sonin.mn
Таньж байна уу, Ерөнхийлөгч өө! Авилгатай, агаарын бохирдолтой, ажилгүйдэлтэй, бас асар их өртэй ардчилсан Монгол Улсын иргэн байна, би. Аян замдаа сайн явж ирэв үү, та. Айлчлалынхаа талаар тайлагнахаас тань урьтаж, амар мэндийг нь эрье гэсэн юм. Ард түмэн нь яах вэ.
 
Н.Алтанхуяг сайдын "Улаанбаатарыг гурван жилийн дотор утаанаас нь салгаж чадахгүй бол надад хариуцлага тооцоорой" гэх "галзуу" үгэнд хууртаж, УИХ-ын 76 "андройд" гишүүний тагнуултай, тамхитай, бүр "Бенз"-тэй шоуг солонгос киноноос дутахгүй сонирхон үзсээр удав. Тэднийг ойлгов.
 
Н.Алтанхуягтай арцалддаг Ардчилсан намын гишүүнийг Б.Ариунсангийн тагнуулчид айлгадгийг харав. Эмийн бизнес эрхэлдэг гишүүн Улаанбаатарын утааг байтугай УИХ-ын гишүүдийн татдаг навчин тамхины үнэрийг үзэн яддагийг мэдрэв. Басхүү Г.Батхүүгийн тогтоосон АПУ хэмээх "дэглэм"-ийн эсрэг барууны хэв маяг бүхий "Бенз" хөгжлийг тунхаглах болсныг нь харж байна.
 
Эрхэм Ерөнхийлөгч таныг эзгүйд энэ улс орон иймэрхүү л сонинтой байлаа. Харин та Ардчилсан намынхан Р.Амаржаргал гишүүнийг "Аягүй бол Арвиндах нь" хэмээн хардаж, Ардын намынхныг АТГ-аар айлгах операци үргэлжилж, нефть импортлогчдыг торгох тухай О.Магнайгийн шийдвэр Улсын дээд шүүх дээр унасан тухай мэдээллийг интернэтээс уншсан л биз дээ.
 
Энэ мэт элдэв явдал эх оронд минь үргэлжилсэн хэвээр байна. Таныг Зүүн өмнөд Азийн орнуудад хийсэн төрийн айлчлалаа өндөрлөхөөс хэдхэн хоногийн өмнө ийм нэгэн явдал болов. Ажил руугаа яаран яаран таксинд суулаа.
 
Хүнийхээ хувьд, манай Ерөнхий сайд шиг ам задгай, харин улстөрчдийн тухайд ихээхэн хоржоонтой бодол бүхий жолоочтой элдвийг ярилцав. УИХ-ын гишүүд, Улаанбаатарын утаа, замын түгжрэл, Үүл даргын "дугаарын хязгаарлалт", үнийн өсөлт..
 
Ер бид хоёрын дунд яриагүй сэдэв Гэтэл тэрбээр асууж байна аа. "Үгүй ээ, энэ Элбэгээ ардчилсан Монголын Ерөнхийлөгч биш, Азийн Ерөнхийлөгч болох гээд байна уу даа" гэж. Түүний хэлсэн үг тун цочир санагдав. Яагаад тэр билээ?! Ийн бодох зуур жолооч ах хэлсэн үгийнхээ учрыг тайлбарлалаа.
 
"Улсын төсөв мөнгө хүнд байна л гэдэг Гэтэл Төрийн тэргүүн маань түмэн "цэрэг"-ээ дагуулаад тив алгасан нисчих юм даа. Арай манай Ерөнхийлөгч Путинээс өрсөж, Нобелийн энхтайвны шагнал хүртчих санаатай яваа юм биш биз". Жолооч ах ингэж хэлээд ёжтой нь. аргагүй инээв.
 
Түүний хэлсэн үг эрхэм Ерөнхийлөгчийн айлчлалуудын талаар эргэцүүлж бодоход хүргэлээ. Ц.Элбэгдорж ардчилсан Ерөнхийлөгчийн сэнтийд хоёр дахиа заларснаас хойш хагас жил өнгөрлөө. Тэрбээр өнгөрсөн намар НҮБ-ын Ерөнхий ассамблейн 68 дугаар чуулганд оролцож, дэлхийн Засгийн газрын дэргэдэх Хүний эрхийн зөвлөлийн 2015 онд болох сонгуульд Монгол Улсыг дэмжихийг уриалсан билээ.
 
Харин Ерөнхийлөгч энэхүү айлчлалынхаа дараахан нэгэн сонирхолтой маршрутыг гаргасан нь Хойд Солонгос байв. Монгол Төрийн тэргүүний Пхеньянд хийх айлчлал Өмнөд Солонгос болон өрнөдийн хэвлэлийнхний хамгийн "Hot" сэдэв болж "Ким Чен Уныг Хойд Солонгосын удирдагч болсноос хойш хамгийн анх айлчилж буй гадаадын Төрийн тэргүүн бол Монголынх.
 
Энэ эрхмийг Ц.Элбэгдорж гэдэг" гэсэн мэдээллүүд цахим ертөнцөөр тасралтгүй хөвөрч байлаа. Харамсалтай нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Хойд Солонгост хийсэн айлчлал тун учир битүүлэг, бас зохион байгуулалт муутай байсан нь олон нийтийн цахим сүлжээгээр тараасан гэрэл зурагнуудаас тодорхой харагдаж байсан юм.
 
Угтаа Хойд Солонгос, Монгол хоёр хол биш, ойр харилцаатай. Солонгосын дайны үеэс эхлээд социализмын сүүлчийн "бамбар" унтрах хүртэлх түүхээс нь харвал энэ бүр ойлгомжтой харагдана. Харин тэд Элбэгээд яагаад ийм хүндэтгэлгүй хандав.
 
Удирдагч Ким Чен Ун Америкийн сагсанбөмбөгч Деннис Родманыг эх орондоо хоёр ч удаа урьсан. Хамтдаа сагсанбөмбөгийн тоглолт үзсэн. Гэтэл Монгол Төрийн тэргүүнийг морилон очиход хүлээж аваагүй нь ямар учиртай вэ...
 
Энэ мэт асуултын хариултыг Элбэгээгийн айлчлалыг зохион байгуулсан ажлын хэсгийнхэн ч хэлсэнгүй. Элбэгээ ч дуугүй хэвээр. Тиймээс Төрийн тэргүүний Хойд Солонгост хийсэн айлчлалыг "Цаг хугацааны машинаар өмнөх нийгэмдэз зочлоод ирсэн нь" гэж ёгтолбол яаж байна?!
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгууль болохын өмнөхөн манай улсад нэгэн хүндтэй зочин ирсэн юм. Тэр бол "Ази дахь ардчиллын цахирмаа цэцэг" гэгддэг Аи Сан Сучи. Мьянмарт цэргийн хатуу дэглэм ноёрхож байх үед гэрийн хорионд байсан энэ бүсгүй монголчуудад "Дүр эсгэсэн ардчилал дарангуйллаас хортой" гэсэн нь Ардын намынханд гоё, Ардчилсан намынханд эвгүй сонсогдох шиг болсон.
 
Харин ардчиллын хүчирхэг дүр төрх болсон Ан Сан Сучи манай улсад зочилж, Төрийн ордонд үгээ хэлсэн нь Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшихээр бэлтгэж байсан Ц.Элбэгдоржид маш том фон болсон нь ойлгомжтой. Ан Сан Сучиг авчирсны хэрэг ийнхүү гарсан.
 
Ардчилсан Ерөнхийлөгчийн сэнтийд тэр дахин заларч чадсан. Ан Сан Сучийн эх оронд Элбэгээ сая айлчиллаа. Төрийн айлчлалын гол зорилго нь харин юу байсан нь тийм ч тодорхой бус. Гэхдээ Зүүн өмнөд Азийн орнуудад хийсэн айлчлалаас нэг зүйл сонирхол татлаа. Энэ бол Сингапурт болсон явдал.
 
Ерөнхийлөгч өнгөрсөн сарын 26-нд Сингапурт болсон "Дэлхий 2014 онд" олон улсын эдийн засгийн арга хэмжээнд оролцох үедээ "The Economist” сэтгүүлийн эрхлэгч Дэниель Фрэнклиний асуултад хариулжээ.
 
Гадаадын сэтгүүлч Элбэгээгээс Хойд Солонгост ардчиллын тухай лекц уншсан талаар асуухад "БНАСАУ-д байхдаа зарим зүйлийг олж анзаарсан. Би ард түмнийх нь харцнаас уур хилэнг олж харсан" гэж.
 
Харин Мьянмарт юу болж байгаа талаар сонирхоход "Мьянмарын Ерөнхийлөгч, парламентын дээд, доод танхимын дарга нар болон Ан Сан Сучитэй уулзсан. Тус улс Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг олон шинэчлэл хийж байна. Энэ эгзэгтэй цаг мөчид Мьянмарт анхаарлаа хандуулж, олон улсын зүгээс дэмжих хэрэгтэй. Тус улсад 2015 онд сонгууль болно. Шийдвэрлэх сонгуулийн өмнө бид бүхний дэмжлэг хэрэгтэй байна. Мьянмарын генералууд цэргийн хувцсаа төдийлөн өмсөхөө больж, энгийн хувцас өмсдөг болсон байсан" гэж хэлжээ.
 
Түүгээр ч зогсохгүй Дэниель Фрэнклин "Монгол Улс хөрөнгө оруулагчдийг дахин татаж чадна гэж бодож байна уу" гэж сонирхоход Ц.Элбэгдорж "Монголд Оюутолгой, Тавантолгой гэх хоёр том орд бий. "Рио Тинто" удахгүй хоёр дахь шатны хөрөнгө оруулалтаа хийхээр төлөвлөж байна.
 
Газар доорх уурхайн барилгын ажилд дөрөв орчим тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн. Тавантолгой бол кокосжих нүүрсээр баялаг орд. Энэ ордын төмөр зам, цахилгаан станц, дэд бүтцийн асуудлыг бид шийдэж байна. Чингис хаан хүртэл ийм олон сорилт бэрхшээлтэй тулгарч байгаагүй байх гэж би хувьдаа боддог Байгалийн баялгийг сонирхох гадаадын түншүүдийн сонирхлыг тэнцвэржүүлэхэд бэрх байсан.
 
Харин өнөөдөр бид туршлагатай боллоо" гэж хариулсан нь сонирхол татах өнцөг яах аргагүй мөн. Элбэгээ Төрийн тэргүүнээр хоёр дахиа сонгогдсоноос хойш энхийн элчийн үүргийг ийнхүү гүйцэтгэх боллоо. Шаргал ордонд тогтохоо ч болив. Арай манай Ерөнхийлөгч Нобелийн шагнал горилж яваа юм биш биз. Айлчлалуудыг нь алсаас дүгнэвэл нэг ийм хардлага төрөөд байна даа.
 
С.Баттулга
 
Эх сурвалж: