sonin.mn
ЛИБРЕВИЛЬ. /Reuters/. Габоны Ерөнхийлөгч Али Бонгог түлхэн унагасан төрийн эргэлтийн удирдагч даваа гарагт түр ерөнхийлөгчийн тангараг өргөжээ. Төрийн эргэлт хийсэн цэргийнхнийг дарлагдсан нийгмийг чөлөөлөгч хэмээн өргөмжилсөн уг ёслолын ажиллагааг телевизээр шууд  дамжуулсан байна.
 
Сүүлийн гурван жилийн хугацаанд Баруун болон Төв Африкт найм дахь удаагийн төрийн эргэлт боллоо. Генерал Брис Олигуй Нгуэма тэргүүтэй армийн офицерууд наймдугаар сарын 30-нд Габонд засгийн эрхийг булаан авсан бөгөөд А.Бонгог сонгуульд ялсан гэж зарласнаас хойш хэдхэн минутын дараа сонгуулийн дүнг хүчингүй болгожээ.
 
Төрийн эргэлтийг нийслэл Либревиль хотын олон иргэд дэмжсэн боловч гадаадынхан зэмлэн буруушаасан юм. Тухайлбал, Төв Африкийн бүс нутгийн ECCAS байгууллагын зүгээс Үндсэн хуулийн дэг журмыг сэргээн тогтоох хүртэл Габон улсыг тус байгууллагын гишүүнээр түдгэлзүүлсэн тухай даваа гарагт мэдэгдсэн байна.
 
 
Б.Нгуэма ёслолд оролцохоор ирэхэд түүнийг цэргийнхэн болон албаны хүмүүс бүгд босож хүндэтгэлтэйгээр алга ташин угтан авсан бөгөөд Үндсэн хуулийн цэцийн шүүгчдийн хорооны өмнө тангараг өргөсний  дараа  дахин алга ташин баяр хүргэлээ.
 
 
Б.Нгуэма хэлсэн үгэндээ, бүх нийтийн санал асуулгаар шинэ Үндсэн хуулийг батлах, сонгуулийн болон эрүүгийн шинэ хууль батлах, үндэсний банк, компаниудад дэмжлэг үзүүлэх зэрэг шинэчлэлүүдийг хийхээ амлажээ. Тэрбээр мөн улс төрийн цөллөгсөдийг эх оронд нь ирүүлж,  улс төрийн хоригдлуудыг суллах ажээ. Газрын тос олборлогч тус улсыг А.Бонгогийн гэр бүл 56 жилийн турш удирдаж байсныг эцэс болгосон энэхүү төрийн эргэлт бол үндэстэнд эрх чөлөөг олгож буй Бурханы ивээл мөн гэдгийг онцолсон байна.
 
 
“Удирдагч ард түмнээ дарлахад... арми л тэднийг чөлөөлдөг. Габон улсын иргэд ээ, бидний өвөг дээдсийн мөрөөдөж байсан аз жаргал өнөөдөр ирж байна" гэж түр ерөнхийлөгч хэлжээ.
 
 
Уг ёслолд А.Бонгогийн засгийн газрын дэд ерөнхийлөгч, ерөнхий сайд зэрэг хэд хэдэн албан тушаалтан оролцсон байна. Одоогоор А.Бонго гэрийн хорионд байгаа юм. Тэрбээр 2009 онд сонгогдсон бөгөөд 1967 онд засгийн эрхэнд гарсан талийгаач эцгийнхээ халааг авсан байна. А.Бонгогийн гэр бүл Габоны газрын тос, уул уурхайн баялгийг тус улсын 2.3 сая хүн амд тэгш хувиарлаагүй гэдгийг гэж түүнийг эсэргүүцэгчид үздэг.
 
 
 
Д.Одон
Эх сурвалж: "Монцамэ"  агентлаг