sonin.mn
ВАШИНГТОН. /TASS/. Мягмар гарагт АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим гурав дахь удаагийн оролдлогоор спикерээ сонгож чадсангүй.
 
Хэдийгээр Бүгд Найрамдах нам Конгрессын доод танхимыг хянаж байгаа боловч тус танхим дахь намын бүлгийн дарга Кевин Маккартни хууль тогтоох байгууллагын шинэ бүрэлдэхүүний ажлын эхний өдөр явагдсан гурван шатны санал хураалтаар олонхын дэмжлэгийг авч чадаагүй байна.
 
Гурав дахь шатны санал хураалтын дүнгээр түүний гол өрсөлдөгч, Ардчилсан намаас нэр дэвшигч Хаким Жеффрис 212 хүний дэмжлэгийг авсан бол бүлгийн дарга өөрөө 202 санал авчээ. Төлөөлөгчдийн танхимын даргын сонгуульд ялахын тулд 218 санал авах ёстой юм.
 
Үүний сацуу гурав дахь шатны санал хураалтын дүнгээр бүлгийн даргаа дэмжээгүй Бүгд Найрамдах намын гишүүдийн тоо хоёр болон эхний шатанд 19 байсан бол 20 болж нэмэгдсэн байна. Тэд намынхаа өөр нэг гишүүн болох Жим Жорданыг дэмжжээ. 
 
АНУ-ын Конгрессын гишүүд сүүлийн 100 жилд анх удаагаа Конгрессын Төлөөлөгчдийн танхимын даргыг эхний шатанд сонгож чадсангүй. Хамгийн сүүлд 1923 онд ийм тохиолдол гарч байжээ. Тухайн үед Төлөөлөгчдийн танхимын даргыг сонгохын тулд есөн шатны санал хураалт явагдсан байна. Энэ удаад мөн нэр дэвшигчдийн аль нэг нь олонхын санал авах хүртэл сонгууль үргэлжилнэ. Төлөөлөгчдийн танхим АНУ-ын цагаар лхагва гаргийн үд дунд хуралдаанаа үргэлжлүүлнэ. Төлөөлөгчдийн танхимын даргыг сонгохоос өмнө шинэ бүрэлдэхүүн тангаргаа өргөж, хууль тогтоох үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжгүй аж.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг