ПАРИС. /AFP/. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын хаан III Чарльзын Францад хийх төрийн айлчлал лхагва гарагт буюу өнөөдөр эхэлнэ. Тэрбээр зургаан сарын өмнө Францад болсон эмх замбараагүй байдлын улмаас айлчлалаа хойшлуулахаас аргагүйд хүрчээ.
Их Британийн хаан III Чарльз, гэргий Камиллагийн хамт Францад гурав хоног байх бөгөөд айлчлалтай холбогдуулан аюулгүй байдлын өндөржүүлсэн арга хэмжээ авчээ. "Ouest-France" сонинд мэдээлснээр, тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн хаврын жагсаалын улмаас хойшлуулж байсантай харьцуулахад түүний айлчлалын хөтөлбөрт томоохон өөрчлөлт ороогүй байна.
Айлчлал Парис хотын Ялалтын хаалганы дэргэд угтах ёслолоор эхлэх бөгөөд Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, түүний гэргий Брижит нар зочдыг угтан авна. Хоёр улсын тэргүүн нар Ялалтын хаалганы доор байх Нэр нь үл мэдэгдэх цэргийн булшинд мөнхийн гал асаах бэлгэдлийн ёслолд оролцоно. Дараа нь Хаан, Ерөнхийлөгч нар Их Британийн Элчин сайдын яамны хашаанд Францаас бэлэглэсэн царс модыг тарина. Үүний дараа Елисейн ордонд Францын Ерөнхийлөгч Э.Макрон болон түүний зочны хооронд нүүр тулсан уулзалт болно.
“Sud Ouest” сонинд онцлон тэмдэглэснээр, энэ удаагийн төрийн айлчлал нь Их Британи Европын Холбооны бүрэлдэхүүнээс гарсантай холбоотойгоор хоёр талын харилцаанд үүссэн мухардмал байдлыг эцэслэнэ гэж хоёр тал найдаж байна.
Хоёр тал "биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлт, 11 дүгээр сард Их Британид зохиогдох хиймэл оюун ухааны форум" зэрэг асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна гэж Парисын долоо хоног тутмын "Le Point" сонинд мэдээлжээ. Түүнчлэн Африкийн Сахелын бүсэд өрнөж буй үйл явдлууд, Украины асуудлыг хөндөж магадгүй байна. Лхагва гаргийн хөтөлбөр Версалийн ордон дахь Францын хаадын түүхэн өргөөнд Их Британийн өндөр дээд зочдод зориулж Э.Макрон гэргийн хамт хүндэтгэлийн оройн зоог барьснаар өндөрлөнө. Пүрэв гарагт III Чарльз Францын парламентын дээд танхим буюу Сенатын танхимын хуралдаанд үг хэлнэ. Тэрбээр илтгэлийнхээ зарим хэсгийг франц хэлээр тавих төлөвтэй байна. III Чарльз, Макрон нар мөн 2019 оны дөрөвдүгээр сард гал түймэрт сүйдсэн Нотр-Дамын сүмийг сэргээн засварлах ажлын явцтай танилцана. Төрийн тэргүүн нар мөн Уур амьсгал, биологийн олон янз байдал сэдэвт симпозиумын төгсгөлийн хэсэгт оролцох бөгөөд энэхүү уулзалтыг бизнесийн хүрээнийхэн Байгалийн түүхийн музейд зохион байгуулна.
Брижит Макрон, хатан Камилла нар пүрэв гарагт Францын Үндэсний номын санд болох Франц-Британийн утга зохиолын шагнал гардуулах ёслолд оролцоно. Мөн өдөр хоёр улсын тэргүүн хатагтай нар Сен-Дени хотод зочилж, 2024 оны зун Парист болох Олимпын наадмын өмнө спортын холбоодтой уулзах юм.
Баасан гарагт зочдыг Бордо хотноо хүлээн авна. Тус хотод тэд Францын өмнөд нутагт гарсан түймэртэй тэмцэхэд оролцсон аврагчидтай уулзана. III Чарльз, Камилла нар мөн Их Британи, Францын цэргийн албан хаагчидтай уулзаж, Лондон, Парисын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар ярилцахаас гадна, Бордо дахь бизнесийн төлөөлөгчидтэй уулзана. Айлчлалын хөтөлбөр Мартиллак дахь усан үзмийн цэцэрлэгт зочилсноор дуусна гэж “Actu Bordeaux” цахим хэвлэл мэдээлжээ. III Чарльзын айлчлал Францад болох регбигийн ДАШТ-тэй давхцаж, гадаадаас олон хөгжөөн дэмжигчид ирж байгаатай холбогдуулан аюулгүй байдлыг хангах нэмэлт арга хэмжээ авч, 30 мянга гаруй цагдаагийн ажилтнуудыг дайчилна гэж “Agence France-Presse” агентлаг мэдээллээ. Их Британийн хааны айлчлалын дараа Ромын Пап Францис тус улсад айлчлах юм.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Америк Канад Австралийн газар нутгийн эзэд бол уугуул индианчууд. 1700 оны үед их британийн эзэнт гүрэн америк канад австралийн эзэд уугуул индианчуудыг алаад газар нутаг дээр нь АНУ Канад Австрали улсыг байгуулсан түүхтэй.