sonin.mn

Төрийн золголтын идээг 10 үеэр зассан төрийн тусгай хамгаалалтын үйлчилгээний тасгийн гурван ажилчныг ажлаас нь халжээ

Монголчууд хэзээнээсээ “Хааны алба халаатай, Эзний алба ээлжтэй” хэ­­мээх сургамжийн шинж чанартай, сайтар эргэ­цүү­лэн бодоод үзвэл тун айхтар гүн ухаан шингэсэн мэргэн үгс хэлцсээр ирсэн ард түмэн. Олон зуунаар үе улиран хэрэглэгдсэн энэ үгийн орчин цагийн хувилбар нь “Хүн бүр хууль, шүүхийн өмнө адил тэгш, ямар ч ялгаа, алагч­лалгүйгээр эрхээ хам­­­­­­гаалуулах, түүнчлэн бу­­­­­руу­тай бол ял шийтгэл хүлээх ёстой” хэмээн ойл­гочиход болно.

Гэтэл хү­ний эрх, шу­­дарга ёсыг дээ­дэлдэг хүн­лэг ардчилсан нийг­мийн байгууламжаар 24 жил замнаж яваа Мон­гол Улсын хууль, шүүх, тө­рийн за­хиргааны байгуул­лагууд ард иргэдээ ангилан ял­га­вар­лаж, хоёр, гурав, дөр­вөн нүүр гаргасаар өнөө­дөртэй золгов.

 

Хамгийн товчхоноор хэлбэл дарга нарынхаа өм­­нөөс албат, ажилтнууд нь золигт гарч, эрхээ хасуулан ялтан болох, аз дайрч гайгүй шиг салж байгаа нь энэ хэмээн аж­лаасаа халагдан гудам­жинд гарц­гааж байна. Саяхан даа “Капитал” банк­ны гүй­цэтгэх захирал А.Ариун­болд, Санхүү удирд­­лагын газрын дарга З.Мөнхсүрэн, теллер Х.Мандах нарт хол­богдох хэр­­гийн шүүх хурал Баян­зүрх дүүргийн шүү­хэд бо­лоод өнгөрсөн.

 

Хачир­халтай нь бусдад онц их хэмжээний хохирол уч­руулсан энэ хэрэгт хол­богдуулан гүйцэтгэх за­хирал А.Ариунболд, газ­рын дарга З.Мөнхсүрэн нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт зааснаар яллах дүг­нэлт үйлдээд байсан.

Гэ­тэл доод тал нь 3-5 жи­­лийн ялтай захирал, дарга нарынх нь хэргийг хэ­­рэгсэхгүй болгоод өнөө муу теллер Х.Мандахыг нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 57 дугаар зүйлээр 10.1 жилийн ял өгчихсөн бай­гаа юм. Энэ нь эрх мэ­дэлтэй, танил тал, хөрөнгө мөнгө зузаантай этгээдүүдэд Монгол Улсын хууль, шүүх хэрхэн толгойг нь илэх байдлаар хандаж байгаагийн наад захын жишээ юм.

Тэгвэл үүнээс ч илүү хорлонтой, бүр нарийндаа инээд хүрмээр, сайтар эргэ­цүүлэн бодвол уур хүрч, уушги сагсаймаар явдал Ца­гаан сарын шинийн 1-ний золголттой холбоотойгоор болоод өнгөрдөг юм байна. Бил­гийн тооллын XYII жарны “Ялгуусан” хэмээх хөх морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиа­гийн Элбэгдорж ахмад наст­нуу­­дын төлөөлөл болсон 10 бууралтай Төрийн орд­ны ёслол, хүндэтгэлийн тан­­­химд золголт хийсэн.

 

Тэрхүү Төрийн золголтод Увс аймгийн Цагаанхайрхан су­мын харьяат 93 настай Ш.Түмэнхүү, Увс аймгийн Зүүнговь сумын харьяат 98 настай К.Дүүдээ, Архангай аймгийн харьяат 106 настай Г.Нанжид, Баянхонгор айм­гийн харьяат 93 настай Л.Халзан, Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат 93 настай Н.Өвөг, Баянхонгор аймгийн харьяат 95 настай С.Шижээ, Сүхбаатар айм­гийн Халзан сумын харьяат 90 настай Д.Дарьмаа, Архан­гай аймгийн Хашаат сумын харьяат 95 настай Г.Цэрэндулам, Завхан айм­гийн харьяат 100 настай С.Сүрьяа, Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат 91 настай Д.Жавзан нарын буурлууд оролцсон билээ.

