sonin.mn
Хэлэлцээрийг урагшлуулахгүй бол Монгол улс хохирно
 
Өнөөдөр Оюутолгойн хэлэлцээрийг яаралтай урагшлуулж, үүссэн нөхцөл байдлаас түргэн гарах асуудал Засгийн газрын өмнө тулгараад байна. Хэрэв энэ хэлэлцээрийг олигтой урагшлуулж чадахгүй цаг алдвал эцсийн эцсдээ Монгол Улс хохирно. Нөгөөтэйгүүр Рио Тинто ч хүнд байдалд орно.
 
Одоогийн байдлаар "Оюутолгой"-н Улаанбаатар дахь хэлэлцээр үргэлжилсээр байна. Хэлэлцээрийг Монголын талаас "Эрдэнэс МГЛ"-ийг дэд захирал Г.Тэмүүлэн, "Эрдэнэс Оюутолгой"-н гүйцэтгэх захирал Да.Ганболд, Уул уурхайн яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгончулуу нар ахалж байна.
 
Хэлэлцээрээр өмнө нь Лондонд шийдэж чадаагүй асуудлын талаар ярилцах юм. Монголд хийж буй хэлэлцээрнйн эхэнд Оюутолгойн техник эдийн засгийн үндэслэл болон геологийн нөөцийн тодотголыг эрх бүхий байгууллагад танилцуулж бүртгэх, хоёр талын зардлын хэтрэлтийг нягтлах зэрэг асуудлыг авч үзсэн байна.
 
"Оюутолгой"-н Монголын талын төлөөлөн удирдах зөвлөлийнхөн өнгөрсөн сард Лондон хотноо хэлэлцэхдээ нийт 30 асуудлын талыг нь нааштайгаар шийдвэрлэжээ. 
 
 
Зардал өссөн шалтгааныг тодруулна
 
Мөн Оюутолгойн асуудлаар зөвшилцөлд хүрэхийн тулд хувь нийлүүлэгчдийн хамтран байгуулсан ажлын хэсгийнхэн саяханаас ажилдаа оржээ. Талууд чиг үүрэг тусдаа гурван ажлын хэсэг байгуулсан байна.
 
Эдгээр хэсгийнхэн Оюутолгойн уурхай дээр очиж тус уурхайн үйл ажиллагаатай танилцахаас гадна хөрөнгө оруулалтын зардал хоёр тэрбум ам.доллараар өссөн шалтгааныг тодруулах юм байна.
 
Дээрх ажлын хэсгүүдэд Монголын талаас "Эрдэн-эс МГЛ", "Эрдэнэс Оюутолгой"-н мэргэжилтнүүд оржээ харин хөрөнгө оруулагчдын талаас Лондонгоос мэргэжилтнүүд ирж Монголд ажиллаж байгаа дуулдана. Тэд эхний ээлжинд "Оюутолгой"-н хөрөнгө оруулалтын зардлын тайланг, аудитын шалгалттай харьцуулан нягтлах юм байна.
 
Үүний дараа далд уурхайн хөрөнгө оруулалтын санхүүжилтын асуудлаар ярилцах гэнэ. Мөн ирэх арванхоёрдугаар сард далд уурхайн санхүүжилтыг "Рио Тинто"-гийн тавьсан хүсэлтийн дагуу шийдэх үү, эсвэл өөр аргаар шийдвэрлэх үү гэдгийг шийднэ хэмээн албаныхан мэдээлсээр байна.
 
 
Хятад улс дэлхийн нийт зэсийн 82 хувийг хэрэглэнэ
 
Одоо тус уурхай нь өдөрт 100 мянган тонн хүдэр боловсруулж байна. Хамгийн сүүлчийн мэдээллээр Оюутолгой 170 мянган тонн зэсийн байжмал үйлдвэрлэсний 40 гаруй мянган тонныг Хятад улсад экспортолжээ.
 
Өнөөдөр Хятадын эдийн засгийн өсөлт удаашралтай байгаа ч тээвэр, дэд бүтцийн салбараа шинэчлэхэд анхаарсаар байна. Одоо үүнд тус улсын зэсийн нийт хэрэглээний 62 хувь нь зарцуулагдахаар байна. Ирэх 2014 онд Хятад улс дэлхийн нийт зэсийн 82 хувийг хэрэглэхээр байгаа нь томоохон үзүүлэлт юм.
 
Энэ бол Монгол Улс, "Рио Тинто"-гийн хувьд асар том боломж. Өнгөрсөн онд Хятад улс зэсийнхээ нийт хэрэглээний долоохон хувийг манай улсаас авч байсан. Харин энэхүү хувь хэмжээ ирэх жилээс эрс нэмэгдэх нь тодорхой. Үүнтэй уялдан тус улсын Латин Америк буюу Чили улсаас авдаг зэсийн хамаарал эрс багасах юм.
 
Одоо Оюутолгойн зэсийн баяжмалыг Хятад руу тээвэрлэсээр байна. Энэ нь "Рио Тинто"-гийн үйлдвэрлэж буй зэсийн жилийн хэмжээг арван хувиар нэмэгдүүлж байгаа юм.
 
Оюутолгойн бүтээн байгуулалтын хувьд, гурван жилийн хугацаанд 6.2 тэрбум ам.доллар зарцуулсан байна. Шинжээчдийн үзэж буйгаар тус уурхай нь жилд 450 мянган тонн зэс үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд энэ нь спот ханшаар 1.4 тэрбум ам.долларын үнэтэй юм.
 
Одоо "Рио Тинто" нь "Оюутолгой"-н 46 хувийг эзэмшиж байгаа. Хэрэв тус уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхэлбэл манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувийг дангаараа бүрдүүлэх боломжтой гэх таамаглал бий.
 
Мөн манай урд хөршийн эдийн засаг сэргэж, зэсийн эрэлт энэ байдлаасаа буухгүй бол 2021 оноос эхлэн Оюутолгой ашигтай ажиллана хэмээн шинжээчид үзсээр байна. Иймд Оюутолгойн хэлэлцээрийг түргэтгэн, тус уурхайг үр ашигтай ажиллахад нь Засгийн газар туслах л үлддээ.
 
 
Эх сурвалж: “Улаанбаатар таймс” сонин