sonin.mn
КИЕВ. /NHK/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өмнөд нутгийн Нова Каховка хотод далан нурсны улмаас үерт автсан бүсийн байдалтай биечлэн танилцаж, үүсээд буй нөхцөл байдалд авах хариу арга хэмжээний талаар орон нутгийн эрх баригчидтай хэлэлцжээ.
 
 
Херсон мужийн Нова Каховка хотын усан цахилгаан станцын далан мягмар гарагт нурж, улмаар ойролцоох бүсүүдэд үерийн аюул нүүрлээд байгаа юм. В.Зеленский олон нийтийн сүлжээн дэх хуудсандаа, Херсон мужид очиж, үерийн улмаас учирсан хохирлыг үнэлэх, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх, тэдэнд дэмжлэг үзүүлэх, түүнчлэн цаашид явуулах цэргийн ажиллагааны талаар холбогдох албаныхантай хэлэлцлээ хэмээн нийтэлсэн байна.
 
 
АНУ-ын “Дайны судалгааны хүрээлэн” -гээс лхагва гарагт гаргасан тайланд дурдсанаар, Нова Каховкагийн далан сүйдсэн нь Днепр мөрний зүүн эрэг дэх Оросын цэргийн байрлалд нөлөөлж байгаа бөгөөд үер Украины довтолгооны эсрэг ашиглахаар төлөвлөж байсан Оросын армийн бэхлэлтүүдийг сүйтгэжээ. Мөн эргийн дагуух Оросын минын талбайнууд сүйдсэн байна.
 
 
Тайланд мөн, “Оросын арми болон эзлэгдсэн бүс нутгийн эрх баригчид Херсонд болсон үерт зохион байгуулалт муутай хариу арга хэмжээ авч, улмаар эзлэгдсэн бүс нутгийн энгийн ард иргэдэд учрах хохирлыг улам бүр хүндрүүлж байна” хэмээн бичжээ.
 
 
Түүнчлэн Их Британийн Батлан хамгаалах яамнаас пүрэв гарагт мэдээлэхдээ, “Байлдааны ээдрээтэй дүр зургаас үзэхэд, фронтын олон хэсэгт ширүүн тулаан үргэлжилсээр байна. Ихэнх бүсэд Украин санаачилгыг гартаа авч байна” гэсэн байна. Украины армийн сөрөх довтолгоо эрчимжиж байгааг энэ мэдээлэл харуулжээ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг