АБУ-ДАБИ. /AFP/. АНЭУ энэ жилийн НҮБ-ын уур амьсгалын асуудлаарх чуулганы үеэр байгаль орчныг хамгаалагч идэвхтнүүдэд “тайвнаар жагсаал цуглаан хийхийг” зөвшөөрнө гэдгээ мягмар гарагт мэдэгджээ.
Газрын тосны арвин нөөцтэй АНЭУ Уур амьсгалын тухай НҮБ-ын Суурь конвенцод нэгдэн орсон улс орнуудын бага хурлын 28 дахь удаагийн чуулганыг /COP28/ бизнесийн төв Дубай хотдоо энэ оны 11-12 дугаар сард зохион байгуулна. Тус улсад эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахад албан ёсны зөвшөөрөл шаардлагатай байдаг бөгөөд үймээн самуун үүсэж болзошгүй гэж үзсэн жагсаал цуглааныг хориглодог байна.
"НҮБ-ын чуулганы үеэр байгаль орчныг хамгаалагч идэвхтнүүдэд тайвнаар жагсах, дуу хоолойгоо өргөх орон зайг олгох болно" гэж АНЭУ мэдэгджээ. Энэ талаар Уур амьсгалын тухай НҮБ-ын Суурь конвенцтой хамтран гаргасан мэдэгдэлд тэмдэглэжээ. Хамтарсан мэдэгдлийг АНЭУ-ын “WAM” агентлаг нийтэлсэн байна. “COP28” чуулганыг даргалагч Султан Аль-Жабер, Уур амьсгалын тухай НҮБ-ын Суурь конвенцийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Саймон Стилл нар чуулганыг зохион байгуулах тухай хоёр талын хэлэлцээрт Абу-Даби хотноо гарын үсэг зурсны дараа дээрх мэдэгдлийг гаргажээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дулаарлыг зөнд нь орхи. Угаасаа нүүрсний хэрэглээ, газрын тосны хэрэглээ, шатахууны хэрэглээ, байгалийн хийн хэрэглээ, уул уурхайн олборлолт аж үйлдвэрлэл явагдаж байгаа цагт уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дулаарлыг яриад хэлэлцээд ч хэрэггүй.