 

Хамгийн гайхалтай нь 100 насалж, зургаадай таягаа тулсан хүндэт буурлуудтай золгосон төрийн золголтын тавгийн идээг 10 үеэр зас­­­­чихсан байсан нь тун удал­­гүй хэрэг мандааж, түү­­­ний золиосонд Төрийн ту­с­гай хамгаалалтын газ­рын үйлчилгээний тасгийн гур­­ван ажилтныг “ажлын хариуцлага алдсан” шалт­гаа­наар ажлаас нь халснаар асуудлыг шийдчихдэг юм байна.

 

Уг нь шударга ёс гэж байдагсан бол тэр тавгийн идээг хоёр гардан зассан ажилчид ажилгүй болох бус тэдний ажлын гүйцэтгэлийг хянаж, тэр хэрээр төрөөс өндөр цалин, хангамж хүрт­чихээд сууцгааж байдаг Тө­рийн ёслолын албаны дарга Ж.Сэрээжав, Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга хурандаа Ж.Наранбаатар нар давын өмнө хариуцлага хүлээх учиртай.

Гэтэл дээрх хоёр дарга хариуцлагыг өөрс­­­дөөсөө бултуулж “Тийм ха­риуц­лагагүй явдал болох нь болсон. Тайван амгалан байцгаа, асуудлыг болгооё” мая­гийн юм яриад явцгааж байгаа.

Ерөнхийлөгч нь Тө­рийн золголт хийж, улсын­хаа хамгийн өндөр наст­­­нуу­дын төлөөлөл болсон буур­луудад энх мэндийн цэнхэр хадаг дэлгэн золгосон энэ бэлэг дэм­бэрэл­тэй ёслолыг 10 үе идээ засч буртагласан нь нэг ёсон­доо гарч бай­гаа морин жил ахмад наст­нуудад тун ч хал­гаатай, тэд­нийг олноор нь нө­гөө ер­төнц рүү авч одож, уй га­шууд дарагдана гэснийг ба­талгаажууллаа гэж ойл­гогдохоор байгаа юм.

Жаргал зовлон ээлжил­дэг хорвоогийн хатуу үнэнийг мон­­голчууд идээ зоогоороо ч далдхан илэрхийлдэг байс­­­ны хамгийн тодорхой нотолгоо нь сондгой тоо­гоор өрдөг тавгийн идээ гэд­­гийг мэдэхгүй насанд хүр­­сэн хүн байхгүй л болов уу.

Жаргалаар эхэлж, жар­га­лаар төгсдөг тавгийн идээг шу­луухан зовлонгоор дуус­гаж өрсөн алдааны ха­риуц­лагыг үйлчилгээний гурван албат нь бусдарга нар л хү­лээх учиртайг олон түмэн хэлж байна. Захирал, дарга нарынхаа өмнөөс бу­руутан болж, жи­рийн ажил­тан, албан хаагчид ялыг нь үүрэн гудамжинд гарч байгаа өнөөдрийн шу­дарга бус тогтолцоог доорх хо­шигнолоор ойлгочихож бол­но.

Дарга нь яах аргагүй хэ­рэг хийсэн нь илэрч хаа­шаа ч гарах газаргүй бол­сон бол тушаал буу­руу­лан нягт­­лан болгоод, нягт­ланг нь нярав, няравыг цэвэр­лэгч болгож гэм зэмгүй аж­лаа хийгээд гэлдэрч явсан цэ­вэр­­лэгчийг ажлаас нь халж хатуухан арга хэмжээ авс­­­наар тэр газар хэсэгтээ нам гүмд дарагдан амар сай­­хан­даа жаргадаг гэнэм.

Яг л энэ байдлаар Төрийн тусгай хамгаалалтын үйл­чил­гээний тасгийн гурван ажил­чин төрийн золголтын идээг 10 үеэр зассаныхаа шийт­гэлд гудамжинд гарч, дарга нар нь “Бурхан минь. Гай барцад дахиад л на­даас холуур өнгөрлөө” гээд ма­лилзтал инээчихээд явц­гааж байна. Эрх ямба эдэлж, ца­­лин хангамжийг нь ч хан­­­галттай хүртэж бай­гаа дарга, захирлуудтай хам­гийн түрүүнд хариуцлага тооц­­­дог шударга ёс, зайлш­гүй тогтолцоонд хэзээ шил­жих юм бол, энэ улс гүрэн маань.

Д.Түвшин


Эх сурвалж: