sonin.mn
КИЕВ. /DW/. Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн /ОУАЭХА/ тэргүүн Рафаэль Гросси даваа гарагт Украины Запорожье хотод очиж, Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзжээ.
 
Хэдийгээр энэхүү хот нь Украины хяналтад байгаа боловч Запорожье атомын цахилгаан станц нь өнгөрсөн оны эхээр Орос Украин руу довтолж эхэлснээс хойш Оросын цэргүүдэд эзлэгдээд байгаа юм. Запорожье нь Европын хамгийн том атомын цахилгаан станц юм.
 
“Миний бие өнөөдөр В.Зеленскийтэй Запорожье хотод уулзаж, атомын цахилгаан станц болон станцын ажилтнуудыг хамгаалах талаар санал солилцлоо” гэж Р.Гросси “Twitter” хуудсандаа нийтэлжээ. Мөн тэрбээр Украины цөмийн байгууламжуудад ОУАЭХА бүрэн дэмжлэг үзүүлнэ гэдгийг дахин нотолсон байна. Запорожье нь хоёр талын байлдааны ажиллагааны халуун цэг болоод байгаа тул энэ байгууламжийн аюулгүй байдлын асуудал ихээхэн түгшүүр төрүүлээд байгаа юм.
 
Тухайлбал, их буугаар галласны улмаас станцын цахилгаан эрчим хүч хэд хэдэн удаа тасалдсан нь Украины ажилчдыг ослын үед ажиллуулдаг дизель генераторуудыг асаахаас өөр аргагүйд хүргэж байв.
 
Өмнө нь Запорожье станцад очиж байсан Р.Гросси станцад гарч болзошгүй осол нь Украинд төдийгүй бүс нутагт аюул учруулж болзошгүйг анхааруулсан байна. Тэрбээр ийм осол гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд байгууламжийн эргэн тойронд хамгаалалтын бүс байгуулахыг уриалж, Оросын тал цэргийн техник хэрэгсэл, бие бүрэлдэхүүнээ байрлуулж байгааг шүүмжилж байсан билээ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг