sonin.mn

ЛОНДОН, 2025 оны тавдугаар сарын 23 /BBC/. “Немогийн эрэлд” хүүхэлдэйн кинон дээр гардагтай төстэй загаснууд далайн усны хэм нэмэгдэж байгаагийн улмаас бие нь агшиж байгааг судалгаагаар тогтоожээ. 

Тодруулбал, шүрэн хадан дээр амьдардаг алиалагч загас 2023 онд далайн усны хэм эрс нэмэгдэх үед огцом жижгэрсэн байна. Судлаачдын хийсэн энэхүү нээлт нь гэнэтийн зүйл байсан бөгөөд далай тэнгис дэх бусад загасны биеийн хэмжээ хурдацтай багасаж байгаагийн шалтгааныг тайлбарлахад тус дөхөм болно гэж үзэж байна.




Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг даван туулахын тулд шувууд, гүрвэл, шавж зэрэг амьтад хэлбэр дүрсээ өөрчилдөг болохыг нотлох баримтууд улам бүр олширч байгаа юм. Ньюкаслын их сургуулийн халуун орны далайн шинжлэх ухааны багш, доктор Тереза ​​Рюгер хэлэхдээ, немонууд халууныг даван туулахын тулд агшиж байна гэв.




Судлаачид далайн биологийн төрөл зүйлийн “халуун цэг” болох Папуа Шинэ Гвинейн Кимбе булангийн шүрэн хаданд амьдардаг хос алиалагч загасыг судалсан байна. Зэрлэг алиалагч загаснууд нь “Немогийн эрэлд” кинон дээр үр зулзагаа хайж буй загастай тун төстэй юм.




Уг судалгааг 2023 оны зун далайн усны хэм эрс нэмэгдэж, улмаар шүрэн хаднууд цагаан өнгөтэй болох үед хийсэн байна. Судлаачид халуунд тэсвэртэй алиалагч загасанд хэд хэдэн хэмжилт хийжээ. Ингэхэд тэдгээр бяцхан загас нь жингээ хасаад зогсохгүй хэдэн мм-ээр богиноссон болохыг тогтоосон байна. Мөн энэ нь ганц удаагийн тохиолдол биш байсан бөгөөд загасны 75 хувь нь халалтын үеэр дор хаяж нэг удаа агшсан байна.

Доктор Т.Рюгерийн тайлбарласнаар, тэдгээр загас зөвхөн хоолоо багасган жингээ хасаад зогсохгүй биеийн хэмжээгээ өөрчилснөөр хоол хүнс, хүчилтөрөгч бага шаарддаг жижиг биетэй болж байжээ. Тэрбээр үргэлжлүүлэн ярихдаа, шинэ кино зохиол бичих шаардлагатай болж байж магадгүй хэмээн хошигноод, “Немогийн эрэлд” кинонд үнэхээр сайхан түүхийг өгүүлсэн, харин дараагийн ангид Немо байгаль орчны өөрчлөлтийг хэрхэн даван туулж буй талаар өгүүлж болох юм хэмээн ярьжээ. Судалгааг “Science Advances” сэтгүүлд нийтэлсэн байна.


Э.Хулан


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг