний эхэнд “Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” төслийн үндэсний зөвлөх, доктор, профессор Ш.Баранчулуун “Хамтын оролцоотой усны менежментийн зарчим ба үндэслэл” илтгэл тавьсан юм. Мөн Увс нуур-Тэс голын сав газрын хот, суурины усны эх үүсвэрийн ашиглалт, зохицуулалтын талаар Увс аймгийн жишээн дээр зөвлөгөөнд оролцогчдод Сав газрын захиргаанаас танилцууллаа.
Зөвлөгөөнд оролцогчид тус сав газрын усны нөөц, түүнийг унд болон ахуйн хэрэглээ, ХАА, аж үйлдвэрт ашиглах боломж, цаашдын хандлага төлөвийн талаар харилцан санал солилцож хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Мөн УНТГСГЗ-ны 2015 оны ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, анхаарах асуудлууд, гарч байгаа зөрчлүүд, түүнийг шийдвэрлэсэн байдал, Зөвлөлийн гишүүдийн төлөөллөө хангаж байгаа байдлын танилцуулгыг СГЗ-ын дарга Д.Тогтохбаяр танилцуулав.
Уг зөвлөгөөнд оролцогчдыг төрийн байгууллагын төлөөлөл, аж ахуйн нэгж байгууллагын болон ТББ-ын төлөөллөөр нь 2 бүлэг болгож тулгарч буй асуудал бүрээр хэлэлцүүлэг өрнүүлж санал авна. Энэ бүхнээс нэгдсэн дүгнэлт гаргаж 2016 оны Сав газрын зөвлөлийн ажлын төлөвлөгөөний төслийг боловсруулах юм.
Дашрамд сонирхуулахад, УНТГСГЗ нь 2013 оны 11 дүгээр сард байгуулагдсан бөгөөд иргэд, олон нийтэд усны үнэ цэнэ, үр шим болон зохистой хэрэглээг амьдрал, практикт нэвтрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг явуулдаг төрийн байгууллага юм.
Увс аймгийн Улаангом сумаас Д.Өлзийсайхан
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Сэтгэгдэл0