sonin.mn
МАН-ын Шинэчлэлийн хорооныхон Ерөнхий сайд Н.Алтанхуягийг 14 хоногийн дотор сайн дураараа огцрох ёстой гэж мэдэгдэж шаардлага хүргүүлсэн байна. Ийм шаардлага тавих болсон нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулан ажилласан өнгөрсөн нэг жилийн хугацаанд улс орны эдийн засагч хүндэрч, аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх болсон төдийгүй ард иргэдийн ахуй амьдрал доройтсон гэж үзэж байгаа юм.
 
Энэ бүгдээс харвал Ерөнхий сайд Н.Алтанхуяг нь албан тушаалаасаа огцрох хангалалттай үндэслэлтэй юм гэж Шинэчлэлийн хорооноос мэдэгдэж байгаа юм. Ер нь Засгийн газрын тэргүүнийг огцруулах үндэслэл хангалттай байгаа юм. Тиймээс түүний хариуцлагагүй үйлдлүүдийг дахин нэг сануулъя.
 
Үндэслэл-1: Хамаатан ах дүүгээрээ нийлсэн 17 тэрбумын тендерийн хэрэг Ерөнхий сайдыг огцруулах хамгийн том үндэслэл болж байгаа юм. Тавантолгойн худалдан авах ажиллагааны 17 тэрбумын тендерт ялсан гэх “Gobi power” компани нь Ерөнхий сайдын дүүгийнх нь компани юм.
 
Тус компани нь Тавантолгойн нүүрсийг зөөвөрлөх, Өмнөговь аймгийн Цагаан хадны хилийн бүсээс ачилт, буулгалт хийх 17 тэрбум төгрөгийн төсөвт тендерт хууль бусаар ялсан юм.
 
Үндэслэл-2: Нийгэм эдийн засгийн байдал хүндэрсэн үед Ерөнхий сайд ууланд авирах хоббигоо орхиж чадсангүй. Өнгөрөгч амралтын өдөр тэрбээр сэтгүүлчдийн хамт Богд ууланд авиралт хийсэн юм. Тэрбээр өмнө нь Хэнтийн нурууны домогт “Бурхан Халдун” уул руу аялах замдаа төөрч будилсан. Түүний үр ашиггүй зугаалганаас болж, улсын хөрөнг өнөөс их хэмжээний мөнгө зарцуулсан.
 
Үндэслэл-3: Үйлдвэр аж ахуйн нэгжүүд хаагдсаар иргэд ажилгүй, орлогогүй болсоор. байна. Засгийн газрын алдаатай үйлдэл, буруу үйл ажиллагааны улмаас үйлдвэр, уул уурхайн салбар уналтанд орж, бизнесийн салбар дахь хөрөнгө оруулалт бүрэн зогсжээ. Оюутолгой, Тавантолгойн ордуудын үйл ажиллагаа эмзэг байдалд орсон, нүүрсний уурхайнуудын үйл ажиллагаа зогссоноос 10 мянга уурхайчин, уурхайн ажилтан, албан хаагчид ажилгүй болов.
 
Үндэслэл-4: Эзэн Чингисийн нэрийг, ирээдүйтэйгээ хамт барьцаалсан Засгийн газар, монголчуудыг их өрийн давалгаанд бүрэн өртүүллээ. “Өрийн бичиг буюу Бонд”-ыг анхнаасаа төлөвлөлт, бодлоггүйгээр авсан нь улам бүр нотлогдож, үр дүнгүй төслүүдэд зарцуулсаар байгаа нь монголын ирээдүйг өрөнд идүүлж, хүүгийн барьцаанд оруулсан болчимгүй алхам болж бондын мөнгө бороонд урсаж дууслаа.
 
Үндэслэл-5: Иргэдийн амьдрал доройтож, худалдан авах чадвар эрс муудлаа. Цалин, тэтгэврийг нэмээгүй атлаа цахилгаан, дулааны үнийг өсгөсөн, гадаад валютын нөөц хомсодсоноос ам.долларын ханш сүүлийн саруудад 240 гаруй төгрөгөөр өссөн нь ард түмний нуруунд хүнд ачаа болж байна. Байдал ийм байхад Ерөнхий сайд “Иргэдийн амьжиргаа хоёр дахин нэмэгдсэн” гэхчлэн улайхгүй ярьсаар байна.
 
Үндэслэл-6: Иргэдийн улс төрийн сонголтыг шүүхийн аргаар булаан дээрэмддэг боллоо. Н.Алтанхуягийн толгойлсон “Улс төрийн тонуучлал”-ийн золиосонд Өвөрхангайчууд төрд хууль ёсны төлөөлөлгүй болж, Хөвсгөл, Дорнод аймаг болон Багануур дүүрэг, зарим сумд удирдлагаг үй, төсвөө батлуулж чадахгүй байсаар өвөлтэй золгох болж байна.
 
 Үндэслэл-7: Бизнесийн салбар дахь хөрөнгө оруулалт бүрэн зогсож, аж ахуй эрхлэгчид хууль, шүүхийн далайлгалт, хэлмэгдүүлэлт, баривчилгаанд өртөх айдас дор ажлаа явуулах боллоо. Монгол Улсын гадаад худалдааны алдагдал огцом өсөж, экспортын орлого буурч, төсвийн хөрөнгийг бүрдүүлэгч бизнесийн томоохон салбарууд хаалгаа барьж, үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон нь Засгийн газрын муйхар бодлогын үр дүнг илтгэж, нүүрсний үнийг төрөөс зохиомлоор унагаасан үйлдэл боллоо.
 
