sonin.mn
Бүгд Найрамдах Австри Улсын нийслэл Вена хотноо 2023 оны 02 дугаар сарын 23,24-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Парламентын Ассамблейн 22 дахь өвлийн хуралдаанд Монгол Улсын Их Хурлыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн дарга Д.Цогтбаатар оролцлоо.
 
 
Ассамблейн хуралдаанд ЕАБХАБ-ын гишүүн 57 улсын 300 гаруй парламентчид оролцсон юм. Оролцогчид бүс нутагт тулгамдаж буй улс төр, эдийн засаг, хүрээлэн буй орчин болоод хүний аюулгүй байдал тулгарч буй сорилт бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэв. Түүнчлэн бүс нутагт үүсээд буй үл итгэлцэл, мөргөлдөөнийг шийдвэрлэхэд ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн үүрэг, оролцооны асуудлыг хөндөж, санал солилцов.
 
Хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар Терроризмтой тэмцэх Тусгай хороо, Торгоны замыг дэмжих бүлэг, Социал демократуудын бүлгийн хуралдаанд оролцож, үг хэллээ.
 
Өнгөрөгч оны 07 дугаар сард болсон ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 29 дүгээр хуралдааны үеэр явагдсан Торгоны замыг дэмжих бүлгийн 7 дугаар уулзалтаас Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатарыг тус бүлгийн Мэдээлэл, судалгааны элч-багийн ахлагчаар томилсон. Тэрбээр Торгоны замыг дэмжих бүлгийн хуралдаанд оролцох үеэрээ 2022 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаа танилцуулсан юм. 
 
 
Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн дарга Д.Цогтбаатар ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Ерөнхийлөгч Маргарета Седерфэлт, ЕАБХАБ-ын Эдийн засаг, хүрээлэн буй орчны асуудал эрхэлсэн зохицуулагч Игли Хасани нартай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.