sonin.mn
Төр барилгачдыг өдрийн 19000  төгрөгөөр  ажиллуулахыг шаардаж, бодит байдал дээр 80000-100000 төгрөгөөр цалинжуулснаар аж ахуйн нэгжүүд дампуурч байгаа талаар сургууль, цэцэрлэг барьдаг барилгын компаниудын төлөөлөл мэдээлэл хийлээ.
 
Энэ үеэрээ тэд: "Барилгын салбарт 2021 оноос хойш үүссэн хүндрэл, түүнийг даван туулахад Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн хэр байсан гэдгийг эргэж харахад өнөөдөр хаа сайгүй баригдсан дутуу барилгууд, халширч дампуурсан хэдэн захирал, хаалгаа барих дээрээ тулсан хэдэн зуун компаниуд л байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эмнэлэг, сургууль, цэцэрлэг, спорт цогцолбор барьж байгаа компаниудын төсөвт өртөг нь хүрэлцэхгүйн улмаас царцсан барилгуудын асуудал хэзээ шийдэгдэх нь тодорхойгүй байна. Нэг хэв маягийн зурагаар өнөөдөр баригдаж байгаа хоёр төсөл ажил 2 өөр төсөвт өртөгтэй байна. Жишээлбэл,
 
 
Ховд аймгийн Тэс сумын спорт заалны барилгын ажил 2021 оны 01 сарын 01-нээс өмнө зураг төсөв нь магадлалаар орж батлагдсан гэдэг үндэслэлээр 1 тэрбум 700 сая төгрөгийн төсөвт өртөгтэй бол түүнтэй яг адилхан спорт заалны барилгын ажил Ховд аймгийн Алтай суманд зураг төсөв нь 2021 оны 01 сарын 03-ны өдөр буюу 2 хоногийн дараа магадлалаар орж батлагдсан гэдэг үндэслэлээр 2 тэрбум 300 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр баригдаж байна.
 
 
 
Үүнийг юу гэж ойлгох вэ? Хоёр адилхан барилга өнөөдөр 600 сая төгрөгийн зөрүүтэй өртгөөр баригдаж байна. Энэ жишээнээс харахад нэг маягийн зурагаар, нэг аймагт хийгдэж байгаа хоёр ажил зөвхөн ганц сайдын зөрүүтэй заалтнаас болж 600 сая төгрөгийн алдагдалд орж байна. Төрийн бодлого хэзээ ч төсвийн мөнгийг бүрдүүлдэг олон мянган аж ахуйн нэгжид ялгаварлан хандаж болохгүй." гэв.
 
 
М.Чой