сонин mn
СӨҮЛ. /France24/. БНАСАУ Японы дээгүүр баллистик пуужин харвасны хариуд БНСУ, АНУ-ын цэргийнхэн Япон тэнгис рүү газар газар ангиллын дөрвөн пуужин харважээ.
 
Цөмийн зэвсэгтэй БНАСАУ дунд зайн тусгалт баллистик пуужинг мягмар гарагт туршилтаар харвасан нь сүүлийн таван жилийн хугацаанд Японы дээгүүр хийсэн анхны туршилт болж, улмаар оршин суугчдад нуувчинд хоргодох анхааруулга өгөхөд хүргэсэн юм.
 
БНСУ, Америкийн цэргүүд түүний хариуд пуужингийн туршилт явуулсан гэж БНСУ-ын Штабуудын дарга нарын хорооноос лхагва гарагт мэдээлжээ. Уг мэдэгдэлд дурдсанаар, тал тус бүр АНУ-д үйлдвэрлэсэн “ATACMS” ойрын зайн тусгалтай хоёр баллистик пуужин харвасан байна. Үүнээс гадна БНСУ-ын “Hyunmoo-2” пуужинг харвасны дараахан эвдэрсэн ч ямар нэгэн хохирол учруулаагүй гэдгийг өөр мэдэгдэлд дурджээ.
 
БНАСАУ-ын туршилтыг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Японы Ерөнхий сайд Кишида Фүмио нар “эрс зэмлэн буруушааж”, Европын Холбоо “бодлогогүй, санаатайгаар өдөөн хатгасан үйлдэл” гэж тодорхойлсон бол НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш мөн зэмлэн буруушаагаад, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчсөн үйлдэл гэдгийг тэмдэглэсэн байна.
 
АНУ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг БНАСАУ-тай холбоотой асуудлаар лхагва гарагт хуралдуулах хүсэлт гаргасан боловч дипломатчдын мэдээлснээр, БНХАУ, ОХУ хэлэлцүүлэг явуулахын эсрэг байр суурьтай байгаа ажээ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг