sonin.mn
Говь-Алтай аймгийн Шарга сумын нутаг Ээвийн голын 66,24 у/м төмөр бетон гүүрийн барилгыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар байгуулан өчигдөр /2022.06.15/  ашиглалтад орууллаа. Нээлтэд Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, гүйцэтгэгч "Тоёо" ХХК-ийн удирдлага, инженер техникийн ажилчид, хяналтын зөвлөхөөр ажилласан Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын төлөөлөгчид, Говь-Алтай аймгийн удирдлага, зочид төлөөлөгчид, нутгийн иргэд оролцов.
 
Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд "Зам, тээврийн хөгжлийн яамны захиалгаар Ховд-Алтай чиглэлийн авто замын хөдөлгөөний гол хэсэг болсон Ээвийн голын гүүрийг нэг жилийн хугацаанд барьж, ашиглалтад хүлээлгэн өгч буй "Тоёо" ХХК, хяналт зөвлөхөөр ажилласан Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ынхандаа талархал илэрхийлье. Бид бүхний зорилго бол ард иргэдээ аюулгүй, ая тухтай зорчих авто зам барих. Өргөн, уудам нутаг дэвсгэртэй Монгол Улсдаа  олон зам зэрэг барих хүчин чадал хомс ч гэлээ шат дараатайгаар жил бүр барьж байгуулсаар байна. Үүний хүрээнд Загастайн давааны замын гүйцэтгэл 98 хувьтай, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих Алтай-Улиастай чиглэлийн 198 км замын төслийг эхлүүлээд байна. Авто тээвэрчид, авто замчдын алтан шар зам өлзийтэй байж, ард иргэд минь энэ замаар амгалан тайван, ая тухтай зорчоорой гэж хүсье" хэмээн хэллээ. 
 
Тус гүүрийн байгууламж нь 66,24 метр урттай, 10 метрийн өргөн, 2 эгнээ урсгал, явган хүний замтай юм.
 
Гүүр барихаас өмнөх үеийн зорчих хэсэг
 
Гүүрээр зорчиж буй тээврийн хэрэгслүүд
 
Нутгийн иргэд