sonin.mn

Төв Азийн цээжинд ну­тагтай Монгол хэмээх агуу ард түмний тухай “Хажуу газрыг халцартал, энгэр газрыг элэгдтэл дуулалдан цэнгэлдэх ажгуу” хэмээн “Монголын нууц товчоо” хөлгөн их сударт тэмдэглэн үлдээсэн байдаг. Энэ бол монголчууд эртнээсээ дууч ард түмэн гэдгийг гэрчлэх хамгийн том баталгаа билээ. Тэгвэл үндэсний энэхүү их өв уламжлалаа өнөө цагт өртөөлөн авч ирж, үр хойч­доо уламжлуулан хүр­гэхээр зорьж яваа ардын авьяастнууд Монгол үндэст­ний дууны их наадам нэрийн дор нэгдэж, үндэсний дуу бүжгээрээ монгол түмнээ цэнгүүллээ.

Монгол орны дөрвөн зүг, найман зовхисоос хүрэлцэн ирсэн 3200 авьяастнаас шалгарсан 35 уран сайханч таван төрлөөр өрсөлдсөн бөгөөд Хүннү, Сүннүгийн үеэс хөх Монголын талд эгшиглэсэн уртын сайхан дуугаар эхэлсэн. “Өвгөн шувуу хоёр” хэмээх гүн ухааны сайхан дуугаар их наадмын салхийг хагалж, “Хэрлэнгийн баръяа”-гаар түрэв.

Үүний дараа олон ястны дууг  сонсох  бо­ломж тохио­сон юм. “Улаан­баатар па­лас”-ын тоглолтын их танхим бүгчим байсан ч халх, буриад, дархад, дөр­вөд ястны ардын дуунууд үзэгчдийн сэтгэлд сэрүү татуулж байлаа.

Нийтийн дууны төрөлд ихэвчлэн орон нутгаас хү­рэлцэн ирсэн дуучид өр­сөл­­дөв. Наадмын  турш шүүгчдээс хамгийн их шүүмж­лэл хүртсэн нь энэ тө­рөл байсан. Учир нь, ардын авьяаст­нууд олны танил болсон дуучдын алдартай дууг сонгон дуулахдаа ту­хайн дуучныг хэтэрхий их дуурайж байна хэмээн шүүгчид үзэж байсан юм. Оролцогчид шүүмжлэлийг хурдан хүлээн авч байгаа нь ажиглагдсан.

Шүүгчид, зохион байгуу­лагчид төдийгүй үзэгч­дийн анхаарлыг хамгийн ихээр татаж байсан төрөл бол мэр­гэжлийн дуу. Монгол үндэстний дууны их наад­мын оролцогчид өөр өөрийн онцлогоо харуулж, шүүгчид болоод үзэгчдээс өндөр үнэл­гээ авахаар хэрхэн сэтгэл гаргаж буйг энэ төрлөөс харж болох байв. Тухайлбал, Дундговь аймгаас хүрэлцэн ирж оролцож буй Э.Сүнгэрэл дуу­лах дууныхаа үг, аяыг нь өөрөө зохиожээ. Түүний “Амьдрал, аз жаргалыг аялгуулан дуулаарай” хэ­мээх дууны ая монгол аял­гуу­ны өвөрмөц шинжийг өөртөө шингээсэн сайхан дуу болсныг мэргэжлийн хүмүүс онцолж байлаа.

Үзэгчдийг хамгийн ихээр хөгжөөж, суудлаас нь босгон хөөргөсөн оролцогч бол Ж.Сайханжаргал байлаа. Техникийн бага зэрэг саатал гарсан ч залуу авьяастан маань сэргэлэн гэгч нь аргалж чадав.

Мөн страдын  дууны тө­рөл үзэгчдийн цөсийг хам­гийн их хөөргөсөн. Энэ төрөлд ОХУ-ын Буриадын залуу дуучин Цэцэгмаа, “Гурван” хамтлаг болон Мон­голын зүүн хязгаараас ирсэн идэр авьяастан хүртэл өрсөлдсөн.

18:00 цагт эхлэхээр тов­­лосон ч 40 минут хэр­тэй хоцорч эхэлсэн Мон­гол үн­дэст­ний дууны их наадам шөнийн 00:00 цаг хүртэл үргэлжилсэн юм. Дө­рөвдүгээр шатанд шал­гарсан 35 оролцогчийн шил­­­дэг номер дууссаны да­­раа шүүгчид тэмцээний дүнг гаргах гэж цаг гаруй зөвлөлдөв.

