sonin.mn
МОСКВА. /interfax/. Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиеев тус улсын бүрэлдэхүүнд багтдаг Бүгд Найрамдах Каракалпакстан Улсын нутаг дэвсгэрт наймдугаар сарын 2-ныг хүртэл онц байдал тогтоожээ. Энэ тухай тус улсын төрийн тэргүүний хэвлэлийн алба бямба гарагт мэдээлсэн байна.
 
Каракалпакстаны нийслэл Нукус хотод өнгөрсөн баасан гарагт эсэргүүцлийн жагсаал болж, үймээн самуун гарчээ. Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиеев Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулахдаа тус бүс нутгийн тусгаар тогтнох эрхийг хасахыг санал болгосон нь үймээн самуун гарах шалтгаан болсон байна. 
 
Бямба гарагт Ерөнхийлөгч Мирзиеев үймээн гарсан бүс нутагт биечлэн очиж, Үндсэн хуулийн өөрчлөлтөд Каракалпакстаны Узбекистаны бүрэлдэхүүнээс гарах эрхийг хэвээр үлдээхээ амлажээ.
 
Узбекистаны Ерөнхий прокурорын газраас мэдээлснээр, мөргөлдөөний үеэр олон мянган жагсагч, хууль сахиулагч гэмтэж бэртэж, 18 хүн амиа алдсан байна. 
 
ЗХУ-ын үед Каракалпакстаныг өөртөө засах муж болгон Хорезмын Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Улс, дараа нь Киргизийн Өөртөө засах Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Улсын бүрэлдэхүүнд оруулжээ.  Харин 1936 онд Узбекистаны бүрэлдэхүүнд орсон байна. ЗСБНХУ задран унасны дараа Узбекистаны бүрэлдэхүүнд үлдсэн боловч тус улсын бүрэлдэхүүнээс гарах эрхийг авчээ.
 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг