sonin.mn
Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблейн Ерөнхий нарийн бичгийн дарга Пингкам Ласасимма-ын урилгаар тус улсад ажлын айлчлал хийлээ. Айлчлал БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблейн Ерөнхий нарийн бичгийн дарга Пингкам Ласасимма-тай хийсэн албан ёсны уулзалтаар (2023.02.24) эхэлсэн.
 
 
Уулзалтын эхэнд хатагтай Пингкам Ласасимма, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблей Монгол Улсын Их Хуралтай уламжлалт найрсаг харилцаатайг онцлоод, хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн хугацаанд идэвхтэй хөгжин, парламентын дарга, гишүүд, Тамгын газрын түвшинд харилцан айлчлал, уулзалтын давтамж хадгалагдаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн.
 
 
Тэрбээр, 2022 оны 11 дүгээр сард Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга Сайсумфон Фомвихан нарын цахим уулзалт амжилттай зохион байгуулагдсаныг тэмдэглээд, цахим уулзалтын үеэр Лаосын тал хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны уламжлалаа сэргээх, парламентын Тамгын газруудын хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн байгуулах саналаа илэрхийлснийг Монгол Улсын Их Хурлын удирдлага дэмжин санамж бичгийг шинэчлэн байгуулахаар болсонд талархаж байна гэлээ.
 
Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Хатагтай Пингкам Ласасимма-д БНАЛАУ-д айлчлахыг албан ёсоор урьж, халуун дотноор хүлээн авч байгаад талархал илэрхийлээд, хоёр улсын парламентын дарга нарын дэмжлэгтэйгээр энэ ажил өнөөдөр ийнхүү биеллээ олж, бид Тамгын газрууд хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах гэж байгаад баяртай байна хэмээсэн.
 
Монгол Улсын Их Хурлын Тамгын газар нь БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн Тамгын газартай найрсаг, ойр дотно харилцаатай гэдгийг Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга дурдаад, өнгөрсөн хугацаанд бид төлөөлөгчид солилцож, туршлага хуваалцан, бие биеэ харилцан дэмжин ойлголцож ирсэн. Уламжлалт харилцааны бат суурин дээр тулгуурлан цаашид харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө ажиллана гэж хэллээ.
 
 
Мөн Монгол Улсын Их Хурлын Тамгын газар болон БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн байгуулах нь харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн орчныг бататгасан түүхэн үйл явдал болно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга илэрхийлээд, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблейн Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Пингкам Ласасимма-г тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урилаа.
 
 
Албан ёсны уулзалтын дараа Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн Ерөнхий нарийн бичгийн дарга Пингкам Ласасимма нар Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн Нарийн бичгийн дарга нарын газар хоорондын хамтран ажиллах тухай Санамж бичигт гарын үсэг зурсан юм. Санамж бичигт, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар болон БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн Нарийн бичгийн дарга нарын газар хоорондын харилцаа, хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэх зорилгоор Талууд 2023-2026 онд тодорхой арга хэмжээг хамтран хэрэгжүүлэхээр тусгасан байна.
 
Тухайлбал, парламентын хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагааг зохион байгуулах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагаатай танилцах, туршлага солилцох зорилгоор төлөөлөгчдийг харилцан илгээх, хууль тогтоох байгууллагын чиг үүргийн хэрэгжилтийн талаар харилцан мэдээлэл солилцох талаар тусгажээ.
 
Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын дараа Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан БНАЛАУ-ын Үндэсний ассамблейн дэд дарга Сүнтон Сайяжагад бараалхав.
 
 
Хатагтай Сүнтон Сайяжага Монгол Улсын Их Хурлын Тамгын газар болон БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны Санамж бичгийг шинэчлэн байгуулсанд баяр хүргээд, Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын энэ удаагийн албан айлчлал хоёр улсын хууль тогтоох байгууллага болоод түүний Тамгын газрын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал хувь нэмрээ оруулна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр Монгол Улс, БНАЛАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хоёр улсын хооронд дээд, өндөр хэмжээний айлчлалууд, хоёр улсын парламентын дарга нарын дээд хэмжээний цахим уулзалт, эрдэм шинжилгээний бага хурал зэрэг олон арга хэмжээ хоёр талд амжилттай зохион байгуулагдсанд талархалтай байгаагаа дурдаад, хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын Тамгын газрын хамтран ажиллах тухай Санамж бичигт тусгагдсан ажлуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллах болно гэлээ.
 
 
Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Сүнтон Сайяжага-д цаг гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд, энэ удаагийн айлчлал нь хоёр талын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна хэмээсэн.
 
Тэрбээр, Хоёр улсын хууль тогтоох байгууллагууд хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн хугацаанд идэвхтэй сайн хөгжиж ирснийг дурдаад, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейгаас хоёр улсын харилцааны найрамдлын бэлгэ тэмдэг болгон 2003 онд бэлэглэсэн улаан модон тавилгыг Монгол Улсын Их Хурлын чуулганы Нэгдсэн хуралдааны танхимд өнөөг хүртэл ашиглаж буйг дуулгасан.
 
Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн Нарийн бичгийн дарга нарын газар хоорондын хамтран ажиллах тухай Санамж бичигт ажилтнууд харилцан туршлага судлах, мэдээлэл солилцох уламжлалт арга хэмжээг үргэлжлүүлэх, Талууд хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх зорилгоор олон улсын хурал, бусад арга хэмжээний үеэр хоёр талын төлөөлөгчдийн уулзалтыг зохион байгуулж байхаар тусгасан гэлээ. Уулзалтын үеэр хоёр улсын хууль тогтоох байгууллагын өнөөгийн хамтын ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо. Уулзалтад Монгол Улсаас БНАЛАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Бямбасүрэн болон албаны бусад хүмүүс оролцсон юм.
 
 
Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан албан айлчлалынхаа хүрээнд БНАЛАУ-ын Вьентьян хотын Нийслэлийн Иргэдийн хурлын Нарийн бичгийн дарга Накасен Сихалад, Луангпрабанг мужийн Иргэдийн хурлын дарга Вонсаван Тепажан, Иргэдийн хурлын Тамгын газрын удирдлагатай ажлын уулзалт хийсэн. Уулзалтын үеэр нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаа, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.