sonin.mn

АН-ын гишүүн, хуульч О.Баасанхүү мэдээлэл хийлээ.

Тодруулбал тэрээр: "Ардчилсан нам анх 20 их наяд төгрөгийн нүүрсний хулгайн талаар мэдээлж байсан. АТГ сайн ажиллаж байна. Хүний өөрийн гэхгүй шалгаж, 30 гаруй газар нэгжлэг хийж байгаа юм байна.  УИХ-ын нөлөө бүхий гишүүд, ялангуяа МАН-ын шударга 5 гэж хэлдэг хүмүүсийн асуудал нүүрсээр шалгагдахаар явагдаж байгаа юм байна. Зарим нь бүр хоригдчихсон байгаа. Гэхдээ нөгөө бусдыг гүтгэх, доромжлох, шантаалжилж сүрдүүлэх хуучин аргаараа, дээрээс нь үндэслэлгүй мэдээллээр олон нийтийг төөрөгдүүлэх зорилготой хэсэг бүлэг этгээдүүд байна.

 

Ялангуяа сүүлийн өдрүүдэд АН-ын лидер байсан С.Баярцогтын эсрэг зохион байгуулалттай гүтгэлгийг явуулж байна.

 

Үүнд бид удаа дараа тайлбар өгч байгаа боловч харамсалтай нь асар их мөнгө, хүн хүч үүнд зарж, захиалагч нь нөлөө бүхий буюу Хууль Зүйн Сайдын ранк байж болох этгээдүүд байна уу? гэж бид хардаж байна. Учир нь энэ хүмүүс хуулиас айхгүй, хүнийг үндэслэлгүй гүтгэсэндээ санаа зовохгүй байгааг нь гайхаж байна. Тухайлбал Өрөг.мн сайтын сэтгүүлч У.Болортуяа нь "Задлан" гэдэг нэвтрүүлэг хийхдээ 6 тэрбум төгрөгийг нэр бүхий 3 үсэгтэй компаниас авсан, 40 тэрбум төгрөгийг АН-ын ҮБХ-ы гишүүдэд тараах гэж байгаа гэдэг огт үндэслэлгүй мэдээллийг тараасан. Энэ үйлдэлдээ тайлбар хийхийг шаардаж, хууль хяналтын байгууллагаар шалгуулна. Хэдэн сарын хэдний өдөр тэр 6 тэрбум төгрөгийг, 3 үсэгтэй гэх ямар компани өгсөн юм? гэдэг нь тодорхой байгаа бол гаргаж тавих хэрэгтэй. 40 тэрбум гэдэг юун тоо гараад ирэв? АН-ыг шүүмжлэхийг бид зөвшөөрнө. Харин гишүүдийг нь гутаан доромжлохыг зөвшөөрөхгүй. Бусдыг гутаан доромжилж, гүтгэн доромжилдог биш, хууль засагладаг үе ирсэн тул хуулиар энэ асуудлыг шийдүүлнэ.

Бид дүрэм журмынхаа дагуу хурал, сунгаагаа хийгээд, удахгүй намын даргаа сонгоно. Үүнд АН-ын гишүүн бүх хүн өрсөлдөж болно, нээлттэй. Харин АН-ын гишүүн биш Х.Баттулга гэдэг хүн өрсөлдөх боломжгүй, тийм эрх байхгүй. АН-ын гишүүд хэнийг даргаа болгох, хэнээр удирдуулах нь энэ намын л асуудал. Гэтэл МАН-ынхан өөрсдийн хулгай, бузар булай, булхайгаа нуун дарагдуулахын тулд өөр намын асуудлыг хутгаж оруулж байгаад бид гайхаж байна. Д.Амарбаясгалан мэдээлэл хийхдээ Л.Оюун-Эрдэнэ бид хоёрын дунд яс хаялаа гэдэг хов живийн шинжтэй зүйл хэлсэнд гайхаж байна. Бүгдээрээ аливаа зүйлийг нотолгоотой, үндэслэлтэй, цаг хугацаатай, нотлох баримттай ярьж байя. С.Баярцогт 500 хоног шоронд хоригдоод, 3 шатны шүүхээр хэрэг нь цагаадсан.

Анх хэрэгт холбохдоо ч гүтгэлгийн шинж чанартай зүйлээр, тухайн үеийн УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан Швейцарьт очиход нь Швейцарьт улсын Ерөнхий Прокурор энэ хүнийг буруутгасан бичгийг өөрийн гараар өглөө гээд хэвлэлийн хурал хийж байсан. Тэр нь худлаа, үндэслэлгүй байсан. Дараа нь Швейцарь улсаас энэ хэрэг нь цагаадсан гэдэг нь ил тод болсон. Хэнийг ч хардах эрх нь нээлттэй. Түүнээс биш бүхэл бүтэн намыг, энэ намын хэн нь дарга болох, ямар удирдлагатай болох вэ? гэдэг зохион байгуулалттай, гүтгэлийн нэвтрүүлэг хийгээд, асар их мөнгө оролцуулаад, тарааж байгааг буруутгаж байна. Энэ сэтгүүлчийг хэн нэгэн захиалсан байна гэж хардаж байна. Захиалагчид нь хандаж хэлэхэд баримтуудаа гаргаж тавь. Бүгдээрээ хууль хяналт, шүүхийн байгууллага дээр уулзья. Нүүрсний хулгайтай холбоотой ноцтой юм явж байхад тэр анхаарлыг зориуд хольж хутгах гэсэн үйлдлээ боль. Эдний аргыг би мэднэ. Улстөрчдийн хэрүүл болгоод дуусгах гэдэг. Эсвэл хуулийн байгууллагын удирдлагыг солих гэдэг. Өмнө нь ЖДҮС-ын хулгай яригдахад АТГ, прокурортой солиод алга болгосон. Одоо нүүрсний хулгай яригдангуут АН-ын хэрүүл юм шиг ярьж байгаад цаагуураа тохироо хийх гэж байна уу, хулгай хийх гэж байна уу? нэг юм болох гээд байна." гэв.

 

М.Чой