sonin.mn

 

Монголын Логистикийн холбооны ерөнхийлөгч А.Мөнхболдыг урьж ярилцлаа.
 
-Хоёулаа яриагаа төр засгийн зүгээс захиалж хийсэн төслүүдийн талаар эхлэх үү. Янз бүрийн л юм сонсогдох юм байна шүү дээ?
 
-Би эдийн засгийн бүх салбарыг хамруулж хэлж чадахгүй л дээ. Өөрийнхөө ажиллаж буй салбарт гарч буй асуудлуудыг л хэлж чадна. Өөрөөр хэлбэл, 1990 оноос хойш Монгол улсад хэрэгжүүлсэн тээврийн талаарх бодлогуудыг ихэвчлэн олон улсын байгууллагын шугамаар, гадаадын зөвлөх компаниуд хийсэн байдаг.
 
 
Тэр компаниудын хийсэн судалгааг уншихаар Монголын амьдралд дандаа нийцэхгүйгээр хийчихсэн байдаг. Нөгөөтэйгүүр тэр судалгаануудыг үндэслээд төрөл бүрийн стратеги гарч ирдэг. Тээврийн стратеги ч гэдэг юм уу эсвэл тодорхой хэмжээний байгууламж барих төсөл гарч ирдэг.
 
 
Тэрний үндэслэл нь үндсэндээ гарч ирээгүй. Тийм үндэслэл дээр ТЭЗҮ хийгээд, цааш нь барилга байгууламж бариад яваад өгдөг. Би өөрийнхөө тодорхой хяналт тавьж ажиллаж байсан төслийн талаар сонирхуулъя л даа. Замын-Үүдийн логистикийн төв.
 
 
Тэр байгууламжийг анх төлөвлөхдөө 20-иод сая ам.доллар зарцуулна гэж байсан. Явцын дунд өссөөр байгаад 76 сая ам.доллар болчихож байгаа юм. Гурав дахин өсөөд явчихдаг. Шат шатандаа нэмсээр байгаад 76 сая ам.доллар болгочихдог.
 
 
Ингэхэд хувийн хэвшил үйл ажиллагаа явуулдаг логистикийн салбарт төр оролцох гээд байгаа юм уу. Эсвэл хувийн хэвшилтэй өрсөлдөх гээд байгаа юм уу гэж асуухаар үгүй гэж байгаа юм. Төр хувийн хэвшлийн түншлэлд буцааж өгнө гэдэг.
 
 
Өөрийнхөө өртгөөс гурав дахин өндөр гарсан юмыг хувийн хэвшил эргүүлж төлөх хэрэгтэй болох нь ээ дээ, янз нь. Энэ тохиолдолд асуудлыг шийдэх ганцхан л арга байгаа.
 
 
-Ямар арга гэж?
 
-Үнийг өсгөж, үйлчилгээний тарифыг нэмж байж л энэ өндөр хөрөнгө оруулалтыг буцааж төлнө гэх мэтчилэн салбар салбарт ийм асуудлууд байна гэдгийг хэлээд байгаа юм. Түүнээс гадна жижиг, дунд үйлдвэрлэл, ядуурлыг бууруулах чиглэлээр маш олон төсөл хэрэгжүүлдэг.
 
 
Үр дүн гарахгүй байна. Үр дүн гарахааргүйгээр хийдэг, ихэвчлэн. Манай салбарын хувьд автозамын сүлжээ байгуулж байна. Энэ нь Азийн хөгжлийн банкны санхүүжилттэйгээр Төв азийн хамтын ажиллагааны замын сүлжээг Монгол Улсад байгуулж байна.
 
 
Монгол Улсад хөнгөлттэй зээл нэрээр өгдөг. Үндсэндээ тэр нь манай бодлого биш. Азийн хөгжлийн бодлого л явж байна. Тэр бодлогыг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хэрэгжүүлснийхээ төлөө Монгол Улс, Монголын татвар төлөгчид тэр замын мөнгийг төлөх гэж байна.
 
 
Гэх мэтчилэн улс орон маань эзэнгүй, бодлогогүй юм шиг явсны гай одоо эхнээсээ гарч байна. Хэрэв бид нар өөрсдөө Монгол Улс өөрөө хөгжинө гээд авто замаа төлөвлөх юм бол шал өөрөөр төлөвлөнө.
 
 
Энэ мэтчилэн гадаадаас орж ирж байгаа төслүүд, төрөл бүрийн саналуудыг шүүж, улс оронд маань үнэхээр хэрэгтэй юу, үгүй юу гэдгийг урт хугацаанд хардаг л байх хэрэгтэй. Тэгэхгүй тухайн үедээ эдийн засагт маань хэрэгтэй гээд аваад байх юм бол ирээдүйдээ өр үлдээгээд л яваад байна.
 
 
-Гадны зөвлөх компаниудаар хийлгэсэн төсөл хэрэмжихдээ ихэнхдээ зардал нь нэмэгдчихдэг гэж байна. Товчхондоо төрийн албаныхны "иддэг" мөнгөний л дүн юм байна гэж ойлгож болох нь ээ?
 
-Төсөл гэдэг юм маань тийм л болоод хувирчихлаа. Өөр нэг юм бол гадаад орнуудаас маш хямдхан хүүтэй санхүүжилт санал болгодог.Тэрний цаана их нарийн арга байдаг юм. Товчхондоо хөрөнгө оруулалтаараа бараг нугалаад шахуу авчихдаг.
 
 
Нэг үгээр хэлбэл урт хугацаанд бага хүү төлнө гэдэг чинь бидний жилд хэрэглэдэг хүүнээс ялгаагүй болчихож байгаа юм. Төсөл дээр хяналт тавьдаг, үр ашгийг нь хянаж гаргадаг механизм нь дутмаг учраас хэдийгээр хөнгөлттэй зээл боловч үр ашиг нь муу төслүүдийг маш ихээр хэрэглээд эхэлчихсэн байгаа юм бид.
 
 
-Монголд ямар ч салбарт адилхан даа, хөндлөнгийн аудит гэдэг юм алга байгаагийн л гай байх даа?
 
-Хөндлөнгийн аудит гэхээсээ илүү одоо монголчууд, Монголынхоо эрдэмтэн судлаачдад итгэх цаг нь болсон. Жишээлбэл, манай тээвэр логистикийн салбар байна. Би энэ зах зээлээс хаашаа ч холдохгүй. Муугаар бодоход, би нэг бодлогын баримт бичиг, судалгааг буруу хийгээд хаачих юм бэ.
 
 
Намайг Монголын газар нутаг дээрээс л олно. Би энд л амьдарч байгаа шүү дээ. Надтай хамт миний нэр хүнд хамт явж байгаа. Тэр битгий хэл миний шавь нар, үр хүүхэд энэ зах зээл дээр амьдарна. Би өөрийнхөө үр хойчид муу юм үлдээхийг хэзээ ч хүсэхгүй.
 
 
Тийм биз дзэ. Харин гадны компаниуд тухайн цаг үе, цаг хугацаанд дотоодын нэг авлигач нөхөртэй хувааж идчихээд л гараад явчихаж байна. Үлдсэн хог новшийг нь бид цэвэрлэх гээд сууж байна. Нэн ялангуяа хувийн хэвшлийнхэн, тэгээд ард түмэн... Энэ тогтолцоог халах цаг нь болсон.
 
 
-Дундаж төсөл хэрэгжүүлэхэд гадны зөвлөх авлаа гэж бодоход хэдээр цалинжуулдаг юм бол?
 
-Европ болон америкийн зөвлөхүүд сарын 35 мянган ам.доллараас л дээш ярина шүү дээ. Азийнхан 15-17 мянган ам.доллараас дээш төгрөгийн цалин авдаг. Тэгсэн мөртлөө Монголын судлаачид.., сайн дурын уран сайханчид сая 500-гаас хоёр сая төгрөгийн л цалин авдаг, сард. Тэгсэн атлаа хамгийн хүнд ажлыг нь хийдэг...
 
 
Өөрийнхнөөсөө харамладаг, өрөөлд 50-60 сая төгрөг төлж зөвлөх үйлчилгээ авдаг. Ядаж байхад тэр нь ашиглахын аргагүй заваан юм байдаг. Бид Монгол хүмүүсээ хөгжүүлнэ гээд л байдаг юм. Ер нь Монгол Улс цаашдаа мэдлэгт суурилсан эдийн засагтай явъя гэж байгаа л бол бодох ёстой.
 
 
Мэдлэгт суурилсан эдийн засаг зөвлөх үйлчилгээнээс эхэлдэг юм. Түүнээс биш хэн нэгэн хүн авчираад мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгохгүй. Өнөөдөр залуучууд судалгаа шинжилгээний ажлаас зугтаж байна.
 
 
-Яагаад?
 
-Цалин нь бага учраас уул уурхай руу түлхүү явж байна. Юун мэдлэгт суурилсан эдийн засаг... Биш болоод хувирчихлаа.
 
 
-Тэгээд одоо яах вэ?
 
-Төр одооноос эхлээд зөвлөх үйлчилгээ, судлаачдыгаа үнэлэх үнэлэмжээ дээшлүүл. Тэгж байж бид энэ салбарт шинэлэг залуучуудаа татаж оруулна. Хүмүүс ажиллах орон зайг нь бий болгож өгнө шүү дээ. Судлаачаас шинжлэх ухаан үүснэ.
 
 
Түүнээс биш зүв зүгээр сууж байгаад гэв гэнэт цоо шинэ санаа толгойд орж ирээд бичнэ гэсэн юм байхгүй. Эргэн тойрныхоо амьдрал, бусдын хийсэн технологийг судалж байж дундаас нь юм олж авна.
 
 
Эндээс л бидний хүсээд байгаа мэдлэгт суурилсан эдийн засаг, шинэ бүтээгдэхүүн, оюуны бүтээгдэхүүн бий болно. Энэ суурин дээр л анхаарлаа хандуулах хэрэгтэй байгаа юм даа.
 
 
-Танай холбооны зүгээс Монголд хэрэгжиж буй ямар ямар төсөл дээр зөвлөгөө өгсөн бэ. Хамгийн томоос нь ч юм уу, эсвэл олоны мэдэхээс нь сонирхуулахгүй юу?
 
-Манай холбоо 2002 онд байгуулагдсан. 11 жил болж байна. Энэ хугацаанд Замын-Үүдийн чөлөөт бүсийн хамгийн анхны хувилбарыг хийж байсан. Мөн Транзит Монгол үндэсний хөтөлбөрийн судалгааг хийсэн.
 
 
Транзит Монгол хөтөлбөр зөвхөн Монголоор зогсохгүй НҮБ-д сайшаагдсан хөтөлбөр. Бидний муулдаг Намбарын Энхбаяр гуай энийг НҮБ-д тавиад маш өндөр үнэлгээ авч байсан юм. Монголын хамгийн анх тоогдож харуулсан хөтөлбөр.
 
 
Түүнээс гадна их дээд сургулиудын хотхоны судалгаа гээд олон бий. Бас хувийн хэвшлийнхэнтэй хамтраад маш олон төслийг хэрэгжүүлсэн дээ. Одоо Авто тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын судалгаан Дээр ажиллаж байна. Удахгүй дуусна.
 
 
Энэ судалгаа Монголд түүхэндээ анх удаа хийгдэж байна. Ачаа тээврийн эпүр зураглалыг анх удаа гаргах гэж оролдож байна. Анх удаа улсын хэмжээнд үйлдвэрлэлийн хоорондын уялдааг гаргасан логистик төлөвлөлтийг хийх гэж оролдож байна. Харамсалтай энд гарч байгаа санхүүжилтийн асуудал нь хүнд байна.
 
 
Би түрүүн хэлсэн, жаахан мөнгө байгаад цаг байдагсан бол олигтойхон, хойч үедээ хэрэглэгдэхээр судалгааны ажил хийхсэн гэх хүсэл мөрөөдөл байдаг. Одоо хугацаа нь богинохон, мөнгө нь бага нөхцөлд л ажиллаж байна. Яваандаа сайжрах байлгүй дээ.
 
 
-Хувийн хэвшлийнхэн гэснээс сүүлийн хэдэн жилийн турш л жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэж дээр дооргүй бужигналдаж байх шиг. Гэтэл дэлхийн хөгжингүй орнуудад бөөн жижиг үйлдвэрлэл гэхээсээ хэдэн том үндэсний хэмжээний үйлдвэр босгоод дагалдах маягаар жижиг, дунд үйлдвэрлэл явуулдаг юм шиг санагддаг. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
 
-Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлье гэж бодож байгаа бол бодлогын түвшиндээ логистикийг ойлгодог байж хийх ёстой юм. Логистик бол үндсэндээ санхүү, мэдээлэл, бараа урсгалын оновчтой тогтолцоог бий болгож шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрийн суурийг тавьдаг.
 
 
Герман, америкчуудад төслөө аваачаад танилцуул. Ганцхан л юм асууна. Логистик, дэд бүтцийг яаж шийдсэн юм бэ гэж... Манайхан тэрэн дээр дандаа унадаг. Жижиг, дунд үйлдвэрлэл Монголд хэрэгтэй юу гэвэл хамгийн чухал хэрэгтэй. Яагаад гэвэл өнөөдөр гол нэрийн бараа тасралтгүй өсч байна.
 
 
Бусад улсуудад гол нэрийн барааг доош нь татдаг жижиг дунд үйлдвэрлэл байдаг юм. Учир нь жижиг, дунд үйлдвэрлэл жижигхэн учраас бага ашгийн төлөө байдаг. Томчууд том ашгийн төлөө байдаг. Тийм болохор энэ хоёрын хооронд зөөллөж өгдөг нь жижиг, дунд болон өрхийн үйлдвэрлэл.
 
 
Гол нэрийн барааг доош татдаг сектор. Жижиг, дунд үйлдвэрлэлийг үнэхээр л хөгжүүлэхийг хүсч байгаа бол логистик, дэд бүтцийг нь байгуулах ёстой юм. Манайхан одоо зөвхөн мөнгө өгчихөөд үйлдвэрлэл хөгжих юм бодоод байгаа юм. Тийм биш ээ. Нарийн яривал мөнгө бол гурав дахь хүчин зүйл.
 
 
Хамгийн эхэнд зах зээл нь байх ёстой. Зах зээлтэй холбох нь төрийн үүрэг. Төр хийх ёстой. Төрийн хийгээд өгчихсөн төсөл дээр аль ч арилжааны банк, хөрөнгө оруулагч мөнгө, зээл өгнө. Мөнгө, зах зээл юу ч байхгүй байхад санаандаа идей бичээд аваад ирэхээр мөнгө өгчихдөг. Тэр нь дампуурчихдаг.
 
 
Эсрэгээр тэр хүн өрөнд ордог. Эхлээд тэр бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд тээвэрлэдэг хадгалаад борлуулдаг сүлжээ, зах зээлд хүргэдэг тогтолцоог төр хийхгүй бол жижиг, дунд үйлдвэрлэл угаасаа хөгжихгүй ээ. Уучлаарай. Хүний биеэр ярих юм бол судсыг нь боочихвол уураг тархинд нь тэжээл очихгүйтэй л адилхан.
 
 
Жижиг, дунд үйлдвэрлэл төрөөс логистик, дэд бүтцийн л дэмжлэг хүсдэг. Яахав хувь хүн дээр яваад очихоор арай өөр. Бизнес эрхлэх гэж байгаа хүн хөөрхий амьтан асуудлыг Монгол Улсын хэмжээнд бүхлээр нь харж чаддаггүй.
 
 
Зөвхөн өөрийнхөө хувьд л хардаг. Тэгээд очоод асуухаар надад мөнгө л хэрэгтэй гэж хэлдэг. Өөрт нь мөнгө байвал болчихмоор юм шиг харагдаж санаанд нь багтаад байдаг. Хийхээр дампуурчихаад байдаг.
 
 
-Бусдын туршлагаас харвал ямар аргаар жижиг, дунд үйлдвэрлалээ хөгжүүлээд байна вэ?
 
-Солонгост тосгоны хэдэн айл комьпютерын товчлуурыг үйлдвэрлээд Тайвань руу явуулж байх жишээтэй. Төр холбож өгч чадсан байгаа биз. Тиймдээ ч Солонгосын жижиг, дунд үйлдвэрлэл хөгжиж байна шүү дээ.
 
 
Жишээ нь Поска байна. Поска өөрийнхөө гаргасан төмрийн бүтээгдэхүүнийг жижиг, дунд үйлдвэрүүд рүүгээ өгөөд түүхий эдээр хангачихдаг. Тэд нар нь янз бүрийн юм хийгээд цаашаа хөгждөг. Энэ мэтчилэн логистикийн зөв тогтолцоотой болчихвол Монголд их боломж бий.
 
 
Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн дэргэд Поскатай адилхан үйлдвэр технолгийн парк байгуулаад жижиг, дунд үйлдвэрийг бий болгох боломж хангалттай бий. Даанч хийхгүй юм даа. Харин бид хийж байсан. Хийгээд . дампуурсан. Гурван удаа дампуурч байсан.
 
 
Японы үйлдвэр оруулж ирээд... Төр дэмждэггүй юм байна билээ. Худлаа юм байна билээ шүү. Машины жижиг, эд анги хийгээд Япон, Англи руу гаргаж байсан. Бас буруу талдаа рультэй машин оруулж ирээд зөв талд нь болгоод экспортлож байсан.
 
 
Тухайн үед бид маш олон албан тоотыг Үйлдвэр худалдааны яаманд өгч байсан. Мэргэжилтнээсээ эхлээд л тэс хөндлөн суучихдаг юм байна лээ. Наанаа дэмжинэ гээд байдаг амьдрал дээр дэмждэггүй юм байна лээ. Үсрээд төслийн тендер зарлаад л хаядаг.
 
 
-Тэр тендер "асуудал"-тай шалгардаг гэж байгаа?
 
-Тиймэрхүү л юм болно доо. Гэхдээ би шинэчлэлийн Засгийн газарт их найдлага тавьж байгаа. Ард түмнээ сонсоё гээд аян явж байна. Энд боломж байна гэж харж байна. Ерөнхий сайдтай хэд хэдэн удаа уулзсан. Логистикийн талаар ойлгуулсан. Ерөнхий сайд маш хурдан сайн ойлгосон. Чухал гэдгийг..
 
 
Тиймээс бид урамтай байгаа. Тэр ч утгаараа автозам дээр төрөөс баримтлах бодлого дээр логистик суурьтай бодлого хийж байгаа. Дараа нь логистикийн талаар төрөөс баримтлах бодлого хийх гэж байгаа. Энэ бүхнийгээ хийж чадвал сүлжээ үүснэ.
 
 
Түүнээс гадна Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга гэж нэг сайхан дарга радио телевизээр яриад л төчнөөн тэрбум төгрөг тараааж өгсөн гэж яриад суугаад байдаг. Уг нь тэр тэгэх хэрэггүй.
 
 
Гадаадад явж байх ёстой юм шүү дээ. Япон, Солонгос, Хятад явж зах зээл хайж явах ёстой атлаа энд мөнгө тараагаад л сууж байна. Нэг үгээр өөрийнхөө ажлын чиг үүргээ мэдэхгүй байгаа юм.
 
 
-Төрд хандаад ч найдваргүй гэх үгийг мөн ч их сонсох юм даа?
 
-Би бол ганцхан юмыг л ойлгосон. Сэтгэл байхгүй бол юу ч болдоггүй. Мөнгө байгаад ч нэмэргүй. Сэтгэлтэй хүн зөв байр, албан тушаал дээр очих юм бол тэр хөгждөг юм байна. Заавал супер ухаантай эрдэмтэн байх хэрэггүй.
 
 
Зүгээр л энийг хөгжүүлчихье гэсэн сэтгэл байгаад бусдынхаа үгийг сонсож чадвал явчих юм байна лээ. Гэвч өнөөдрийн тогтолцоо ямар байгаа билээ. Тэрийг хүртэл хүлээхээс өөр аргагүй л болчихож байгаа юм.
 
 
-Үнэндээ ч монголчууд өөрсдийгөө доошоо хийж, гадныханд их мөнгө төлдөг гээд бодохоор манайхан өөрсдийгөө л үнэгүйдүүлж нэр нүүрээ бардаг улс даа?
 
-Монголд ялангуяа манай салбарт үйлчилгээ үзүүлсэн гадаадын компаниудын бүх түүхийг уншихаар Бангладеш, Монгол хоёрт л төсөл хэрэгжүүлж, зөвлөх үйлчилгээ үзүүлсэн байдаг юм.
 
 
Өөрөөр хэлбэл, хамгийн их зөвлөх үйлчилгээ авсан хоёр улс бол Бангладеш, Монгол... Өнөөдөр хөгжсөн үү... Товчхондоо гадаадын зөвлөх үйлчилгээнд мухар сохроор итгээд байх нь буруу гэдгийг дахин хэлмээр байна.
 
 
-Өмнө нь сонсож байсан юм байна. Бангладешт хэрэгжүүлсэн төслөө яг тэр чигээр нь манайд бариад явж байсан гэж?
 
-1993 оны үед үүссэн асуудал л даа. Тэр үед их замбараагүй байсан. Гаднаас хүн төсөл хэрэгжүүлэх гэж байвал шууд л авдаг тийм өвчтэй байлаа. Тэрийгээ эдийн засгийн орлогын эх үүсвэр гээд ойлгочихсон. Би тэр үеийг шарилжны үе гэж нэрлэдэг юм.
 
 
-Яагаад?
 
-Зүйрлэвэл, газрын хөрсийг эргүүлчихээр хамгийн түрүүнд шариж ургадаг. Шарилж үхээд дараагийн ургамлаа ургах үр шим нь болдог. Дараа нь царван ургадаг. Царван үхсний дараа шар цэцэг гэдэг ч юм уу янз бүрийн өвч ногоо ургаж хөрс нь эрүүлждэг байхгүй юу.
 
 
Товчхондоо 1990 оноос хойш, Монголын нийгэм, эдийн засагт яг энэ процесс явагдаж байгаа. Би 1990-2000 оныг шарилжны үе гэж хараад байгаа. 2001-2012 он хүртэл царвангийн үе. Тэгээд одоо, уучлаарай шарилжны үеийнхэн улстөрөөс зайл гээд байгаа юм.
 
 
Идэж, ууж болсон. Гэхдээ тэднийг шоронд хийгээд хэрэггүй. Ямар ч байсан царван ургах үндсийг нь тавьсан. Мөн царвангийнхан ч бас зайлж, дараагийн залуустаа зайгаа тавьж өгөх ёстой. Тэгсэн цагт л эдийн засаг цэцэглэнэ.
 
 
Эд нар бол чадахгүй. Яагаад гэвэл хулгай хийгээд сурчихсан хүн хэзээ ч шударга байж чадахгүй, нүгэл нь татаад... Өнөөгийн УИХ-д сайхан сайхан залуучууд гараад ирчихсэн байна.
 
 
Бас гайгүй сайхан, тэмцэж явсан залуучууд тодорхой салбарт үнэхээр ард түмний төлөө ажиллаж чадаж байна. Жишээлбэл, О.Магнай байна. Яагаад залуучуудыгаа хүндлээд боломж олгож болохгүй байгаа юм бэ. Хуц, ухна тавьчихсан юм шиг...
 
 
Р.Гончигдоржийг УИХ-ын дэд даргад тавих ямар хэрэг байгаа юм бэ, жишээ нь. Тэр чинь шарилжны үеийн юм шүү дээ. Одоо бид Шинэ үеэ эхлүүлмээр байна гэдгийг л хэлье.
 
 
З.Урансүх
 
Эх сурвалж: “Улаанбаатар таймс” сонин