Нягтлан бодох бүртгэлийн тулгамдсан асуудлаар Монголын нягтлан бодох бүртгэлийн хүрээлэнгийн тэргүүн Монгол улсын гавьяат эдийн засагч, доктор, профессор Л.Дондогтой манай сурвалжлагчийн хийсэн ярилцлагыг нийтэлж байна.
-УИХ-аар удахгүй Нягтлан бодох бүртгэл, Аудитын тухай хуулийн шинэчлэл хэлэлцэгдэх гэж байгаа гэсэн. Үүнтэй холбогдоод Танаас хэдэн зүйлийг тодруулах гэсэн юм. Юуны өмнө Та манай уншигчдад нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр хийж бүтээсэн ажлынхаа талаар танилцуулна уу?
-За баярлалаа. Би Санхүүгийн техникум төгссөн нягтлан бодогч хүн л дээ. Нэгдлийн ерөнхий нягтлан бодогчоор 7 жил ажилласан. Дараа нь ШУА-ийн Эдийн засгийн хүрээлэнд 20 шахам жил ажиллаад нягтлан бодох бүртгэлийн салбартаа эргэж ирсэн дээ. Ингэх шалтгаан тохиосон юм.
1991 оны сүүлээр АНУ-д туршлага судлахаар очоод америкийн болон олон улсын нягтлан бодох бүртгэлийн талаар нилээд зүйлийг сонссон юм. АНУ-аас ирээд үзсэн зүйлээ амьдралд хэрэгжүүлэхсэн гэж их хүсч байсан. Ингээд тэр үеийн Сангийн сайд болон яамны хүмүүстэй уулзаж, нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн төсөл дээр ажиллаж, 1993 онд хуулиа батлуулсан, дараа нь Сангийн сайдын дэргэдэх Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн зөвлөлийн даргаар томилогдсон.
Энэ хуульд Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг нэвтрүүлэх, мөн мэргэшсэн нягтлан бодогчийн тогтолцоо, аудитын байгууллага байгуулах, санхүүгийн тайланд аудит хийх гээд орчин үеийн олон асуудлыг тусгасан. Тэр үед эдгээр асуудлыг мэддэг хүн монголд байгаагүй, иймээс олон улсын санхүүгийн байгууллагын тусламжийг сайн ашигласан даа.
Нягтлан бодох бүртгэл, аудитыг хөгжүүлэх талаар төрөөс олон чухал арга хэмжээ авсан. 1997 онд батлагдсан Аудитын тухай хуулийн төслийг бэлтгэх, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 2001 оны шинэчилсэн найруулгын төсөл, Аудитын тухай хуулийн 2006 оны шинэчилсэн найруулгын төсөлд нилээд их үүрэгтэйгээр оролцсон.
Шинэ бүртгэлтэй холбоотой маш олон аргачлал, журам батлуулж, олон удаагийн стандарт, сурах бичгийн орчуулгыг зохион байгуулж, хуучин тогтолцооны олон арван мянган нягтлан бодогчдыг дахин сургасан. Энэ бүхий үр дүнд олон улсын стандартын нэвтрэлт 86.5 хувьд хүрч. мэргэшсэн нягтлан бодогч, аудитын үндэсний тогтолцоо шинээр бүрдсэн юм. Би одоо ч гэсэн нягтлан бодох бүртгэл, нягтлан бодогчдынхоо төлөө зүтгэсээр л явна даа. Ингээд яриад байвал их юм байгаа жаахан товчлох уу даа.
-Нягтлан бодогч гэдэг” сайхан мэргэжил” гээд зарим нь ярьдаг. Гэтэл нөгөө хэсэг нь “ёстой хэрэггүй мэргэжил” гэх явдал ч бий. Мэргэжлийн хүний хувьд та юу гэж боддог вэ?
-Аливаа юм сайн муу, сайхан муухай талуудтай байдаг. Сайн тал нь ажлын байр ихтэй, хичээвэл өсөж өндийх өргөн боломжтой, саар тал нь эрсдэл ихтэй л дээ.
Аж ахуйн нэгж байгууллагын нийт мэргэжилтнүүдийн дотроос хамгийн их илүү цаг ажилладаг нь нягтлан бодогчид болох нь судалгаанаас харагддаг. 600 нягтлан бодогчдын дунд явуулсан судалгаагаар ажлын өдрийн үргэлжлэл дунджаар 10-13 цаг байдаг ажээ.
Үүнээс болж эрүүл мэндийн эрсдэлд орох нь бусад мэргэжилтнээс илүү, тархи, мэдрэл, бодисын солилцоо, үе мөчний өвчнөөр илүү өвчлөмтгий байдаг байна. Энэ нь тэдний амьдралын өртгийг өндөрсгөж байдаг. Мөн нягтлан бодогчид ингэж илүү цагаар ажилладагаас болж гэр бүлдээ анхаарал халамж тавьж чаддаггүй, гэр бүлийн дотор нэр хүнд тааруу, ийм учраас танилцах зарлалд “нягтлан бодогчоос өөр мэргэжлийн хүнтэй гэрлэнэ” гэсэн байх нь элбэг тохиолддог.
Түүгээр ч барахгүй “Нягтлан битгий болоорой” гэсэн томоохон нийтлэл/Өнөөдөр2013.08.19/ зарим хэвлэлд гарах боллоо. Нягтлан бодогч бол эрсдэл ихтэй ажил юм. Хоёр жилийн өмнө НӨАТ-ын хэргээр 1000 шахам компанийн захирал, нягтлан бодогчид хэрэгт холбогдсон. Энэ бол захиралынхаа тушаалыг биелүүлснээс болж гэмгүй хүн хэрэгт холбогдож байгаа юм. Зөвхөн 2010 онд Татвараас зайлсхийсэн 116 гэмт хэрэг Давж заалдах шатны шүүхээр орж шийтгүүлж байжээ.
Ийм хүнд бөгөөд эрсдэлтэй ажил мөртлөө нягтлан бодогчийн цалин, нийгмийн халамж харцангуй бага байна. Төрийн байгууллагын нягтлан бодогч 465.0-550.0 мянган төгрөгийн, харин том аж ахуйн нэгжийн нягтлан бодогч нэг сая гаруй төгрөгийн цалинтай байна. Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдын ихэнхи нь ажилласан хугацааны болон тэтгэвэрт гарах үеийн хангамж, зэрэг, дэвийн нэмэгдэл эдэлдэг бол нягтлан бодогчдод тийм зүйл байдаггүй.
Дээр дурьдсан жишээгээр, төрийн байгууллагад сургууль төгсөөд орсон нягтлан бодогч 465,0 мянган төгрөгийн цалинтай байхад 20 жил ажилласан туршлагатай нягтлан бодогч 550.0 мянган төгрөгийн цалинтай байгаа нь зохисгүй байна. Цаашдаа нягтлан бодогчдын цалин, тэтгэмжийн талаар дараах 2 асуудлыг хуульд оруулах шаардлагатай:
* нягтлан бодогчдыг тэргүүлэх, ахлах, нягтлан бодогч гэсэн гурван мэргэжлийн зэрэгтэй болгож, цалинг нь тус бүр 20-30 орчим хувийн интервалаар өсгөх замаар цалинг нэмэгдүүлэх.
* нягтлан бодогчийг тэтгэвэрт гарахад нь улсын төсвөөс 12-18 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгодог болох.
Энэ тэтгэмжийг зөвхөн төсөвт байгууллагаар хязгаарлахгүй, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид ажилладаг нягтлан бодогчдод ч улсын төсвөөс олгодог байвал зохино. Гэхдээ нэг болзол байх ёстой. Энэ нь тухайн нягтлан бодогч аж ахуйн нэгж байгууллагад ажиллах хугацаандаа аливаа албан татварын талаар ямар нэгэн зөрчилд холбогдоогүй байх явдал юм.
Хэрэв ийм урамшуулалтай бочихвол нягтлан бодогчид компанийн захиралын үгээр татварын тооцоо тайланд буруу зүйл хийхгүй болох юм. Нягтлан бодогчдод урамшуулалын ийм хөшүүлэг хэрэглэхэд улсын төсвөөс зохих хэмжээний мөнгө гарах болно. Гэхдээ түүний үр өгөөж нь нягтлан бодогчдод олгосон мөнгөнөөс хавьгүй их байх юм. Энэ талаар нэг товчхон тооцоо хийж үзье.
Жилд нэг зуу орчим нягтлан бодогч тэтгэвэрт гардаг юм билээ. Нэг хүнд 12.0 сая төгрөгийн тэтгэмж олгоно гэвэл нийт 1200.0 сая төгрөг төсвөөс гарна. Татварын байгууллагын мэдээлэлээр 2010 онд татвартай холбоотой 98.8 тэрбум төгрөгийн зөрчил гарч байжээ. Энэ зөрчлийг дөнгөж 1.3 хувиар бууруулахад улсын төсвөөс нягтлан бодогчдод олгосон мөнгө бүрэн нөхөгдөх өөр байна. Яг энэ хөшүүргийг оновчтой хэрэглэж чадвал татварын зөрчил эрс буурах болно.
Бидний тооцоогоор дээр дурьдсан зөрчил 80 орчим хувиар буурахаар байгаа юм. Энэ нөхцөлд улсын төсвийн орлого 79,0 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, зарцуулсан мөнгөний өгөөж 66 дахин өсөх боломжтой юм. Ухаалаг төр гэдэг бол дутагдлаа ингэж засах ёстой болов уу гэж бодож байна. Энэ хоёр асуудлыг шинээр батлах гэж байгаа хуулийн төсөлд оруулж өгөөсэй гэж туйлын ихээр хүсч байгаа даа.
-Шинээр томилогдсон байгууллагын дарга нар хамгийн эхлээд л нягтлан бодогчоо халж байгаа дуулддаг. Ер нь ингэх ёстой юу?
-Та маш чухал зүйл асуулаа, энэ бол хамгийн буруу зуршил даа. Улсын төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчийн аж ахуйн нэгжийн шинээр томилогдсон дарга нягтлан бодогчоо сольдог нь гэм биш зан болсон. Үүнийгээ тэд хамтран ажиллах багаа бүрдүүлж байгаа гэдгээр тайлбарладаг. Энэ бол үнэн хэрэгтээ төрийн өмчийг идэж завших нөхцөлөө бүрдүүлж байгаа хэрэг мөн гэдэг нь хэнд ч ойлгомжтой.
Төрийн өмчийг идэж завшсан хэргийн цаана дарга, нягтлан бодогч хоёрын ямар нэгэн холбоо сүлбээ байдаг. Ийм ойлгомжтой байхад төрийн өмчийг хамгаалах үүрэгтэй төрийн олон яам, агентлаг, албан тушаалтнуудын хэн нь ч дуугардаггүй, Яагаад энэ вэ? бүгдээрээ хуйвалдаж байгаа юм биш биз? Энэ талаар Сангийн яам ажлаа хийдэггүй.
Энэ асуудлыг хуульд оруулъя гэхээр элдэв шалтаг хэлээд оруулдаггүй. Ийм шалтаг хэлж байгаа хүмүүс бол нөгөө идэгч нараа л хамгаалж байгаа хэрэг шүү дээ, өөр юу ч биш. Хуулийн шинэ төсөлд төр өмчөө хамгаалахын тулд төсөвт байгууллага болон төрийн ба орон нутгийн өмчит аж ахуйн нэгж байгууллагын нягтлан бодогчийг хэн нэгэн дарга дураараа халчихдаггүй, мэргэжлийн комиссын дүгнэлтээр халдаг болох талаар маш тодорхой заалтыг тусгаж, хэрэгжилтийг нь хянадаг байх хэрэгтэй.
-Нягтлан бодогч мэргэжилтэн бэлтгэдэг маш олон сургууль байгаа юм шиг байдаг. Ажлын байрны хэрэгцээнээс л ингэдэг байх даа. Одоо их, дээд сургуулиудын төгсөлт болж байна, бүх төгсөгчид ажилтай болно биз?
-Манай улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжийн тоо нэг зуун мянгаас хол давсан, тэднээс үйл ажиллагаа явуулдаг нь 60-70 мянга орчим. Тэгвэл нягтлан бодогч мэргэжилтэй хүний тоо 30 мянгаас их хэтрэхгүй. Ингэхээр ажлын байр байгаа хэрэг, гэхдээ шинэ төгсөгчид ажилд орно гэдэг нилээд сүрхий шалгуурыг давах хэрэгтэй болдог. Хамаг хөрөнгөө хүнээр мануулах вэ гэдэг зүй ёсны асуулт гарах нь ойлгомжтой.
Гэхдээ нэн даруй заларуулбаас зохих нэг гажиг байгаа л даа. Нягтлан бодогч мэргэжилтэн бэлтгэх ажиллагаа замбараагүй. Улсын сургуулийн НББ-ийн тэнхимд 20-30 багш байхад зарим хувийн сургууль нягтлан бодогч мэргэжилтэн бэлтгэдэг атал 2-3 багштай, их сургуульд 6 кредит цагаар үздэг хичээлийг зарим нь 2 кредитээр үздэг. СТОУС-ыг ихэнхи хувийн сургууль заадаггүй. Ийм сургууль төгссөн хүн яаж байгууллагын нягтлан бодогч хийх юм бэ? чадахгүй ш дээ.
Иймээс нягтлан бодогч мэргэжлээр төгсөгчдийг нэг шалгуураар хэмждэг болох хэрэгтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл нягтлан бодогч мэргэжлээр төгсч байгаа бүх оюутнаас мэргэжлийн улсын шалгалтыг мэргэжлийн ТББ-аас бүрдсэн комисс нэг шалгуураар авдаг болох хэрэгтэй. Үүнийг хуульд тусгах шаардлагатай.
-Тэгвэл сайн муу нягтлан гэж байх нь ээ дээ?
-Тэгэлгүй яахав. Сайн нягтлан санхүүгийн менежментийг илүү сайн хийдэг учраас байгууллагыг өөд татна, харин муу нь байгууллагыг алдагдалд оруулна, хөрөнгийг нь хүнд өгөөд алдчихна, татварын тайланг буруу гаргаад торгуулна, даргаа ч хөөдөж магадгүй, бас өөрөө ч эрсдэлд орж мэднэ. Байгууллагын дарга нар нягтлан бодох бүртгэлийн талаар тааруу мэдлэгтэй учраас нягтлан бодогчоосоо хараат болчихсон байх нь олонтаа байдаг.
Компанийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллах чадвартай мэргэжилтэн мөн эсэхийг мэдлэг туршлага талаас нь шалгаж тогтоох, мөн ерөнхий нягтлангаар ажиллаж байгаа мэргэжилтэнг тухайн албан тушаалд нь мэргэшүүлэх тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй. Үүнтэй холбогдоод тэргүүлэх, ахлах мөн нягтлан бодогч гэсэн мэргэжлийн зэрэг байх талаар дээр ярьсан зүйл үүнтэй бас холбогдож байгаа юм. Шинээр гарах хуульд энэ асуудлыг бас оруулах шаардлагатай байгаа юм.
-Танай байгууллага сүүлийн үед нягтлан бодогчдоор тангараг өргүүлж байгаа дуулдсан. Энэ талаар тайлбарлаж өгнө үү?
-Монголын нягтлан бодох бүртгэлийн хүрээлэн ТББ нь Сангийн сайдын 2013 оны 6/7068 тоот албан бичгээр өгсөн зөвлөмжийн дагуу” Мэргэжлийн нягтлан бодогчийн ёс зүйн дүрэм”-ийг батлаад нягтлан бодогчдоор тангараг өргүүлж, тангараг өргөсөн тухай батламж бичигт гарын үсэг зуруулж байна.
Энэ дүрэм гарснаар нягтлан бодогчид ёс зүйн талаар ойлголт, мэдлэгтэй болж хориглосон заалтуудыг ямагт санаж, элдэв зөрчлөөс өөрийгөө хамгаалах сэтгэл зүйн бэлэн байдлыг хангахад хамгийн гол ач холбогдол нь оршиж байдаг. Мөн нягтлан бодогч ёс зүйн тангараг өргөсөн учраас буруу үйлдэл хийхгүй гэдэг сэтгэлгээг олон түмэнд ойлгуулах ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, байгууллагын удирдлага болон бусад талаас нягтлан бодогчид ирэх элдэв дарамт шахалт багасна гэсэн үг юм.
Тангараг өргөсөн нягтлан бодогчид Монголын нягтлан бодох бүртгэлийн хүрэлэнгийн гишүүн болох юм. Ингэснээр тэд манай хүрээлэнгээс мэргэжлийн мэдээлэлийг янз бүрийн хэлбэрээр авах, ажил мэргэжлийн эрх нь зөрчигдсөн нөхцөлд эрх зүйн туслалцаа авах боломжтой болох юм. Энэ 6 сарын 20-нд дараагийн тангараг өргөх ёслол болно. Мөн аймгуудад энэ оны сүүлийн хагаст тусгай хуваарийн дагуу нягтлан бодогчдыг тангараг өргүүлэх болно.
Манай хүрээлэн нягтлан бодогчдыг мэргэжлийн зэрэгтэй болгох, байгууллагын ерөнхий нягтлан бодогчдыг уг ажилд нь мэргэшүүлэх талаар бага гэлтгүй ажил хийж эхлээд байгаа. Манай энэ хийгээд байгаа ажлыг хуульд тусгаад баталгаажуулаад өгвөл нэн их хэрэгтэй байна.
-Нягтлан бодох бүртгэлийн удирдлагын тогтолцоо хэр зөв бүрдсэн гэж Та үздэг вэ. Манай улсын удирдлагын бүтэц дээрээ данхайгаад, дороо яг хүндээ хүрэх нь тааруу байдаг.Танай мэргэжлийн удирдлагад тийм зүйл байхгүй биз дээ?
-Энэ бас толгой өвтгөсөн чухал асуулт шүү. Нягтлан бодох бүртгэлийг улсын хэмжээнд арга зүйн удирдлагаар хангах үүргийг Сангийн сайд хуулиар хүлээдэг. Иймээс Сангийн яамны бүтэцэд Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар бий. Мөн хажууд нь Нягтлан бодох бүртгэл, аудитын стандартын хороо гэж орон тооны бус байгууллага байгаа.
Нягтлан бодох бүртгэл, аудитын мэргэжлийн нилээд олон ТББ байдаг, тэдгээрээс үйл ажиллагаа нь төрийн хуулиар зохицуулагдсан нь Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт/ММНБИ/ юм. Мэргэжлийн хөгжилд түүнээс дутуугүй үүрэгтэй Монголын нягтлан бодох бүртгэлийн хүрээлэн, Дотоод аудитын институт, Аудитын холбоо зэрэг байгууллага бий. Энэ салбарт байгуулагдсан ТББ-уудын үйл ажиллагаа хоорондоо давхцдаггүй онцлогтой.
Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт гурван мянга гаруй МНБ нарт зориулсан үйл ажиллагаа явуулдаг бол Монголын нягтлан бодох бүртгэлийн хүрээлэн нийт нягтлан бодогч буюу гучин мянга гаруй мэргэжилтэнд хүрч үйлчлэн мэдлэг чадварыг нь дээшлүүлж, ёс зүйн хяналт тавьдаг.
Мөн Дотоод аудитын институт олон арван мянган компанийн дотоод аудитын албыг хөгжүүлэхийн төлөө, Монголын аудитын холбоо төрийн болон хараат бус аудиторуудын ажил, амьдралын төлөө хүчээ өргөж байна. Нэг зорилгын төлөө ингэж олон салаа сувгаар ажиллаж байгаа иргэний нийгмийн байгууллагуудыг төр алаг үзэж заримыг нь ивээлдээ авч, бусдыг нь хүрээний гадна орхидог нь шударга биш бизээ.
Сангийн яамнаас боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн Нягтлан бодох бүртгэлийн хуулийн шинэ төсөлд ММНБИ-д монополь эрх олгоод СЯ-ны Нягтлан бодох бүртгэл, аудитын стандартын хороог яг одоогийн байгаа байдлаар нь үлдээж, бусад ТББ-ыг шоовдор хэвээр нь орхиж байгаа нь харамсалтай байна.
Хуулийн төсөлд нягтлан бодох бүртгэлийн зохион байгуулалтын дараах асуудлыг анхаарч авч үзвэл зохино. Үүнд:
1. Аливаа бүтэц зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэхэд бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих гэсэн 3 үүргийг нэг байгууллагад төвлөрүүлбэл тэнд ашиг сонирхлын зөрчил, хүнд суртал гээд аль хортой бүхэн цэцэглэдэг жамтай. Иймээс тэдгээр үүргийг өөр өөр байгууллагад эрхлүүлэх асуудлыг энэ хуулиар шийдвэрлэх ёстой. Тухайлбао Сангийн яам бодлого боловсруулах үүрэгтэй бол тэнд ямар ч хэрэгжүүлэх үүргийг ногдуулж болохгүй, харин бодлогын хэрэгжилтийг хянах үүрэг байж болох юм. Энэ нь нягтлан бодох бүртгэл аудитын хуулийн боловсруулалтад баримталбал зохих зарчим байх ёстой.
2.Одоогийн хуулийн зохицуулалтаар Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох, эрхийг хасах, шийтгэл ногдуулах үүрэг Сангийн сайдад байсныг авч ММНБ-ийн институтийн Удирдах зөвлөлд олгохоор төсөлд тусгажээ. Үүнээс гадна янз бүрийн үүрэг нэмснээр институт наад зах нь дараах 18 эрх эдлэхээр байна. Үүнд:
1. мэргэшсэн нягтлан бодогчийг бэлтгэх сургалт,
2. шалгалт авах ажиллагаа
3. МНБ-ын гэрчилгээ олгох
4. МНБ-дын 3 ба 5 дах жилийн эрх сунгах сургалт
5. МНБ-ын дээрхи 2 удаагийн эрх сунгах шалгалт
6. МНБ-ын тасралтгүй боловсролын сургалт/жилд 40 кт цаг/
7. ёс зүйн дүрмийг батлах,
8. ёс зүйн хэрэгжилтэнд хяналт тавих,
9. аудитын компаниудыг арга зүйн удирдлагаар хангах
10. аудиторыг бэлтгэх сургалт
11. аудиторын батламж олгох
12. аудиторын давтан сургалт,
13. аудитын ажиллагаанд хяналт тавих
14. аудитын чанарын хяналт
15. нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартуудын орчуулга,
16. аудитын олон улсын стандартын орчуулга
17. нягтлан бодох бүртгэл, аудитын арга зүйг боловсруулах
18. НББ-ийн сургалтын байгууллагуудад зөвшөөрөл олгох
Эндээс харахад ММНБИ нь мэргэшсэн нягтлан бодогч, аудиторуудын хувьд мэргэжлийн монопольт байгууллага болохоор байна. Энэ үйл ажиллагаанд Сангийн яам нилээд оролцоотой, хяналт тавьсаар байгаа одоогийн нөхцөлд тус институтийн удирдлага, багш нарт хандсан мэргэшсэн нягтлан бодогчдын шалгалт авах, эрх олгох, давтан шалгалт, аудиторын лицензи олгох үйл ажиллагаанд мөнгөний нөлөө их байгаа талаар шүүмжлэл их гардаг болжээ. Хэрэв цаашдаа институт ямар нэгэн хяналтгүй дээр өгүүлсэн монополь эрх эдэлдэг байвал энэ байдал улам даамжирах магадгүй.
Мэргэшсэн нягтлан бодогчдын институт мэргэшсэн нягтлан бодогч бэлтгэх сургалтыг өөрөө явуулаад өөрөө шалгалт авна гэдэг бол шууд ашиг сонирхлын зөрчлийг бий болгож байгаа хэрэг мөн. Бас аудиторын сургалтыг өөрөө зохин байгуулаад өөрөө тэднээс шалгалт аваад, өөрөө хяналт тавьдаг байх нь бас л ашиг сонирхлын зөрчил үүсгэнэ. Иймд ММНБИ-д ногдуулах гээд байгаа тэдгээр үүргүүдийг Төр, төрийн бус байгууллагуудад тэнцвэртэй хувиарлах нь зүйтэй.
Тухайлбал, Английн АССА /Association of Chartered Certified Accountants/ гэдэг дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэшсэн нягтлан бодогчдын байгууллага мэргэшсэн нягтлан бодогч бэлтгэх сургалт болон шалгалт авах эрхийг өөрийн шаардлага хангасан сургалтын байгууллагуудад гэрээгээр олгоод үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажилладаг байна. Энэ нөхцөлд ашиг сонирхлын зөрчил, хээл хахуул гэгч байдаггүй ажээ.
Энэ мэт эерэг талаас нь авч үзвэл, дээр өгүүлсэн жагсаалтын 1,2,4,5 дах үүргийг ММНБИ-ийн хөтөлбөрийн шаардлага хангасан мэргэжлийн сургалтын байгууллагууд, 14 дэх үүргийг Санхүүгийн зохицуулах хороо, Монголын аудитын холбоо, 15-18 дах үүргийг СЯ-ны дэргэдэх Нягтлан бодох бүртгэл, аудитын стандартын хороо, эсвэл мэргэжлийн ТББ-д ногдуулах нь зүйтэй. Харин 3, 6-13 дах үүргийг ММНБИ хариуцдаг байж болох юм.
Ингэснээрээ би ММНБИ-ийн эсрэг санал тавьж байгаа хэрэг биш юм.Институт бусад сургалтын байгууллагад сургалт шалгалтын үүргээ шилжүүллээ гээд түнээс олох орлого нь буурахгүй байх боломжтой. Үүнээс гадна институт одоо өөрөө нэвтрүүлж чадахгүй байгаа хэлбэр агуулгыгсургалтын практикт нэвтрүүлэх, энэ талбарт өрсөлдөөн үүсгэх, сургалтын чанар сайжрах гээд олон талын ач холбогдолтой юм.
3.Одоо Сангийн яамны НБББ-ын газрын дэргэд Нягтлан бодох бүртгэл, аудитын стандартын хороо байгаа. Энэ хороо хаяа нэг хуралддаг ямар ч эрхгүй, хүчгүй, мөнгөгүй, хүн тоодоггүй, олигтой ч шийдвэрлэсэн зүйлгүй нэр төдий байгууллага байдаг. Энэ хороо орон тооны ажилтангүй, яамны нэг мэргэжилтэн НБД-ын үүрэг хүлээдэг. Гэтэл шинэ хуулийн төсөлд энэ байгууллагыг яг хэвээр нь үлдээхээр тусгасан нь хачирхалтай.
Энэ удаагийн хуулийн өөрчлөлтөөр тус байгууллагын хэлбэр, статусыг нэг мөр эрс шинэчлэх шаардлагатай. Энэ байгууллага нь олон улсын жишгээр бол СТОУС-ыг орчуулах, орчуулгыг хүлээн зөвшөөрөх, олон улсын стандартын боловсруулалтад монголын хувь оролцоог бий болгох, үндэсний стандартыг боловсруулах, батлах, арга зүй, арга , аргачлал, гарын авлага гаргах, маргаантай асуудлыг эцэслэн шийдвэрлэх, стандартын нэвтрэлтэнд хяналт тавих үүрэгтэй.
Нягтлан бодох бүртгэлийн стандарт тогтоох гэдэг бол төрийн үүрэг гэж үздэг. Учир нь нягтлан бодох бүртгэл нь бизнесийн тааламжтай орчны бүрэлдэхүүнд багтдаг бөгөөд мөн төр татвар хураах нотолгоо болдогоос гадна мэдээлэлийн эх сурвалж болдог. Иймээс нягтлан бодох бүртгэл нь аль ч улсын төрийн бодлогод чухал байр суурь эзэлсээр ирсэн.
Гадаадын бусад оронд НББ-ийн стандартын хороог 3 янзаар байгуулсан байдаг. Үүнд:
1.Улсын төсвөөс санхүүждэг төрийн байгууллага хэлбэрээр. Өндөр цалинтай чадварлаг мэргэшсэн ажилтнуудтай. Татвар төлөгчдөд НББ-ийн стандарт боловсруулж өгч байгаа нь тэдэнд төрөөс үйлчилгээ үзүүлж байгаа нэг хэлбэр гэж үздэг.
2.Улсын татаастай, төр ба иргэний нийгмийн холимог байгууллага. Удирдах зөвлөл нь төр ба иргэний нийгмийн адил тооны төлөөлөлөөс бүрддэг. Чадварлаг олон ажилтнуудтай.
3. Өөрийн үйл ажиллагааны орлогоор санхүүждэг төрийн бус байгууллагад төр өөрийн үүргийг гэрээгээр шилжүүлдэг.
Эдгээрээс аль нэг хэлбэрийг сонгож зоригтой шийдвэрлэж хуульд тусгах нь зүйтэй. Миний бодоход аль нь ч боломжтой, харин шийдэх нь л чухал байна.
-За баярлалаа. Танд нэмж хэлэх зүйл байна уу?
-Сайн бүртгэл дэлгэрэх болтугай гэсэн ерөөлөөр энэ удаагийн ярилцлагыг жаргаах уу даа.
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
ЭМЯамны зөвшөөрөл бүхий МУ-д 9 дэх жилдээ борлуулагдаж байгаа Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх Ли Эр Кан бүтээгдэхүүний танилцуулага, лекц 6 сарын 4-ны Лхагва гаригт 14 цагаас болно. Тус бүтээгдэхүүн нь Цус шингэлж, цусан дахь холестриныг бууруулахаас гадна Судасны дотор хананд хуримтлагдсан өөхөн товруу /бляшка/-г арилгах үндсэн үйлчилгээтэй. Тус бүтээгдэхүүнийг хэрэглэснээр Тархи-зүрхний судасны хатуурал, нарийсал, цусан хангамжийн дутагдал, даралт болон хуян, бусад бүхий л эрхтнүүдийн судасны бөглөрөл зэргийг цогцоор нь эрүүлжүүлнэ. Үнэ – 1 курс - 330$ Утас: 96665038.
ЭМЯамны зөвшөөрөл бүхий МУ-д 9 дэх жилдээ борлуулагдаж байгаа Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх Ли Эр Кан бүтээгдэхүүний танилцуулага, лекц 6 сарын 4-ны Лхагва гаригт 14 цагаас болно. Тус бүтээгдэхүүн нь Цус шингэлж, цусан дахь холестриныг бууруулахаас гадна Судасны дотор хананд хуримтлагдсан өөхөн товруу /бляшка/-г арилгах үндсэн үйлчилгээтэй. Тус бүтээгдэхүүнийг хэрэглэснээр Тархи-зүрхний судасны хатуурал, нарийсал, цусан хангамжийн дутагдал, даралт болон хуян, бусад бүхий л эрхтнүүдийн судасны бөглөрөл зэргийг цогцоор нь эрүүлжүүлнэ. Үнэ – 1 курс - 330$ Утас: 96665038.