sonin.mn
АН-ын гишүүн Ч.Өнөрбаяр, Ч.Отгочулуу, Ц.Оюундарь, О.Баасанхүү, М.Тулгат нар буюу саяхнаас "С.Эрдэнийн АН"-аас хөөгдөн гурав дахь АН болсон "Ц.Элбэгдоржийн АН-ынхан" мэдээлэл хийлээ.
 
Энэ үеэр Ч.Өнөрбаяр: " Болж буй үйл явцыг бүгд харж байгаа. Өнөөдөр төр, засаг, намууд клиентелизмээр өвчилсөн, биеэ үнэлэгчдийн  ардчилал болж хувирсан байна. Манай нам дотор ч ялгаагүй эрх мэдэлтэй гэсэн хэсэг буюу эрх баригчид дээр очиж, нэр төр, үнэт зүйл, зарчмаа худалддаг хүмүүсийн нам болж хувирсан. Иймээс Улс төрийн намын тухай хуулийг цэгцлэх цаг болсон байна. Нөгөөтэйгүүр төр засаг маань хулгайчдаа хайгаад завгүй байх шиг байна. Энд гайхаад байх зүйл байхгүй. Сүүлийн 8 жил МАН үнэмлэхүй засагласан.
 
Нүүрсний хулгайч нарыг Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ кабинет дотроосоо хайх хэрэгтэй. Та бүхний дунд л мөр зэрэгцээд сууж байгаа. Холоос хайгаад ерөөсөө хэрэггүй. 
 
Мөн УИХ дахь МАН-ын бүлэг бас хулгайч хайгаад байх шиг байна лээ. Энэ 62 дотроосоо хайх ёстой. Олонхи дотор л байгаа шүү дээ. Үүнийг булзайруулахын тулд бизнес эрхлэгч нар луугаа дайрдаг, ААН-үүд рүүгээ дайрдаг байж болохгүй. Сонгуулийн тогтолцоог өөрчлөхгүйгээр 2023 онд УИХ-ын ээлжит бус явуулаад юу ч өөрчлөгдөхгүй. Нүүрсний хулгайтай хийх тэмцлийг эрчимжүүлэх хэрэгтэй. Ерөнхий Сайдын мэдэгдлийг үзээд жаахан гайхсан. Би хүчрэхгүй байна аа, ард түмэнтэйгээ нийлж тэмцэе ээ гэж байна лээ.
 
Эд нарт одоо эрх мэдэл, хүч дутаагүй. Харин ийм хэмжээнд хүртлээ Засгийн Газар чадамжгүй болчихсон юм байна.
 
Энэ тохиолдолд Засгийн Газар огцрох ёстой. Ерөнхий Сайд нь чадахгүй байна гэж хэлж байхыг бодвол кабинет дотор нь л тэр нүүрсний хулгайч нар нь сууж байгаа. Бараг тэр Засгийн Газрын сайд нарын тал нь нүүрсний хулгайч. Үүнийг Л.Оюун-Эрдэнэ мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Иймээс л тэгж хэлсэн байх. Ажлаа хийж чадахгүй байгаа бол Засгийн Газар огцрох хэрэгтэй" гэв.
 
О.Чулуут