sonin.mn
УИХ-ын гишүүн Н.Учралын гурав хоногийн дотор УИХ-аар батлуулсан хуулийн талаар Ардчилсан Нам мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн хурлын эхэнд АН-ын Газрын дарга О.Батханд: "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуулийн талаар АН ямар байр суурьтай байгаа талаар мэдээлэл хийж байна. Нэг зүйлийг хэвлэлийнхэндээ, Монголын ард түмэндээ хэлмээр байна. Өчигдөр бид олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай УИХ-ын гишүүн Н.Учралын санаачлан, өргөн мэдүүлж, яаралтай горимоор батлуулсан хуулийн талаар сэтгүүлчдийн группт зар орууллаа. Энэ зарыг оруулсны дараа АН-руу Цахим хөгжлийн яамнаас ярьж байна. Хэвлэлийн бус, МАН-ын гаралтай хүмүүс ярьж байна. Энэ юу гэсэн үг вэ? МАН-ынхаан. Цахим хөгжлийн яам аа? Би асуумаар байна.
 
 
АН-ын гишүүд Монгол Улсын Үндсэн хуульд заасан үгээ хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлж байгаа. Эдэлсээр ч байх болно. Улжсаас хулгай хийгээгүй, нэр цэвэр олон зуун мянган залуус манай намд бий. Тийм учраас бид хэнээс ч айхгүй. Цахим хөгжлийн яамнаас бид айхгүй. МонголУулсад эрх мэдлээрээ ноёрхсон МАН-аас бид айхгүй.
 
 
Бид үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхээ эдэлсээр байх болно. Тийм учраас АН-руу ирсэн яг өчигдрийнх шиг сануулгыг битгий хийгээрэй. Улстөрийн нам руу ийм халдлага ирж байгаа юм чинь Жирийн шударга иргэд рүү ямар дайралт, ямар халдлага ирж байгаа нь тодорхой. Ийм учраас шударга зуу зуун сэтгүүлчдээ энэ эрхээ битгий боомилуулаарай. Монгол хүн энэ газар нутаг дээрээ үгээ хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй шүү гэдгийг хэлмээр байна. " гэв.
 
Харин АН-ын дэд дарга Б.Ган-Очир: "АН-ын удирдах зөвлөл сүүлийн 2 хоног хурал хийлээ. Троллын тухай гэдэг нэр авчихаад байгаа, олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах гэсэн нэртэй хэр нь бодит амьдрал дээр дарга нарын эрхийг хамгаалах хуулийн тухай бид хэдэн зүйлийг хэлье. Маш товчхондоо бүгдээрээ амаа хамхиулах нь. 2 сарын 1-нээс хууль хэрэгжиж эхлэхээр цахим орчинд хүссэн үедээ бидний амыг барина гэсэн үг. Энэ хууль эхлэсэн 2 гол шалтгаан байна. Нэг нь Цахим хөгжлийн сайд Н.Учрал өөрийнхөө улстөрийн аав буюу Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд барьж байгаа бэлэг гэдгийг улстөрийн хүрээнийхэн тодоос тод мэдэж байна.
 
 
Ерөнхийлөгчийн нэр хүнд унаад ирэнгүүт түүнд барьж байгаа бэлэг нь бүх комментуудыг, тролл нэртэй бүх хаягийг дарья гэдэг захиалга явчихлаа. Нөгөө талд нь салбарын сайд яагаад фейсбүүкийн тролл гэгдэх хаягууд Монголын нэг номерийн дайсан болчихлоо гэж гаргаж ирэв. Яагаад гэвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол улсын гол чиглэлээ барьж аваагүй учраас нэг салбарын сайд нь өөрийн хүссэн үедээ энэ хамгийн чухал асуудал гэж барьж авч байна. Юмны үнэ өсч, амьдрал хэцүү байгаа учраас хавар болох жагсаал, цуглааны үеэр цахим орчныг хаах зорилго бас харагдаж байна. Одоо нүүрсний хулгайн талаар огт ярих боломжгүй боллоо. Тэгвэл одоо ямар гарц байна вэ? Энэ хуулийг хэрэгжсэн өдрөөс эхлэн Ерөнхийлөгч хэсэгчлэн болон бүхэлд нь хориг тавих боломжтой. Гэтэл Ерөнхийлөгч өөрөө захиалсан хууль. Ерөнхийлөгч бантаад хориг тавьлаа гэж бодьё. УИХ-ын гишүүдийн 2/3 хүлээж авч байж хориг хүчин төгөлдөр болох ёстой. Аль хэзээний өнгөрсөн. Үндсэн хуулийн цэц шүдгүй арслан болсон гэдгийг бүгд мэдэж байгаа. Тийм  учраас бидний зүгээс 3 арга хэмжээг авна. Ерөнхийлөгчид хориг тавь гэдэг албан бичгээ хүргүүлнэ. Үндсэн хуулийн цэцэд өгдөг улиг болсон бичгээ өгнө.
 
 
Ингээд өөрсдийн үг, үзэл бодлоо талбай дээр гарч илэрхийлнэ. Цахим хөгжлийн сайдыг огцрохыг шаардана. Дагаад ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг огцрохыг шаардана. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардана.
 
 
Засгийн газар иргэдийнхээ мөнгийг нь булаалаа. Ажлын байрыг нь булаалаа. Бензинийг нь булаалаа. Гадаадад гарах визийг нь булаалаа. Үүний дараа монголчуудад юу үлдэх вэ? Эхэнд нь үг байсан. Эцэст нь ч бас бидэнд ганц үг л байгаа юм биш үү? Бусад бүх зүйлээ булаалгалаа. Амьдрах орчноо, улсын төсвөө булаалгалаа. Байгалын баялгаа булаалгалаа. Гадагшаа явах мөрөөдөлтэй виз нь гардаггүй залуус, цалингаа аваад тэр өдөртөө дуусдаг хүмүүс, цалин нь цагтаа буухгүй бол чанаргүй зээлэнд ордог иргэд л болж хувирлаа. " гэсэн юм.
 
 
М.Чой