
ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 7 /DW/. Йемений хусит босогчид “бууж өгсөн”, АНУ-ын арми хуситуудад өгч буй цохилтоо зогсооно гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр мэдэгджээ.
Д.Трамп Цагаан ордонд Канадын Ерөнхий сайд Марк Карнитай хийсэн хамтарсан хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ "хуситууд цаашид байлдахыг хүсэхгүй байна" гэжээ.
"Йемений босогчид дахин хөлөг онгоц дэлбэлэхгүй гэдгээ хэлж байна. Бид үүнийг сайшааж байна, бид ч мөн бөмбөгдөлтөө зогсооно" гэж тэрбээр мэдэгдсэн байна. АНУ болон хуситууд Оман улсын зуучлалаар гал зогсоох тохиролцоонд хүрсэн гэж тус улсын Гадаад хэргийн сайд Бадр аль-Бусаиди Х нийгмийн сүлжээнд бичжээ.
"Цаашид Улаан тэнгис, Баб-эль-Мандебын хоолойд зорчиж буй АНУ-ын хөлөг онгоцуудыг оролцуулаад талуудын аль аль нь бие биенийгээ мөшгөхгүй. Ингэснээр далайн замын аюулгүй байдал хангагдаж, олон улсын худалдааны хөлөг онгоцууд чөлөөтэй, саадгүй зорчих боломжтой болно" гэж аль-Бусаиди мэдэгдсэн байна. Сүүлийн долоон долоо хоногийн турш АНУ хуситуудын байгууламжуудыг бараг өдөр бүр бөмбөгдөж байсан юм. Йемений босогчдын мэдэгдсэнээр бол, энэ хугацаанд 300 орчим хүн амиа алджээ. Энэ мэдээллийг хараат бус эх сурвалжаар шалгах боломжгүй байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
АНУ өөрөө хуситуудад бууж өгсөн л дөө. АНУ н адмирал ,-Бид хуситуудын 10 мянган долларын үнэтэй пуужинг 10 сая долларын үнэтэй пуужингаар сөнөөж байна. Удаан ингэж үргэлжлүүүлж болохгүй гэж хэлсэн юм. АНУ хамгийн түрүүнд эдийн засгийн тооцоо хийдэг л дээ.