sonin.mn
ИЕРУСАЛИМ. /Al Jazeera/. Палестин-Израилын мөргөлдөөний бүсэд гал зогсоох хэлэлцээр ням гаргийн 23:30 цагаас хэрэгжиж эхэлжээ. Талууд Египет улсын гаргасан хүчин чармайлтын үр дүнд түр эвлэрсэн байна. 
 
Израилын батлан хамгаалах хүчин Палестины хэт давруу үзэлтнүүдийн “Исламын жихад” бүлэглэлийн эсрэг “Үүрийн гэгээ” ажиллагаа эхлүүлснээ өнгөрөгч баасан гарагт зарласан юм. Хэт давруу үзэлтнүүдийн байрлал, тэдний байрладаг газрууд, газар доорх зэвсгийн үйлдвэр, агуулахуудад их буугаар мөн агаараас цохилт өгсөн байна. Үүний хариуд палестинчууд Израилын нутаг дэвсгэр лүү мянга орчим пуужин харважээ. 
 
“Исламын жихад” бүлэглэлийн толгойлогч Зияд Наххалягийн хэлснээр, боловсруулсан гэрээнд "ямар ч нууц заалтууд байхгүй байна". "Эзлэн түрэмгийлэгч эрх баригчид өөрсдийн болзлыг бидэнд тулгаж чадаагүй" гэж тэр онцлон тэмдэглээд, "палестинчууд Израилын түрэмгийллийг сөрөн зогсоход илт амжилтад хүрсэн" гэж мэдэгджээ
 
Наххаля хэлэхдээ, “Исламын жихад”-ын дайчдын олзлогдсон хоёр командлагч болох Халил аль-Аварида, Бассам аль-Асаади нарыг Израилын талаар суллууна гэж Египетийн зуучлагч амлалт өгсний хариуд түүний байгууллага түр эвлэрэхийг зөвшөөрсөн гэсэн байна. 
 
Гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхлэхээс хэдхэн минутын өмнө талууд харилцан цохилт өгсөн байна. Тодруулбал, Израилын Агаарын цэргийн хүчин Хиттин, Хан-Юнес хотууд руу довтолсон бол хэт давруу үзэлтнүүд Израил руу миномётоор хэд хэдэн удаа гал нээжээ. Газын зурвасын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, ням гарагт Израилын дайралтад өртөж амиа алдсан хүний тоо 43-т хүрсний дотор 15 хүүхэд, 4 эмэгтэй байгаа бөгөөд  311 хүн шархадсан байна.
 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг