sonin.mn
АНКАРА. /TRT/. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулахаар төлөвлөж байгаагаа даваа гарагт TRT телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ мэдэгдсэн байна.
 
"Бидний үндсэн ажлын нэг шинэ Үндсэн хууль хэвээр байна. Энэ асуудлыг бид намын эвсэл дотроо хэлэлцэж, шаардлагатай ажлуудыг хийнэ. Намуудын хооронд яриа хэлэлцээ өрнөнө, зөвшилцлийг эрэлхийлнэ. Хэрэв тэд санал гаргавал бид дүн шинжилгээ хийнэ" гэж тэрбээр хэлжээ.
 
Турк улсын хувьд төрийн эргэлт хийсэн үеэс үлдсэн “өвөөс чөлөөлөгдөх” шаардлагатай гэж Р.Эрдоган үзэж байгаа аж. Тус улсад 1980 онд болсон цэргийн эргэлтийн дараа 1982 онд шинэ Үндсэн хуулийг баталжээ. Хэдийгээр нэлээд өөрчлөлт оруулсан боловч энэ хууль нь одоог хүртэл хэрэгжсэн хэвээр байгаа юм.  Туркийн удирдагч мөн энэ сарын 28-нд болох ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд ялбал улс орон "бүрэн өөрчлөгдөж", "ирээдүйг өөрөөр харах болно" гэж мэдэгджээ. Түүнчлэн олон өрсөлдөгч нь "улс төрийн цогцос" болно гэж хэлсэн байна. 
 
Р.Эрдоган Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар хоёр ч удаа бүх нийтийн санал асуулга явуулсан. Хамгийн гол өөрчлөлтийг 2017 оны бүх нийтийн санал хураалтаар баталсан бөгөөд тухайн үед парламентын засаглалыг Ерөнхийлөгчийн засаглалаар сольж, ерөнхий сайдын албан тушаалыг цомхотгон Еерөнхийлөгчийн эрх мэдлийг өргөжүүлсэн юм.
 
Туркийн сөрөг хүчнийхэн Р.Эрдоганыг энэ алхмынх нь төлөө шүүмжилдэг бөгөөд төрийн тэргүүний эрх мэдлийг ихээхэн хумьж парламентат ёсыг сэргээж, бэхжүүлнэ гэж амлаж байна. 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг