сонин mn
СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ-ын цөмийн болон пуужингийн аюул занал өсөн нэмэгдэж буй энэ үед БНСУ-ын аюулгүй байдалтай холбоотой хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэхийн тулд Вашингтон чадах бүхнээ хийнэ гэж АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис пүрэв гарагт мэдэгджээ.
 
К.Харрис хоёр Солонгосыг заагладаг цэрэггүй бүсэд очсоныхоо дараа ийнхүү хэлсэн байна. Тэрбээр Японоос пүрэв гаргийн өглөө БНСУ-д хүрэлцэн ирсэн бөгөөд түүнийг ирсний дараа БНАСАУ энэ долоо хоногт хоёр дахь удаагаа пуужин харвасан юм.
 
БНАСАУ-аас учрах аюул занал өсөн нэмэгдэж байгаа тухайд К.Харрис хэлэхдээ, БНСУ, АНУ “энэ асуудлаар байр суурьтай байгаа”-г цохон тэмдэглэжээ. Тэрбээр цэрэггүй бүсэд очихын өмнө Америкийн цэргүүдэд урам зориг өгөхөөр “Кэмп Бонифас” цэргийн баазад зочилсон байна.
 
АНУ-ын дэд Ерөнхийлөгч цэргүүдэд хандан хэлсэн үгэндээ, “Та бүхэн маш шаргуу ажиллаж байгаа. Өндөр ур чадвар, сахилга баттай та бүгд бидний үүрэг амлалтыг бодит үйл хэрэг болгож байна. Тиймээс та бүгдэд талархаж буйгаа илэрхийлье” гэсэн байна.
 
Үүний өмнө К.Харрис Сөүл хотноо жендэрийн тэгш байдлын талаар хэлэлцэхээр БНСУ-ын эмэгтэй манлайлагчидтай уулзжээ. Жендэрийн тэгш байдал нь АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны дотоод болон гадаад бодлогын гол чиглэлд багтаж байгаа юм. Энэхүү уулзалтад уран гулгагч Ким Юна, “Naver” компанийн гүйцэтгэх захирал Чой Со Ён, “Оскар”-ын шагналт жүжигчин Юн Ю Жон, Солонгосын эмч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Байк Хён Ук тэргүүтэй төлөөлөгчид оролцсон байна.
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг