sonin.mn
ШАНХАЙ. /ТАSS/. ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин Шанхай хотноо даваа гарагт хүрэлцэн иржээ. Энэ нь ОХУ-ын Засгийн газрын тэргүүний хувиар БНХАУ-д хийж буй түүний анхны айлчлал юм.
 
Мягмар гарагт М.Мишустин Шанхай хотод Орос-Хятадын бизнес форумын нэгдсэн хуралдаанд оролцоно. Тэрбээр мөн нефть, химийн “Sinopec” корпорацын шинжлэх ухаан, судалгааны хүрээлэнд зочилж, Оросын бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзана.
 
Үүний дараа ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Бээжин хотыг зорино. Тэрбээр Бээжинд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн  Ерөнхий сайд  Ли Цян нартай хэлэлцээ хийх бөгөөд талууд хоёр талын гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурна.
 
Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбин айлчлалын талаар өмнө нь мэдэгдэхдээ, М.Мишустин болон Оросын төлөөлөгчдийн айлчлал нь Москва, Бээжингийн хамтын ажиллагааг улам бэхжүүлж, хүмүүнлэгийн болон бүс нутгийн солилцоог баяжуулж, "дэлхийн эдийн засгийг сэргээхэд хүчтэй түлхэц өгнө" гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. 
 
Ши Жиньпин гуравдугаар сарын 20-22-нд Москвад айлчлах үеэрээ ОХУ-ын Засгийн газрын тэргүүнийг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шинэ Ерөнхий сайдтай нягт холбоо тогтоохоор аль болох ойрын хугацаанд Хятадад айлчлахыг урьсан байна.
 
 
Д.Одон
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг