sonin.mn
ПЁНЬЯН. /NHK/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Пёньян хот дахь бүтээн байгуулалтын шинэ төслийн нээлтийн ёслолд охины хамтаар оролцсон талаар тус улсын төрийн мэдлийн хэвлэл мэдээлэв.
 
БНАСАУ-ын төв цахилгаан мэдээний агентлагийн /KCNA/ ням гарагт мэдээлснээр, нээлтийн арга хэмжээ бямба гарагт болсон бөгөөд Ким Жөн Ун охин болон бусад төлөөлөгчийн хамтаар оролцсон нь гэрэл зургаас харагджээ. Охиныг удирдагчийн “хамгийн хайртай” хүүхэд гэж тодорхойлсон байна.
 
Уг төслийн хүрээнд 4000 гаруй өрхийн орон сууц байгуулах ба БНАСАУ-ын өнцөг булан бүрээс 100 мянга гаруй залуучууд төслийн бүтээн байгуулалтад гар бие оролцоно гэж олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.
 
Ким Жөн Уны охины зургийг БНАСАУ-ын хэвлэлүүд анх өнгөрсөн 11 дүгээр сард баллистик пуужингийн туршилтад аавынхаа хамтаар оролцсоных нь дараа нийтэлсэн юм. Харин эдийн засгийн холбогдолтой үйл ажиллагаанд охиныг оролцуулсан анхны тохиолдол энэ болжээ.
 
Охиныг Ким Жөн Уны хоёр дахь хүүхэд гэж БНСУ-ын тагнуулын албаныхан мэдээлж байгаа юм. Зарим шинжээчийн хувьд, түүнийг Ким Жөн Уныг залгамжилж магадгүй хэмээн таамаглаж байна. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг