sonin.mn
ВЛАДИВОСТОК. /Xinhua/. БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга, Солонгосын Хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жөн Уны ОХУ-д хийсэн албан ёсны айлчлал дууслаа. БНАСАУ-ын удирдагчийн галт тэрэг Приморийн хязгаарын нутгаас ням гаргийн орой хөдөлсөн тухай тус хязгаарын засгийн газрын хэвлэлийн алба мэдээлсэн байна.   
 
 
Мэдээлэлд дурдсанаар, Ким Жөн Ун мягмар гарагт өөрийн хуягласан галт тэргээр Приморийн хязгаарын Хасан өртөөнд хүрэлцэн ирсэн бөгөөд түүнийг Орос-Умард Солонгосын Засгийн газар хоорондын комиссын тэргүүн, Байгалийн нөөцийн сайд Александр Козлов, Приморийн хязгаарын захирагч Олег Кожемяко нар угтан авчээ. 
 
 
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин түүнтэй лхагва гарагт Амар муж дахь “Восточный” сансрын хөлгийн буудалд уулзаж, хэлэлцээ хийсэн юм. Ким Жөн Ун баасан гарагт Хабаровын хязгаарын Амар мөрний эрэг дээрх Комсомольск хотын Юрий Гагарины нэрэмжит нисэх онгоцны үйлдвэрт зочилж, “Superjet 100” нисэх онгоцыг үзэж сонирхжээ. Дараа нь түүнд зориулж “Су-35” сөнөөгч онгоцоор уран жолоодлогын үзүүлбэр үзүүлсэн байна.  Бямба гарагт Ким Жөн Ун Приморийн хязгаарт дахин галт тэргээр иржээ.
 
 
Владивостокийн Кневичи нисэх онгоцны буудалд  “Ту-160” дуунаас хурдан, стратегийн бөмбөгдөгч онгоц, “Ту-95МС” сэнсэн хөдөлгүүрт стратегийн бөмбөгдөгч онгоц, алсын тусгалын дуунаас хурдан пуужин тээгч “Ту-22М3” бөмбөгдөгч онгоцыг хүндэт зочинд үзүүлсэн байна. Мөн БНАСАУ-ын удирдагч болон түүнийг угтан авсан ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нарт Оросын Агаар-сансрын хүчний шуурхай-тактикийн нисэх хүчний орчин үеийн нисэх онгоцуудыг үзүүлжээ. 
 
 
Эдгээрээс гадна сайд С.Шойгу “МиГ-31И” пуужин тээгч нисэх онгоцонд суурилуулсан “Кинжал” пуужингийн системийг Ким Жөн Унд танилцуулжээ. БНАСАУ-ын удирдагч мөн “Ту-214” зорчигч тээврийн онгоцыг үзэж сонирхсон байна. Түүнчлэн Владивосток хотноо Ким Жөн Унд "Маршал Шапошников" хөлөг онгоц болон пуужингийн удирдлагын орчин үеийн системийг үзүүлжээ. Ням гарагт БНАСАУ-ын удирдагч “Русский” аралд хүрэлцэн ирж, Алс Дорнодын их сургууль болон Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд нээгдсэн “Алс Дорнодын гудамж” үзэсгэлэнг үзэж сонирхлоо. БНАСАУ-ын удирдагч хамгийн сүүлд 2019 онд ОХУ-д айлчилсан билээ.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг