сонин mn
ВАШИНГТОН. /CNBC/. Америкийн “Apple” компани “iPhone” загварын гар утаснуудынхаа 25 хувийг Энэтхэгт үйлдвэрлэхийг зорьж байна гэж тус улсын Худалдааны сайд Пиюш Гоял мэдээлжээ.
 
“Apple” одоогоор үйлдвэрлэлийнхээ 5-7 хувийг Энэтхэгт явуулж байна. Хэрэв би андуураагүй бол тэд цаашид энэ үзүүлэлтээ 25 хувь хүргэж нэмэгдүүлэхээр зорьж байна” гэж тэрбээр бага хурлын үеэр хэлжээ. Харин “Apple”-ийн хэвлэлийн төлөөлөгч энэ талаар тодруулга өгөөгүй байна.
 
Өнгөрсөн онд “Apple” компани “iPhone 14” гар утсаа Энэтхэгт угсарч эхэлснээр худалдаанд гаргах гэж буй хамгийн сүүлийн үеийн загварын гар утсаа тус улсад анх удаагаа үйлдвэрлэсэн юм. “Apple” Энэтхэгт 2017 оноос хойш “iPhone” гар утаснуудаа угсарч байгаа боловч ихэвчлэн хуучирсан загварууд байжээ. “Apple”-ийн “iPhone” гар утасны гол угсрагч компани болох Тайванийн “Foxconn” нь Энэтхэгийн зүүн нутгийн Ченнай хотын ойролцоох Сриперумбудур хотод ухаалаг гар утаснуудыг үйлдвэрлэдэг.
 
Өнгөрсөн есдүгээр сард “JPMorgan” фирмийн шинжээчид “Apple”-ийг 2025 он гэхэд “iPhone” гар утасныхаа 25 хувийг Энэтхэгт үйлдвэрлэж магадгүй гэсэн төсөөллийг гаргажээ.
 
Хятадад “iPhone” гар утаснуудынхаа дийлэнх хувийг үйлдвэрлэдэг “Apple” үйлдвэрлэлийнхээ байршлыг төрөлжүүлэхийг зорих болсон бөгөөд өнгөрсөн жил “COVID-19” халдвар тархаж, Хятадын Жэнжоу хот дахь дэлхийн хамгийн том “iPhone” гар утасны үйлдвэрийн ажилтнууд эсэргүүцлийн жагсаал хийж, мөн “Foxconn” компани үйл ажиллагааг нь хариуцдаг “iPhone”-ын үйлдвэрт угсрах үйл явц түр тасалдсан юм. Энэтхэг улс мөн “iPad”-ыг эх орондоо угсрах боломжийг судалж байгаа талаар “CNBC” телевиз өнгөрсөн онд мэдээлж байв. “Apple” нь Энэтхэгийн ухаалаг гар утасны зах зээлийн ердөө 5-хан хувийг эзэлж байгаа боловч тус компанийн гүйцэтгэх захирал Тим Кук “iPhone” гар утасны борлуулалт өсөх боломжтой бүс нутаг гэж үзсээр иржээ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг