Эрүүл мэндийн яамны харьяа эмнэлгийн дарга нарын сонгон шалгаруулалтын гуравдугаар шат, англи хэлний шалгалтыг өнгөрсөн баасан гарагт салбар төрийн албаны зөвлөл авсан.
Хуулиараа ЭМЯ-ны Сонгон шалгаруулах комисс шалгаруулалтыг явуулах журамтай ч Төрийн албаны зөвлөл шууд хөндлөнгөөс оролцож сонгон шалгаруулалтыг хойшлуулсан. Энэ нь хувийн ашиг сонирхолтой холбоогүй, хууль зөрчсөн зүйл биш гэдгийг зарим эх сурвалжууд мэдэгдээд байсан.
Гэтэл Төрийн албаны зөвлөл дээр англи хэлний шалгалт авч байтал цахилгаан тасарч, будлиан үүссэн, улмаар сонгон шалгаруулалтад зургаан хүн л тэнцсэн гэх зэргээр дарга нарын сонгон шалгаруулалттай холбоотой асуудлууд ар араасаа ундарсан.
Эмнэлгийн дарга нарын сонгон шалгаруулалт явагдаж дууссантай холбогдуулан Сонго шалгаруулах комиссын дарга, ЭМЯ-ны Байгууллагын удирдлага, хөгжлийн хэлтсийн дарга Д.Оюунцэцэг, Сонгон шалгаруулах комиссын нарийн бичгийн дарга, яамны Хүний нөөцийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн С.Гантуяа нар өчигдөр мэдээлэл хийсэн юм.
Тэдний мэдээлж буйгаар нийт 15 ажлын байран дээр 61 хүний материал ирсэн гэнэ. Ингээд материал бүрийг нягтлан үзсэний үндсэн дээр хүн бүрт шалгалтын хуваарьтай мэдэгдэх хуудас өгчээ.
Улмаар ур чадварын болон ярилцлагын шалгалтад тэнцсэн 18 хүн англи хэлний шалгалтад орсон аж. Шалгалтын эцсийн дүнг журмын дагуу ЭМЯ-ны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд танилцуулж, сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авч тэнцсэн хүмүүсийг Эрүүл мэндийн сайдад өргөн барих саналыг хүргүүлжээ.
Сонгон шалгаруулах комисс нь Төрийн албаны зөвлөлөөс мэргэжил аргазүйн зөвлөгөө, дэмжлэг авч ажилласан бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, стандартад нийцсэн тестээр хууль эрхзүйн шалгалтыг авсан гэв.
Харин одоо Эрүүл мэндийн сайд, төрийн нарийн бичгийн дарга нар хэн хаана даргаар очихыг шийдэх л үлдсэн гэнэ. Эцсийн шийдвэр ирэх долоо хоногт гарах аж. Төрийн албаны салбар зөвлөлөөр шалгалтад тэнцсэн ч хувийн эмнэлэгтэй, хувийн ашиг сонирхолтой гэдэг нь тогтоогдвол эмнэлгийн даргад томилох боломжгүй юм.
Эмнэлгийн дарга болох хамгийн магадлалтай хүмүүс
Ийнхүү сонгон шалгаруулалтын эцсийн дүн гараагүй ч эмнэлгийн дарга болох магадлалтай хүмүүсийн талаар гадуур хэдийнэ яриад эхэлжээ. Ингээд тэдгээр эрхмүүдийн талаарх товч мэдээллийг хүргэж байна.
Клиникийн I эмнэлгийн даргад өрсөлдөж буй Л.Жамбалжав. Ур чадварын шалгалтдаа тэнцсэн. Эрүүл мэндийн сайдын зөвлөх. Өмнө нь Цэргийн төв госпиталийн эмч, I эмнэлгийн даргаар ажиллаж байжээ.
Клиникийн II эмнэлгийн даргад өрсөлдөж буй н.Баясгалан. Ур чадварын шалгалтдаа тэнцсэн. Өмнө нь тус эмнэлгийн даргаар ажиллаж байгаад чөлөөлөгдсөн. Шастины нэрэмжит III эмнэлгийн даргад өрсөлдөж байгаа н.Баярцэцэг. Ур чадварын шалгалтдаа тэнцсэн. Тус эмнэлгийн орлогч даргаар ажиллаж байгаа.
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн даргад н.Баатархүү өрсөлдөж байгаа. Ур чадварын шалгалтдаа тэнцсэн. ЭМШУИС-ийн багш юм. Грентологийн төвийн даргад өрсөлдөж байгаа Р.Оюунханд. Ур чадварын шалгалтдаа тэнцсэн бөгөөд тэрбээр Өмнө нь тус төвийн даргаар ажиллаж байжээ.
Эх нялхсын эрүүл мэндийн төвийн даргад өрсөлдөж байгаа Ш.Энхтөр. Ур чадварын шалгалтдаа тэнцсэн. Мөн тус эмнэлгийн даргаар ажиллаж байсан. Арьсны өвчин судлалын үндэсний төвийн даргад өрсөлдсөн н.Цогцэцэг. Ур чадварын шалгалтдаа тэнцсэн. Өмнө нь тус төвийн даргаар ажиллаж байсан.
Дөрвөн эмнэлэг даргагүй хоцрох нь
Харин зарим эмнэлгийн даргад өрсөлдсөн нөхөд ур чадварын шалгалтдаа тэнцээгүй аж. Тодруулбал Гэмтэл согог судлалын үндэсний төвийн даргад өрсөлдсөн Б.Жаргалсайхан, Ж.Батмагнай нар ур чадварын шалгалтдаа бүдэрчээ.
Мөн Хавдар судлалын үндэсний төвийн даргад өрсөлдсөн А.Эрдэнэтуяа өрсөлдөгчгүйгээр ганцаараа хүч үзсэн ч тэнцээгүй байна. Хүүхдийн төв сувиллын даргад өрсөлдсөн Н.Ууганцэцэг мөн л ур чадварын шалгалтдаа бүдэрсэн бол Цусны төвийн даргад өрсөлдөгч М.Эрдэнэбаяр,
Ц.Тунгалагтамир нар ур чадварын шалгалтаа амжилтгүй өгчээ. Ийнхүү дээрх эмнэлгүүдэд дахин сонгон шалгаруулалт явуулах эсэхийг ЭМЯ-ны Төрийн албаны зөвлөл шийдэх аж.
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Xaxa bagsh gene vv balai ym