Үндэслэл-8: Монголын хууль гууль болж, төрийн дархлаа алдагдлаа. Хууль, тогтоомжийг уландаа гишгэсэн олон үйлдлүүд ар араасаа гарч, төрийн албанд хууль бус томилгоо хэрээс хэтэрч, алдаа хариуцлага эзэнгүйдэж, төрд итгэх иргэдийн итгэлийг хүчтэй  сулрууллаа. Төр бол Үндсэн хууль зөрчин ажиллах ёсгүй. Гэтэл тэрбээр хэд хэдэн удаа үндсэн хууль зөрчиж шийдвэр гарган, гаргасан шийдвэрээ цэцийнхэнтэй уралдан шийдвэр гаргаж байсан.
 
Тухайлбал, Д.Ариунсанг Тагнуулын Ерөнхий газрын дэд даргаар томилсон явдал нь Үндсэн хуульд заасан хэм хэмжээг зөрчсөн хэмээн иргэн Н.Лхамжав Үндсэн хуулийн цэцэд гомдол мэдүүлсэн. Гэтэл Тагнуулын ерөнхий газрын дэд даргыг томилсон захирамжаа Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны өмнөхөн хүчингүй болгож, Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөнөө дахин хүлээн зөвшөөрч нотолсон.
 
Үндэслэл-9: Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчин Хөвсгөл, Дорнод аймгийн Засаг даргын түр орлон гүйцэтгэгчийг томилсон. Энэ асуудлаар Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэхийн өмнөх өдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг захирамжаа хүчингүй болгож,  ингэснээрээ Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөнөө өөрөө хүлээн зөвшөөрч нотолсон.
 
Үндэслэл-10: Иргэн бүрийн Үндсэн хуулиар хамгаалагдсан итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, олон телевиз, вэб сайтын үйл ажиллагааг хаасан. Иргэний хэвлэн нийтлэх, аж ахуй эрхлэх, эд хөрөнгө эзэмших, захиран зарцуулах, сурч боловсрох эрхэд бүдүүлгээр халдаж, зах зээлийн  чөлөөт байдал, бизнесийн бүхий л үйл ажиллагаанд төр хутгалдах боллоо.
 
Үндэслэл-11: Төрийн албаны зарлага огцом өсөж, төсвийн орлого бүрдүүлэлт 30 гаруй хувиар тасалдлаа. Төсвийн байгууллагын ажилтан, албан хаагчдын цалин болон тэтгэвэр, тэтгэмжийг Засгийн газраас нэмэгдүүлэх тухай асуудал нэгэнт өнгөрч, харин цалин, тэтгэвэр, тэтгэмжийг цаг тухайд нь тавьж чадахгүй байх нөхцөл бүрдсэн нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн эргэж,  буцсан байр сууринаас илэрхий байна.
 
Үндэслэл-12: Бүтээн байгуулалтын ажлууд бүтэлгүйтэж, орон сууцны үнэ огцом өслөө. Орлого олдог бус дэд бүтцийн салбарын томоохон төслүүдэд бондын хөрөнгийг төлөвлөлтгүйгээр урсгаж, үрэлгэн бодлого явуулсан нь аймаг хоорондын болон нийслэл доторхи авто зам, гүүрийн ажил удааширч, чанаргүй зам, барилгууд үнэн төрхөө харуулж, орон сууцны үнийг 20 хувиар өсгөлөө.
 
Үндэслэл-13: Боловсролын салбарын бодлого иргэдийг санхүүгийн хувьд туйлдуулагч хэрэгсэл болон хувирлаа. Их, дээд сургуулиудын сургалтын төлбөр 15-30 хувиар нэмэгдсэн. Ерөнхий боловсролын сургуульд орж чадаагүй, цэцэрлэггүй хоцорсон хүүхдийн тоо огцом өсч, төлбөртэй сургууль, цэцэрлэг бараадах боллоо. 600 орчим тэрбум төгрөгийн өртөгтэй сурагчийн дүрэмт хувцас шахааны бизнес болсноор орлоггүй иргэд хохирч, олон хүүхэдтэй гэр бүл санхүүгийн дарамтанд бүрэн өртөж байгаа юм.
 
Үндэслэл-14: Эрүүл мэндийн салбарын бодлого алдагдаж, эх үрс эндэж, эрсдэлд орох явдал ердийн үзэгдэл боллоо. Бяцхан үрийг шалзлан түлснээс эхлээд эх үрсийн эндэгдлийг бууруулж чадахгүй байгаа салбарын яамны үйлдэлд улс төрийн ямар ч хариуцлага тооцохгүй байгаа нь Монгол хүний амь нас, эрүүл мэнд  таяагдан хаягдсан үйлдэл болсоор байгааг нотолж байна. Энэ мэт үндэслэл бүрийг бичээд байвал тун их байгаа юм. Тиймээс МАН-ын шинэчлэлийн хорооноос Ерөнхий сайд Н.Алтанхуягийг 14 хоногийн дотор өөрийн саналаар огцрохыг шаардаж байгаа юм байна.
 
Г.Хишигсүрэн
 
Эх сурвалж: