sonin.mn
Нүүрсний хулгайн хэрэгт улс төрийн хоёр том хүчний гишүүд нэр холбогдоод байгаа нь ил болсон. Гэхдээ энэ нь батлагдчихсан хэрэг биш юм. Шалгах үйл ажиллагаа дарааллаараа явж байгаа нь тодорхой. Хамгийн гол нь эл хэрэгт УИХ-ын эрхэм гишүүд нэр холбогдсон нь хэргийг илүү нарийн шалгахад тодорхой хэмжээний тээг болоод байдгийг өнөөдөр хэн хүнгүй гадарладаг болсон. Тийм ч учраас Монгол Ардын намаас сонгогдсон УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат нар гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж жирийн иргэний хувиар шалгуулахаар болсоноо мэдэгдсэн. 
  
Тэр нь ч дээр байх. Үнэхээр л гэм буруугүй бол сонгогчид нь дахиад л итгэл хүлээлгэнэ.
 
Нүүрсний хулгайн хэргээр прокурорын байгууллагаас хамгийн түрүүнд Ардчилсан намаас сонгогдсон УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн нэрийг зарласан. Түүнийг АТҮТ-ийн ажилчдад хахууль өгч хятадуудтай бизнесийн дэр нийлүүлэн 1000 гаруй машинаар нүүрс зөөж төрийн мөнгө хумсалсан хэрэгт буруутган 2020 оноос хойш шалгаж байгаа. Гэвч А.Адъяасүрэн УИХ-ын гишүүний бүрэн эрхээрээ дулдуйдан ял завшин 3 дахь жилтэйгээ золгож байна. 
Мөн үүнээс гадна нүүрсний хамгийн том хулгай буюу бүхэл бүтэн мөргөцөг хулгайлсан хэрэгтэй Д.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүн байна. Тэр мөн л Ардчилсан намын гишүүн. А.Адъяасүрэн гишүүнтэй адил аргаар ял завших санаатай суугаа нэгэн. 
 
Хувь нь хүн нь хариуцлагаас зугатааж, ял завшиж амиа хохойлох бодолтой байж болох ч, нам нь яагаад таг чимээгүй байна вэ. Эсвэл Ардчилсан нам гэж байхаа больсон юм уу. Уг нь намын тамга тэмдэг, эрх мэдлийн тухай асуудал хөндөгдөхөөр улаа үзсэн мэт шаагилдах юм билээ. Эсвэл Ардчилсан нам хулгайг өөгшүүлж, хулгайчыг хамгаалах тактиктай байна уу.  
 
Д.Дандархүү