НЬЮ ЙОРК. /ТАSS/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулган Нью-Йорк хотноо өнөөдөр нээлтээ хийнэ. Уламжлал ёсоор бүтэн жил үргэлжлэх чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад олон улсын асуудал, зөрчилдөөн, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжил, хөгжиж буй орнуудын өрийн барагдуулах зэрэг асуудлууд багтсан байна.
Ерөнхий Ассамблейн гол арга хэмжээ бол есдүгээр сарын 19-25-ны өдрүүдэд болох өндөр түвшний уулзалтын долоо хоног юм. Энэ үеэр дэлхийн улс орнуудын удирдагчид, Гадаад хэргийн сайд нар Ерөнхий Ассамблейд оролцож, олон улсын нөхцөл байдлын талаар өөрсдийн байр сууриа илэрхийлж, дэлхий нийтийн өмнө тулгарч буй сорилтуудыг даван туулах арга замуудыг хэлэлцэнэ.
Мягмар гарагт Нью-Йоркийн цагаар 10:00 цагт Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы хаалтын хурал болж, бүрэн эрх нь дуусгавар болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дарга, Унгарын төлөөлөгч Чаба Короши нэг жилийн ажлаа дүгнэнэ. Дараа нь тэрбээр даргын суудлаа Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго Улсын төлөөлөгч Деннис Фрэнсист шилжүүлэн өгөх юм. Үдээс хойш 15:00 цагт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы нээлт болно. Энэ хуралдаанаар Д.Фрэнсис Ерөнхий Ассамблейн даргын хувьд зорилго, ажлын арга барилаа танилцуулна.
Мөн Ерөнхий Ассамблейн хороод, тэдгээрийн дотор Хятад, Орос, АНУ уламжлал ёсоор багтдаг Магадлан итгэмжлэх хороог байгуулна. Тус хороо нь улс орнуудыг төлөөлж Ерөнхий Ассамблейд оролцох төлөөлөгчдийн нэрсийг баталдаг. Тухайн улсын төрийн эрх мэдэл шилжсэн тохиолдолд дэлхийн тавцанд тухайн улсыг хэн төлөөлөх вэ гэдэг нь тодорхойгүй болсон үед ингэж батлах нь чухал ач холбогдолтой.
Тухайлбал, Нижер болон Габон улсыг төлөөлж Ерөнхий Ассамблейд эдгээр улсын ерөнхийлөгч нар оролцоно гэж таамаглаж байсан боловч сүүлийн долоо хоногуудад тэднийг албан тушаалаас нь огцруулжээ. Практикаас харахад, зохицуулах хороо ийм маргаантай асуудлыг хойшлуулахыг илүүд үздэг. Жишээлбэл, Мьянмарын цэргийн хунт ба Афганистаны Талибууд өөрсдийн төлөөлөгчдийг санал болгосон боловч 2021 онд төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгчид нь солигдсон эдгээр хоёр улсын төлөөлөгчид өнөөдрийг хүртэл томилогдоогүй байна.
Д.Одон
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0