Шүүгчдийг ху­ралдах хооронд МУАЖ, дуучин Ш.Чимэдцэеэ, МУГЖ, дуучин С.Эрдэнэ­цэ­цэг, Б.Ариун­баатар,  за­луу дуу­­чин П.Жимсээ бо­­лон анх­­дугаар  наадмын шаг­налт­нууд ая дуугаа өргөлөө. Ийнхүү бүтэн таван цаг үргэлжилсэн тоглолтын тан­хим бүгчим байсан ч хаяж гаралгүй, хашгирч шуу­­гилдалгүй тайван үзэж сонирхсон  нь Монголын үзэгч­­­дийг  хэчнээн  тэвчээр­тэй хүмүүс болохыг харуул­лаа.

 

М.Энхтуяа: Дуугаа өдөржин, шөнөжин давтсан

 

Монгол үндэстний дуу­ны их наадмын хам­гийн за­­луу залуу оролцогч бо­­лох 058 дугаартай М.Энх­туяагийн сэтгэгд­лийг хуваалцлаа. Тэрбээр 11 настай ч ах, эгч нар­тай­­гаа эн тэнцүүхэн өр­сөл­дөж, Ардын богино дууны төрөлд дэд байрт шалгарсан юм.

-Баяр хүргэе. Манай ун­шигчдад өөрийгөө танил­цуулаач?

-Би  Ховд    аймгийн   Эрдэнэ­­бүрэн сумаас ирж оролцож байгаа. Анх “Дуу­лах өв” улсын уралдаанд оролцож, “Уран сэтгэлгээт дуучин”-аар шалгарч байсан. Түү­нээс хойш олон тэмцээнд оролцсон.

Ах, эгч нартайгаа мөр зэрэгцэн дуулж, хуурдаад энэ сайхан шагналыг авсан­даа баяртай байна.

-Оролцогчдоос хамгийн залуу нь байлаа. Тэмцээний үед хүндрэлтэй зүйл то­хиолдов уу?

-Дуугаа өдөржин, шөнө­жин давтсан. Их ядарсан. Гэхдээ дуугаа сайн бэлдсэний хүчинд энэ том шагналыг авлаа гэж бодож байна.

 

“Бид бол орчин цагийн магтаалчид”

 

Стиль имиж, дуулсан дуу гээд бүхий л зүйлээрээ бус­даас ялгарч чадсан орол­цогчид бол Сэлэнгэ айм­гаас ирсэн “Загасан ши­рээт тамга” хамтлаг байсан юм. Тус хамтлагийн ги­шүүн Б.Одсайхан, С.Баа­тар нартай хэдэн хором ярилцлаа.

-Эстрад дууны төрөлд гуравдугаар байрт шалгар­санд баяр хүргэе. Танай хамт­лагийн нэр, дуулсан дуу, өмссөн хувцас гээд бүх зүйл онцгой байлаа?

-Загасан  ширээт бол ма­най адууны тамга л даа. Бид мөнх хөх тэнгэрийнхээ зараалаар орчлон хорвоо дээр мэндэлж, түүний зар­лигаар хийж бүтээх зүйлээ хийдэг. Энэ ч ут­гаа­раа мон­гол хүн мөнх хөх тэн­гэртэйгээ холбоотой бай­­даг гэдэг бэлгэдлээ бо­дож, хамтлагийнхаа нэ­рийг өг­сөн юм. Нөгөө та­лаас ардын урлагаа орчин ца­гийн ур­лаг­тай хослуулан, ирээ­дүй, хойч үедээ өвлүүлэн үл­дээхийг хүссэн. Иймээс  бид­нийг орчин цагийн маг­таал­чид гэж хэлж болох юм.

Хамтлагийн нэр, зорилго, хэлэх гэсэн зүйлээ бодож хувцсаа сонгосон.

-Та хоёр урлагийн хү­мүүс үү?

-Үгүй ээ. Би Сэлэнгэ айм­гийн Ерөө суманд теле­визийн зураглаачаар ажилладаг. Баатар маань эдийн засагч, санхүүч мэргэжилтэй. Одоо сумандаа Орон нутаг сур­талчлах тан­химийн ажилт­наар ажиллаж байгаа.

 

Б.Ууганбаяр: Уртын дуу хүний сэтгэлийг цэлмээдэг

 

Монгол үндэстний дуу­­ны их наадмын орол­цогчдыг таван төрлөөр өрсөлдүүлж, төрөл тус бүрт гурван авьяастанг шал­гаруулан шагнасан. Тэм­цээний тэргүүн дээд шагнал Гран при-г Үндэсний дуу бүжгийн чуулгын уртын  дуучин Б.Ууганбаяр хүртсэн юм. Түүнийг шагналаа гард­саных нь дараа уулзаж, баяраас нь хуваалцлаа.

-Шүүгчид цаг хэр­тэй зөвлөлдсөний эцэст авьяастнуудыг шалга­руул­лаа. Өөрийгөө Гран при шагнал хүртэнэ гэдэгт итгэлтэй байв уу?

-Энэ эрхэм шагналыг хүр­тэнэ чинээ төсөөлсөнгүй. Шагналтнуудыг    тодруу­лахыг хүлээх зуураа их дог­­долж байлаа. Уртын дууны төрөлд эхний гурван байрт шалгарсан орол­цогчдыг дуудаж дуусахад “Би шалгараагүй юм байна даа” гэж бодож зогссон. Гэтэл “Тэргүүн дээд шагнал Б.Ууганбаяр” гэж зарлахад үнэхээр их баярласан.

-Яагаад уртын дуучин хэмээх мэргэжлийг сонгосон юм бэ?

-Би уг нь спортын хүн. Барилддаг. Мөн волейбалын нэгдүгээр зэрэгтэй. Аав маань биеийн тамирын багш хүн. Тэр ч утгаараа спортын хүн болно гэж боддог байлаа.

Тэр үед өдөржин бэлтгэл хийгээд их ядардаг байсан. Бэлтгэлийнхээ дараа гэртээ хариад уртын дуу сонсож, алжаалаа тайлдаг байлаа. Баттөмөр гуайн дуулсан “Эрдэнэ засгийн унага”-ыг их сонсоно. Тэгээд л уртын дуунд дурлаж, үүнийгээ ээждээ хэлснээр Дундговь аймгийн харьяат Арилдий гэдэг хүнтэй танилцсан юм. Арилдий багш маань надад уртын дууны А үсгийг зааж, “Энэ бол ая нь аргадаж, үг нь зэмлэдэг агуу урлаг юм шүү” гэдгийг ойлгуулсан.

Би ШУТИС-д геодезийн инженер мэргэжлээр сурч байсан. Уртын дуунд дур­лас­наар СУИС-д шалгалт өгөөд тэнцсэн. СУИС-д ороход на­майг анхлан тосч авсан хүн нь миний багш, МУСТА Ц.Дэлгэр. Багшийгаа биеэ эмчлүүлэхээр гадагшаа явс­ны дараа МУАЖ А.Нэр­гүй хэмээх агуу хүнээр ха­гас жил хичээл заалгасан. Миний багш нар их агуу хүмүүс. Тэднээр хичээл заал­гаж, энэ агуу урлагт сурал­цаж яваадаа хязгааргүй их баярладаг.

Уртын дуу бол хүний сэтгэлийг үүлгүй тэнгэр шиг цэлмээж, уужуу тайвуу, ухаа­лаг болгодог агуу урлаг. Би энэ урлагт нэвт орчихоод явж байна даа.

-Тэмцээний туршид шүүгч­­дээс сонссон хамгийн сай­хан урмын үг юу байв?

-Би гуравдугаар шатанд “Хэрлэнгийн баръяа”-г дуул­сан юм. Ханиад хүр­чихсэн байсан учир “Яах бол доо” гэж эмээж байсан. Гэтэл шүүгчид “Их сайхан уран дууллаа” гэсэн. Багш нар маань “Их сайхан уран дуулах хэрэгтэй. Тэгж  л хүний сонорт хүрдэг юм шүү дээ” гэж захидаг. Тиймээс шүүгчдийн энэ үгэнд их урамшсан.

Би алдарт дууч С.Дамчаа гуайн дуулснаас суралцаж, түүнийг гүйцэхгүй ч гэсэн “Би “Хэрлэнгийн баръяа” хэмээх энэхүү гайхамшигт дууг ийм түвшинд сурлаа” гэдгээ харуулж чадлаа.

-Таны цаашдын зо­рилго?

-Мэргэжлээрээ үргэлж­лүүлэн ажиллана. Үндэсний дуу бүжгийн чуулга хэмээх энэ том айлд бүл нэмэн орж ирээд, жил гаруй хугацааг ардаа үдлээ. Монголын ур­лагийн амьд бурхадтай хамт ажиллаж байгаагаараа бахархаж байна. Энэ агуу хүмүүсээс сурах юм их байна.


Эх сурвалж: "Өглөөний сонин"