sonin.mn
ИСЛАМАБАД. /VOA/. Өнгөрсөн онд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр нүүрлэсэн үерийн гамшигт нэрвэгдсэн Пакистаныг сэргээн босгоход дэмжлэг үзүүлэх зорилго бүхий олон улсын бага хурал даваа гарагт болно.
 
Пакистан, НҮБ-ын талуудын Швейцарын Женев хотноо зохион байгуулах бага хуралд төр, засгийн тэргүүн нар, олон улсын санхүү, хөгжлийн байгууллагын төлөөлөгчид тэргүүтэй 40 орны төлөөлөл оролцоно гэж зохион байгуулагчид мэдээлжээ.
 
Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шариф, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш нар эвдэрч сүйдсэн дэд бүтцийг уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд тэсвэртэй байдлаар сэргээн босгож засварлахад зориулж ойролцоогоор 16.3 тэрбум ам.долларын тусламж дэмжлэг эрэлхийлж байна. НҮБ-ын мэдээлснээр, Пакистанд 2022 онд хүчтэй аадар бороо үргэлжлэн орсны улмаас нүүрлэсэн үерийн гамшгийн улмаас нийт нутгийн гуравны нэг нь усанд автаж, 33 сая хүн нэрвэгдсэнээс гадна 1700 орчим хүн амиа алдаж, найман сая хүн орон гэрээ орхин явахаас өөр аргагүйд хүрчээ.
 
Үерийн улмаас хоёр сая гаруй хүн орон гэргүй болж, үр тариа сүйдэж, олон мянган км авто зам, төмөр зам зэрэг амин чухал дэд бүтэц эвдэрч сүйдсэн байна. А.Гутерриш Пакистаны үерт нэрвэгдсэн бүс нутгуудад есдүгээр сард айлчилж, нөхцөл байдалтай биечлэн танилцсан юм.
 
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Пакистан дахь суурин төлөөлөгч Кнут Остби даваа гарагт болох бага хурлын өмнө хэлсэн үгэндээ, дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлт эрчимжиж байгаагаас шалтгаалан байгалийн гамшигт үзэгдэл нүүрлэсэн гэдгийг тодотгосон байна.
 
Үерийн ус одоогийн байдлаар ерөнхийдөө татраад байгаа боловч гамшгийн дараах олон улсын дэмжлэгтэй судалгаагаар Пакистаныг сэргээн босгоход урт хугацаанд 16.5 тэрбум ам.долларын дэмжлэг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.
 
Пакистан, НҮБ-ын төлөөлөгчдийн мэдээлж буйгаар, өдгөө олон сая хүүхэд үерийн бохир, тогтсон усны орчимд амьдарч байгаа нь амь нас, эрүүл мэндийг нь эрсдэлд оруулж байна. “Байгалийн гамшигт үзэгдлээс үүдэлтэй үр дагавар нь ойролцоогоор есөн сая хүнийг ядуурал руу түлхэж болзошгүй гэсэн тооцоог бид гаргасан. Пакистанд нүүрлэсэн үерийн гамшиг бол дэлхий дахины асуудал. Иймд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ийм гамшиг аль ч улс оронд тохиож болзошгүйг харгалзан зохистой алхмыг хэрэгжүүлэх хэрэгтэй” гэж К.Остби тэмдэглэжээ.  
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг