sonin.mn
БАНГКОК. /TASS/. Зүүн Өмнөд Азидаа хамгийн томд тооцогддог "Cobra Gold" (Кобра Гоулд) олон улсын цэргийн 42 дахь удаагийн сургуулилалт Тайландад мягмар гарагт буюу өнөөдөр албан ёсоор эхэллээ. 
 
Коронавирусний цар тахал дэгдсэнээс хойш анх удаа бүрэн хэлбэрээрээ зохион байгуулагдаж буй энэ удаагийн сургуулилалт гуравдугаар сарын 10 хүртэл үргэлжилнэ.
 
Олон үндэстний цэргийн сургуулийг нээх ёслол Тайландын Чонбури мужид болж, тус улсад суугаа АНУ-ын Элчин сайд Роберт Годек үг хэллээ. Тэрбээр мэдэгдэхдээ, энэхүү сургуулилалт нь хоёр орны хувьд төдийгүй бүс нутгийн болоод дэлхийн аюулгүй байдалд чухал ач холбогдолтой хэмээн онцлон тэмдэглэв. "Cobra Gold” нь нийтлэг ашиг сонирхлыг хөхиүлэн дэмжих, харилцан хамтын ажиллагааг бий болгоход хувь нэмэр оруулахын сацуу Энэтхэг-Номхон далайн чөлөөт, нээлттэй байдлыг хангахад холбоотнууд, түншүүддээ бид онцгойлон анхаарч байгаагийн илрэл болж байна" гэж дипломатч хэллээ.
 
Тайланд, АНУ-ын хооронд хоёр талын Тэнгисийн цэргийн сургууль хийснээр эхэлж байсан сургуулилалтууд нь хамтын ажиллагааны шинэ боломжууд нээгдэж байдгийн ачаар жил ирэх тусам өргөжин тэлж байгааг тэрбээр онцолжээ. 
 
Нээлтийн ёслолд АНУ-ын Зэвсэгт хүчний Энэтхэг-Номхон далайн командлалын дарга, адмирал Жон Аквилино мөн үг хэлжээ. Тэрбээр “Cobra Gold” нь "аюулгүй байдлын салбарын өндөр технологийн хамтарсан энхийг сахиулах үйл ажиллагааг бүх салбарт төлөвлөх чадварыг бэхжүүлдэг" хэмээн цохон тэмдэглэсэн байна. 
 
Сургуулилалтад оролцож буй улс орнууд
 
Энэ жил АНУ, Тайландаас гадна, олон арван орны 7300 гаруй цэргийн алба хаагч оролцож, ажиглана. Үндсэн сургуулилалтад Индонез, Малайз, Сингапур, БНСУ, Японы цэргүүд, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх сургуульд Австрали, Энэтхэг, БНХАУ-ын цэргийн албан хаагчид оролцоно. Бразил, Вьетнам, Герман, Грек, Камбож, Кувейт, Лаос, Пакистан, Швед, Шри-Ланка зэрэг улсын цэргүүд энэ жил ажиглагчаар оролцож байна. Үүнээс гадна, Бангладеш, Бруней, Их Британи, Канад, Монгол, Балба, Шинэ Зеланд, Фижи, Филиппин, Франц улсууд олон үндэстний төлөвлөлт, тэлэлтийн бүлэгт нэгджээ.
 
Хуурай газар, далай, түүнчлэн агаар, сансрын болон кибер орон зайд аюул заналтай тэмцэх командлалын томоохон сургалт бүхий команд-штабын сургуулилалтыг хоёр долоо хийхээр төлөвлөж байна. Үүний зэрэгцээ оролцогчид кибер халдлагатай тэмцэх, кибер аюулыг илрүүлэх, кибер аюулгүй байдлыг хангах стратегийг судлах болно. Цэргийн алба хаагчид мөн харилцаа холбоо, хиймэл дагуулын дохиог тасалдуулж, цэргийн ажиллагаанд нөлөөлдөг нарны болон геомагнитын шуурга гэх зэрэг сансрын үзэгдлийн үр дагавартай хэрхэн тэмцэх талаар суралцана.
 
Сургалтын мэдээллийг Америк, Тайланд, Японы цэргийн болон иргэний сансрын агентлагууд өгөх ажээ. Үүний зэрэгцээ хүмүүнлэгийн иргэний тусламж үзүүлэх, байгалийн гамшигт хариу арга хэмжээ авах чиглэлээр хэд хэдэн сургууль хийнэ. Сургуулилалтын явцад гамшигт өртсөн хүмүүсийг хэрхэн хайх, аврах, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх, нүүлгэн шилжүүлэх, алдагдсан химийн бодисыг цэвэрлэх, гал түймрийг унтраах талаар оролцогчдод үзүүлнэ. Түүнчлэн хээрийн сургууль хийхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ үеэр хуурай замын цэрэг, тэнгисийн болон агаарын цэргийн хүчний хамтарсан сургуулилалт болж, шүхрээр үсрэх, энгийн иргэдийг байлдааны бүсээс нүүлгэн шилжүүлэх, буудлага хийх дасгал сургууль хийнэ.
 
“Cobra Gold” сургуулилалтын түүхээс
 
Энэхүү сургуулилалтыг Тайландын хаант улсад 1982 оноос хойш жил бүр зохион байгуулж ирсэн бөгөөд АНУ, Тайландын цэргийн хамтын ажиллагааны гол бэлгэдлүүдийн нэг юм. Сүүлийн 10 жилд АНУ-ын талаас оролцогч цэргийн албан хаагчдын тоо 10 мянгаас 6-7 мянга орчим болж буурчээ. 2021 онд коронавирусний улмаас Чонбури мужийн Саттахип эрэг дээр ихэвчлэн явагддаг байсан тэнгисийн цэргийн десант буух сургуулийг цуцалсан боловч анги нэгжүүдийн хооронд тусдаа хээрийн сургуулийг хийсээр иржээ. 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг