sonin.mn
ПЁНЬЯН. /Yonhap/. “Манай улс цөмийн зэвсгээс хэзээ ч татгалзахгүй бөгөөд түүнийг АНУ-тай цөмийн зэвсгээс ангижрах хэлэлцээний хэрэгсэл болгох ашиглахгүй” гэж БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун энэ долоо хоногт болсон парламентын хуралдааны үеэр мэдэгдсэнийг тус улсын төрийн мэдлийн хэвлэл өнөө өглөө уламжилжээ.
 
 
Пёньян мөн Ардын дээд хурлын хоёр өдрийн хуралдааны үеэр “улс орон руу нь халдан довтолсон тохиолдолд автоматаар цөмийн цохилт өгөх” шинэ хууль баталсан гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлсэн байна.
 
 
“Бид цөмийн зэвсгээс хэзээ ч татгалзахгүй, цөмийн зэвсгээс бүрэн ангижрах ямар ч боломжгүй, түүнийг тохиролцооны хэрэгсэл болгон ашиглахгүй” хэмээн Ким Жөн Уны хэлснийг “KCNA” агентлаг эш татан мэдээлжээ. Тэрбээр мөн АНУ-ыг цөмийн хүчин чадал, өөрийгөө хамгаалах эрхээсээ татгалзах шахалт үзүүлж, Умард Солонгосын дэглэмийг унагахыг эрмэлзэж байна гэж буруутгасан байна.
 
 
Ким Жөн Ун хатуу хориг арга хэмжээ авах замаар БНАСАУ-ыг цөмийн зэвсгээсээ татгалзах шахалт үзүүлж байна хэмээн АНУ-ыг шүүмжлэхийн сацуу үүнийг “буруу шийдвэр, буруу тооцоолол” гэж нэрлээд “зуу зуун жилд” ч үр нөлөөгөө өгөхгүй гэж хэлжээ. БНАСАУ мөн цөмийн зэвсгийн талаар баримтлах бодлогын тухай шинэ хуулийг баталж, энэ нь “одоогийн нөхцөл байдлын хууль ёсны шаардлага” бөгөөд цөмийн зэвсэгтэй улсын байр сууриа цаашид бэхжүүлэх хүчтэй хууль эрх зүйн баталгаа болно гэжээ.
 
 
Шинэ хуулийн дагуу цөмийн хүчний команд удирдлагын систем нь “дайсагнагч хүчний” халдлагад өртөх аюулд орсон тохиолдолд өдөөн хатгасан эх сурвалжийг устгахын тулд цөмийн цохилтыг шууд автоматаар хийж болно гэж “KCNA” мэдээлсэн байна. БНАСАУ-ын удирдагч шинэ хуулийн тухайд хэлэхдээ, цөмийн зэвсгийн бодлогыг хуульчлах нь “цөмийн хүчин чадлынхаа талаар цаашид ямар нэгэн тохиролцоо хийхгүй байх шугамыг татахад ихээхэн ач холбогдолтой” гэдгийг онцолжээ.
 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг