ЖАКАРТА. /TASS/. Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо буюу АСЕАН-ы дээд хэмжээний уулзалт мягмар гарагт Индонезын нийслэл Жакарта хотод эхэллээ. Индонезын Ерөнхийлөгч Жоко Видодо уулзалтыг нээж үг хэлэхдээ тус байгууллагын гишүүдийн эв нэгдэл, эрх тэгш байдлыг хадгалахын чухлыг онцлон тэмдэглэв.
"АСЕАН-ы эв нэгдэл одоо ч сайн байгаа гэдгийг онцолмоор байна. Миний харж байгаа энэ тэгш байдал дэлхийд ховор болсон. Чухам тэгш эрх байхгүйгээс болж маш олон шударга бус байдал, зөрчил үүсэж байна" гэж Видодо хэллээ.
Түүний хэлснээр, АСЕАН нь дэлхийн аль нэг гүрний эрх ашгийг төлөөлөх талбар байх ёсгүй. Харин бүс нутаг, дэлхий дахины нийтлэг асуудлуудыг шийдвэрлэхэд хүчин чармайлтаа нэгтгэх, мөн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг хадгалахын тулд ажиллах шаардлагатай байгааг тэрбээр цохон тэмдэглэв.
АСЕАН-ы дээд хэмжээний уулзалт болон дагалдах уулзалтууд Жакартад есдүгээр сарын 7 хүртэл үргэлжилнэ. Энэ үеэр талууд интеграцчлалын асуудлууд болон зарим салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар, мөн бүс нутгийн асуудлуудыг хэлэлцэх юм.
Бүс нутгийн орнуудын ажиглагчдын үзэж байгаагаар, уулзалтын үеэр хэлэлцэх гол сэдэв нь Мьянмарын хямрал, Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай бүсийн эргэн тойрон дахь нөхцөл байдал байх төлөвтэй байна. АСЕАН-ы хэд хэдэн улстай байгуулсан түншлэлийн хүрээнд хийх уулзалтууд дээд хэмжээний уулзалтын үеэр урьдчилсан байдлаар лхагва, пүрэв гарагт болно. Тодруулбал, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян, Японы Ерөнхий сайд Кишида Фүмио, БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш болон бусад төлөөлөгчид Индонезод хүрэлцэн ирнэ. Есдүгээр сарын 7-нд Жакартад мөн Зүүн Азийн дээд хэмжээний уулзалт болно. АСЕАН 1967 онд байгуулагдсан бөгөөд Бруней, Вьетнам, Индонез, Камбож, Лаос, Малайз, Мьянмар, Сингапур, Тайланд, Филиппин гэсэн 10 улсыг эгнээндээ нэгтгэдэг.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0